| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0423/З |
| Дугаар | 221/МА2026/0446 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0446
"М"-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0463 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: "М"
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д
Хариуцагч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0423/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0463 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 004467* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай "М"-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Уг шийдвэрийн үндэслэл нь "М" нь дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдан борлуулах зорилготой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлсийг хориглоно гээд 21.1.3-т онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх гэж зааснаар онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг хориглосон ба худалдсан тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байх тул эрх бүхий этгээдээс шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.
2.2. Учир нь тухайн хураагдсан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнүүд нь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүрийн өөртөө үйлчлэх лангуун дээр өрөгдсөн бараа бөгөөд тухайн үед нь дэлгүүрийн зүгээс мэдэж, лангуунаас буцаан татаж авах, худалдан борлуулахгүйгээр нийлүүлэгчид мэдэгдэж буцаалт хийлгэхээр хандсан байсан бөгөөд энэ талаарх байдлыг гэрчлэх тус дэлгүүрийн салбарын менежер, дотоод хяналтын менежер зэрэг хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ асуудлаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
2.3. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан "худалдсан, борлуулсан" гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин худалдан авагчийн өмчлөлд барааг шилжүүлэн өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг бусдад худалдсан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор заасан байтал дэлгүүрийн лангуун дээр байршсан байдлыг худалдсан, эсхүл борлуулсан үйлдэлтэй төсөөтэй ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна" 1.1-д "Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх" 1.3-д "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх" гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг хангасан гэдгийг нотлох баримтаар тогтоох ёстой. Гэтэл манай компани согтууруулах ундааг худалдан борлуулсан нь тогтоогдоогүй байхад худалдсан гэж үзэж зөрчлийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д "Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 1.5- д Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах, 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" хэмээн тус тус заасан. Гэтэл Зөрчлийн хэргийн материалд авагдсан 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж нийт 17 хоногоор сунгаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны сунгасан хугацааг дуусгавар болсноос хойш 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-д "Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна" гэж заасныг болон хуулиар тогтоосон хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журмыг зөрчсөн гэж үзэж байна.
2.5. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээч нарыг томилсон бөгөөд хавтаст хэргийн 65-69 дүгээр талд байрлах шинжээч томилсон тогтоолуудаас харахад шинжилгээнд өгсөн согтууруулах ундааны зүйл архинд акц байсан эсэхийг гэдэг асуулт тавигдсан. Үүнд шинжээч нар ямар ч хариулт өгөөгүй байна. Энэхүү шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж торгууль оногдуулсан байдаг. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Татварын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтран зохион байгуулсан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Цахим-Архи худалдаа” хяналт, шалгалтын ажлын явцад 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "М"-ийн дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйлийг борлуулсан зөрчил гаргасан болох нь илэрч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 260600108* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
2.2. Улмаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.М2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 004467* дугаартай шийтгэлийн хуудсаар МХХК-д Зөрчлийн тухай хуулийн хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг худалдан, борлуулсан зөрчил үйлдсэн үндэслэлээр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
2.3. Гомдол гаргагч "М"-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 004467* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...согтууруулах ундаа худалдан борлуулсан нь тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан, дэлгүүрийн лангуун дээр байршсан байсныг худалдсан, борлуулсан үйлдэлтэй төсөөтэй тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан байна.
2.4. Анхан шатны шүүх “...согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий этгээдэд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч МХХК нь дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдан, борлуулах зорилготой гэж үзнэ” гэж дүгнэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.5. Учир нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно”, 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно”, 4.5-д “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна” гэж тус тус заасан.
2.6. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, "М"-ийн Баянзүрх дүүргийн **-р хороо Нарны зам хаягт байрлах М12*-р салбар дэлгүүрийн хэрэглэгчид өөртөө үйлчлэх зааланд 96 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйл өрсөн байдалтай байсан болох нь хяналт шалгалтын тэмдэглэл, хураан авсан акц тэмдэггүй согтууруулах ундааны жагсаалт, тухайн онцгой албан татварын тэмдэггүй барааны фото зургууд, шинжээчийн дүгнэлт, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.7. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно”, 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;” гэж заасан, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг худалдан, борлуулсан бол арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох талаар зохицуулсан тул заасны дээрх хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.
2.8. Харин зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан тул дэлгүүрийн хэрэглэгчийн өөртөө үйлчлэх хэсэгт онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйлүүдийг байрлуулсан байсныг худалдан борлуулах зорилгогүй, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй ийнхүү дүгнэх нь Зөрчлийн тухай хуулийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан Хууль ёсны болон Шударга ёсны зарчмуудад нийцэхгүй тул “...онцгой албан татварын акц, тэмдэггүй 96 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг дэлгүүрийн өөртөө үйлчлэх хэсгийн лангуун дээр өрсөн байсан нь худалдан борлуулсан үйлдэлд хамаарахгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.9. Гомдол гаргагчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа сунгах журмыг зөрчсөн“ гэх гомдлын тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно,” 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, мөн зүйлийн 2-т зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь хуульд зааснаас зөрүүтэйгээр хугацаа сунгах ажиллагааг явуулсан байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болох нийт хугацаа буюу 58 хоногийн хугацааг хэтрүүлээгүй, энэ нь шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА