Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305013951010 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-н автобусны буудал дээр зогсож байсан *** улсын дугаартай, Киа-5 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан ***, *** нартай “таксинд явсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогч *** гарыг барьж, баруун талын гар хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун шуу ясны сэлтэрсэн, баруун алганы 4-р ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн ах ***, ***ын шашны багш Батбаяр бид гурав 20 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-н хойноос урагш чиглэлтэй явдаг автобусны буудал дээр ах *** 91-94 улсын дугаартай цагаан өнгийн Киа-5 загварын тээврийн хэрэгсэлтэй ирж зогссон. ...манай ахын машинд үл таних 50-60 орчим насны 1 эрэгтэй миний ард талын хаалгыг онгойлгоод суучих, суучих гээд 2 үл таних 50-60 орчим насны эрэгтэйг суулгасан. Манай ах *** бид хоёр “ахаа явахгүй ээ, такси биш” гэж хэлтэл нөгөө хоёроосоо арай махлаг 177 см өндөртэй, цайвар царайтай богинохон саравчтай малгайтай эрэгтэй нь “та нар яагаад таксинд явдаггүй юм, одоо яв” гэж хэлээд ...харааж эхэлсэн. ...машин дотор сууж байсан 2 эрэгтэй бууж ирээд арай махлаг эрэгтэй нь миний мөрнөөс татаад бариад авсан. ...намайг түлхэх үед газар унасан. Нэг эрэгтэй нь босож ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед миний харааны нүдний шил хагарч, миний дээд, доод зүүн нүдний зовхи хэсгийг зүссэн. Дахиад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө миний гарыг бариад байсан махлаг, саравчтай малгайтай ах миний баруун талын гар хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...миний баруун гар хэсэг рүү махлаг, 177 см өндөртэй, жижиг саравчтай малгайтай, цайвар царайтай эрэгтэй хүн нэг удаа өшиглөж тухайн гэмтлийн учруулсан... гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...дүү бид хоёрыг манай шашны багш Батбаярыг хүлээгээд миний эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн машиндаа сууж байхад ...3 үл таних 60 орчим насны согтуу ах нар машинд гэнэт суугаад “таксинд яв” гээд маргаан хийсэн. Улмаар манай дүү *** болон намайг тухайн 3 эрэгтэй хүн зодох гэж дайрсан ба намайг махлаг, өндөр, буурал эрэгтэй нь нүүр хэсэг рүү цохиод миний шилийг хугалсан. Надаас жаахан зайтай манай дүү *** малгайтай, махлаг, 60 орчим насны эрэгтэй хүн цохиод, зодоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...согтуу хүмүүс ***, *** хоёрыг зодоод цохиод байхаар нь болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээчийн 3874 тоот дүгнэлтэд: “...*** биед баруун шуу ясны сэлтэрсэн, баруун алганы 4-р ясны хугарал, зүүн зовхи баруун хөхлөг сэртэнд зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун шуу ясны сэлтэрсэн, баруун алганы 4-р ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-н 48-49/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-7/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 8-19/, хохирлын баримтууд /хх-н 59-61/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 71-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-н автобусны буудал дээр зогсож байсан *** улсын дугаартай, Киа-5 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан ***, *** нартай “таксинд явсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогч *** гарыг барьж, баруун талын гар хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун шуу ясны сэлтэрсэн, баруун алганы 4-р ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч ***, гэрч ***, *** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч *** гар руу өшиглөж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** насанд хүрээгүй хохирогч *** өшиглөсөн үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу насанд хүрээгүй хохирогч *** эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн насанд хүрээгүй хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон ба шүүхэд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР