Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0125

 

2020 оны 02 сарын 13 өдөр Дугаар 128/ШШ2020/0125 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С с ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: С с ХХК-ийн Х\/-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С с ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С с ХХК нь Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүтийн хөтөл нэртэй газарт, 683.94 га талбай бүхий ХV-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт, болон дуудлага худалдаагаар өндөр үнээр авч 2016 оны 05 дугаар сарын 26-наас хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, тайлан мэдээг хугацаанд нь өгч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн болно.

Манай компани нь дээрх хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг удирдлага болгон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд Мэргэшсэн шинжээч, мэргэжилтний баг хамт олныг бүрдүүлэн ашигт малтмалын хайгуулын ажлыг эхлүүлэн Геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, ашигт малтмалын хуримтлал байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор геологийн судалгааг тодорхой үе шаттайгаар хайгуулын цогц ажлыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар хийж ирсэн.

Манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, дулааны улирал богино, сүүлийн хэдэн жилүүдэд гадаад дотоод нөхцөл байдал муудсан гэдгийг та бүхэн бэлхнээ мэдэх биз ээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаанд тухайн талбайн иж бүрэн судалгаа үнэлгээг өгч амжаагүй, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Ашигт Малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 заалтыг үндэслэн 1 дахь удаагаа Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүтийн хөтөл нэртэй газарт олгогдсон Х\/-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах гэж байсан боловч дараах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газарт сунгуулах хүсэлтийг дараах шалтгаанаар хүргүүлэх боломжгүй байсан болно. Үүнд:

1. Компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Ч овогтой Н нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 21 хоногийн хугацаатай зүрхний хэм алдагдах, даралт ихсэх оноштойгоор Гэгээн мандал эмнэлэгт, эмчийн хяналтад хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд хуулийн хүрээнд компанийн хувьцаа эзэмшигчид хуралдах боломжгүй, зөвшөөрлийг авах боломжгүй, түүнчлэн компанийн тамга тэмдэг ашиглах боломжгүйн улмаас манай компанийн зүгээс хуулийн хугацаанд холбогдох материалыг бүрдүүлсэн боловч дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд /1 сарын өмнө/ өгч чадсангүй.

2. Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасанчлан Төв аймаг, Баянцогт сумын нутагт орших ХV-020... тоот тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг цаг хугацаандаа бүрэн төлсөн, байгаль хамгаалах төлөвлөгөөг хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажлыг гүйцэтгэсэн тухай болон бусад геологи хайгуулын ажлын талаарх тайланг цаг тухайн үед нь Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан батлуулж, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын газруудаар батлуулсан байдаг.

Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ХV-020... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр холбогдох материалын хамт хүргүүлсэн боловч Ашигт Малтмал, Газрын тосны газрын дарга Х.Х нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/4837 тоот албан бичгээр Ашигт Малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан ирүүлээгүй байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын, Кадастрын хэлтэс манай хэлтэс хугацаа дууссан тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хүсэлт хүлээх авахгүй учраас Ашигт Малтмал, газрын тосны газрын даргад хандан шийдвэрлүүлэх ёстой гэсэн хариултыг өгсөн байдаг.

Иймд манай компанийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаас өөр аргагүй байдалд хүрээд байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга Д.Д ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших Шүүтийн хөтөл нэртэй 683.94 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 20...Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С с ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2. үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4. хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасан.

С с ХХК нь ашигт малтмалын хайгуулын 20...Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг дээр дурдсан хуулийн хугацаанд ирүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасныг тус тус үндэслэн С с ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 20...Х дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн байна.

Иймд С с ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С с ХХК нь шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан С с ХХК-ийн Х\/-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 345 дугаар шийдвэрээр С с ХХК-д Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүтийн хөтөл нэртэй газарт, 683.94 га талбай бүхий ХV-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэсний дагуу 3 жилийн хугацаагаар олгожээ.

С с ХХК-ийн эзэмшлийн Х\/-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусах ба дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгах хүсэлтээ захиргааны байгууллагад хүргүүлэхээр Ашигт малтмалын тухай хуулинд заасан.

Нэхэмжлэгч С с ХХК-ийн захирал Ч.Н хуулинд заасан хугацаанд сунгах хүсэлтээ хүргүүлээгүй шалтгаанаа ...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 21 хоногийн хугацаатай зүрхний хэм алдагдах, даралт ихсэх оноштойгоор Гэгээн мандал эмнэлэгт, эмчийн хяналтад хэвтэн эмчилгээ хийлгэсэн учир компанийн хувьцаа эзэмшигчид хуралдах, зөвшөөрлийг авах боломжгүй, түүнчлэн компанийн тамга тэмдэг ашиглах боломжгүйн улмаас хуулийн хугацаанд холбогдох материалыг бүрдүүлсэнч дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд /1 сарын өмнө/ өгч чадаагүй гэж тайлбарлах боловч энэ талаар хангалттай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил тутам сунгадгийг мэдээгүй, тухайн үед анзаараагүй хайнга хандсан... гэх тайлбарыг өгснөөр хууль мэдэхгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуулинд заасан үүргээ биелүүлээгүй байдлыг зөвтгөх боломжгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтуудыг хавсаргана гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлахад Төв аймгийн Баянцогт сумын нутагт байрлах XV-020... тоот Шүүтийн хөтөл нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2019 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан, мөн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт, 06 дугаар сарын 24-ний өдөр хугацаа сунгуулах өргөдлийн үйлчилгээний төлбөрийг тус тус төлсөн нь тогтоогддог бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах К-4 маягтыг бөглөж, холбогдох материалуудыг хавсарган хүргүүлээгүй гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Харин нэхэмжлэгч С с ХХК-аас Ашигт малтмал газрын тосны газарт 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хүсэлт гаргах тухай А/989 тоот албан бичгийг хүргүүлсний хариуд хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/4837 тоот албан бичгээр Танай компаний зүгээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Кадастрын хэлтэст ирүүлээгүй байна. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгч, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийн санд тэмдэглэсэн үйлдлийг буруутгах боломжгүй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг ... гаргана, 53 дугаар зүйлийн 53.1.1тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн С с ХХК-ийн эзэмшлийн Х\/-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн С с ХХК-ийн эзэмшлийн Х\/-020... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА