Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн ******* суманд ******* оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19-р хороо, ******* 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн ******* овогт ******* ******* //

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Түнх өртөөний вокзал дотроос иргэн гээгдэл эд хөрөнгө болох Samsung galaxy-А14 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлж завшин 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 22-23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон Улаанбаатар төмөр замын “Түнх” өртөөний вокзал дотор хохирогч гээгдүүлсэн Samsung galaxy-А14 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, мөрөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/

Арвижих–Эстимейт ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №01/88 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 19 дүгээр хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-ийн 25 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд Түнхэл тосгонд өөрийн танил хамт ажилладаг дүү Баярсайханыд гэр бүлийн хамт ирээд өндөр Цэнгэл гэх хүний шовгорт очоод хоол, цай идчихээд тоглож сууж байгаад архи, пиво ууж сууж байсан чинь 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос граш таглаад тавьчихсан байна, машинаа холдуулаарай гээд хүн залгахаар нь ТҮнхэл тосгоны вагон вокзал дээр очоод сууж байсан чинь 45 орчим насны 1 хүүхэн байхаар нь юм яриад сууж байтал гаднаас 40 орчим насны 1 залуу орж ирээд юм яриад сууж байхад орж ирсэн хүүхэн гараад явсан. Би нөгөө орж ирсэн залуутай юм ярьж сууж байгаад гараад явсан чинь халаасанд утас байхгүй болчихсон байхаар нь өртөөний жижүүрт мэдэгдэж, цагдаа руу дуудлага өгөөд цагдаа нар ирээд камер шүүж өгөөд намайг байрлаж байсан шовгорт хүргэж өгөөд явцгаасан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :...Би тухайн өдөр 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 19 цаг 30 минутад ээлжийн ажилтай Түнх өртөөнд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цагийн 263-р галт тэрэгний суудлын дараа 23 цаг өнгөрөөд 40 орчим насны эрэгтэй хүн өртөөнд орж ирээд “Шонхор луу явах гэсэн юмаа, надад утас байдаггүй, ээжтэйгээ ярих гэсэн юм, яриулаад өгөөч” гээд гуйхаар нь ажлын 02364744006 дугаартай утаснаас ээжийнхээ утас руу залгаад ярьчхаад яваад өгсөн. Удалгүй 00 цагийн орчимд нэлээн согтолттой 40 орчим насны хүн орж ирээд “би утсаа алга болгочихлоо, танай байгууллага дээр цагдаа дуудаад өг” гэж хэлэхээр нь цагдаа дуудаж өгөөд хүлээлгэж өгөөд явуулсан. Эхлээд орж ирж ажлын утсаар ярьсан нүдний шилтэй намхандуу залуу хүн хүлээгээд очих газаргүй байна гэж байгаад гэнэт алга болсон болохоор тухайн хүнийг сэжиглэж байна.Суудал хүлээж зогсож байсан эмэгтэй ч бас тэр хүнийг сэжиглээд байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 58 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2332000000106 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завших” гэмт хэргийг үйлдэж амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэг” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч эд хөрөнгийн эрхэд учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрт учирсан 600000 төгрөгийн үнэ бүхий  Samsung galaxy-А14 загварын гар утсыг буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 22-23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон Улаанбаатар төмөр замын “Түнх” өртөөний вокзал дотор хохирогч гээгдүүлсэн Samsung galaxy-А14 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 09 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 09/ес/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Намнандорж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ