Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01119

 

 

Д.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02849 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2364 дүгээр магадлалтай,

Д.Нн нэхэмжлэлтэй

Г.Л, “Л-У” ХХК, “З-О” ХХК, С.Б нарт холбогдох

2019.10.09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Г.Л нь “Л-У” ХХК-д 2019.10.10-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр авсан үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг “Л-У” ХХК болон “З-О” ХХК-д даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-0000000000, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Н, 0000000000 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч Д.Н мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Г.Лын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Г.Л, түүний өмгөөлөгч Ч.Энхжин, хариуцагч “Л-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Н нь Г.Л, “Л-У” ХХК, “З-О” ХХК, С.Б нарт холбогдуулан 2019.10.09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Г.Л нь “Л-У” ХХК-д 2019.10.10-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр авсан үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг “Л-У” ХХК болон “З-О” ХХК-д даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-0000000000, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Н, 0000000000 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч Д.Н мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02849 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Нн хариуцагч Г.Л, Л-У ХХК нарт холбогдох 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Г.Лаас “Л-У” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-0000000000, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 0000000000 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай, “Л-У” ХХК болон “З-О” ХХК нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг даалгах тухай, хариуцагч С.Бд холбогдох 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Г.Лаас “Л-У” ХХК-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2364 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02849 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г.Л хяналтын гомдолдоо: ...Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: 1. Д.Н нь анх өөрийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлт гудамж 83 тоотод байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот хаягт байрлах 6172 м.кв газрын эзэмшигч байхдаа өөрийн өмчийг бусдад худалдах, шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг “П И” ХХК-д итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлийн дагуу “П И” ХХК-аас Г.Лын өмчлөлд шилжсэн. Г.Лын хувьд Д.Нтэй ямар нэгэн эрхзүйн харилцаан оролцоогүй. Д.Нгээс “П И” ХХК-д олгосон итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр, тухайн итгэмжлэлээс үндэслэн улбаалж Г.Лын өмчлөлд шилжин ирсэн байхад “П И” ХХК-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулалгүйгээр ямар ч эрхзүйн харилцаан оролцоогүй Г.Лтай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. 2. Мөн маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нар нь Д.Н, Б.Баяржаргал, Б.Нямтулга нар байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Баяржаргалаас Д.Нд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгогдсон харин нөгөө өмчлөгч болох Б.Нямтулгаас итгэмжлэл олгоогүй, өөрөө ч шүүх хуралдаанд оролцож байгаагүй, Б.Нямтулгын эрх ашгийн талаар огт дурдагдаж байгаагүй, зөвхөн Д.Нн өмч хөрөнгө мэтээр яригддаг байсан. 3 өмчлөгчтэй байсан эд хөрөнгө, нэг өмчлөгчийн төлөөлөх эрх огт байхгүй учир зөвхөн Д.Нн өмч болохыг тогтоох ямар ч боломжгүй. 3. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байдаг тул бусад өмчлөгч нарыг төлөөлөх эрхтэй эсэх, буцаан шилжүүлэхийг даалгаж буй газрын өмчлөгч нь гэдгийг нотлох баримт зэргээ өөрөө гарган өгөх үүрэгтэй. Нэгэнт өөрөө баримтаа гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтыг тодруулаагүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж, заавал тодруулах ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Г.Лын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Г.Л, “Л-У” ХХК, “З-О” ХХК, С.Б нарт холбогдуулан

- 2019.10.09-ний өдрийн Г.Л болон “П И” ХХК-ийн хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр авсан үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах,

- Г.Лаас “Л-У” ХХК-д 2019.10.10-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг “Л-У” ХХК болон “З-О” ХХК-д даалгах,

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-0000000000, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 801808136 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч Д.Н болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүрийг эрх зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүйгээс гадна маргааны зүйлийг тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй алдааг нэмж дүгнэх шаардлагатай гэж үзэв. Тухайлбал:

8.1. Нэхэмжлэгч Д.Н нь бусад өмчлөгч нарын хамт 2019.09.29-ний өдөр агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээ захиран зарцуулах эрхийг “П И” ХХК-ийн захирал Ч.Тамирт итгэмжлэлээр олгосон,  “П И” ХХК нь 2019.10.09-ний өдөр Г.Лтай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Г.Лд шилжсэн ба нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй үндэслэлээ түлш худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бусдын өмчлөлд түр шилжүүлсэн болохоос худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан, харин хариуцагч Г.Л нь энэ үндэслэлийг маргаагүй, нэхэмжлэгч нь худалдаж авсан 70,400 л түлшний үнэ 130,240,000 төгрөгийг төлсөн нөхцөлд барьцааг чөлөөлж үл хөдлөх хөрөнгийг буцааж шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж мэтгэлцсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй, маргааны зүйлийг олж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл Д.Н болон Г.Л нар нь хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, харин бодит байдалд түлш худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулах зорилгоор Г.Л нь Д.Нн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг аль аль нь шүүхэд мэдүүлсэн буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсэх уг үндэслэлд анхан шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

8.2. Нөгөө талаар нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Г.Лаас худалдан авсан түлшний үнэ 130,240,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх эсэх энэ талаар барьцаалагч “З О” ХХК ямар байр суурьтай байгааг тодруулах, маргааныг зохистой шийдвэрлэхэд шүүх мэтгэлцэх эрхийг хангах, процессыг удирдан чиглүүлэх үүргээ биелүүлэх шаардлагатай гэж үзнэ.

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүрийг дүгнэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч нь “П И” ХХК-д олгосон итгэмжлэлээ хэрхэн үзэж байгаа, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаа гэрээний талуудад бус яагаад зөвхөн хариуцагч Г.Лд холбогдуулж байгааг тодруулах нь зүйтэй болно. Иймд хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2364 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Лын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 391,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД