Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00546

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00546

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймаг дахь Төрийн аудитын газар //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Жупараягар овогт Ховдбайн С //,

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 2,618,800 /хоёр сая зургаан зуун арван найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00623/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, ерөнхий аудитор Х.Болдбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Сэд хөдөө орон нутагт ажилласан хугацааны мөнгөн тэтгэмжийг шалгуур нөхцөл хангаагүй буюу 2016, 2018 онуудад ажиллаагүй байхад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,818,800 төгрөгийг олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно" гэсэн заалтыг зөрчсөнд төлүүлэх төлбөрийн акт бичигдсэн.

Иймд иргэн Х.Сээс Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 2,618,800 төгрөгийг гаргуулан төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.С нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.С нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын нэхэмжилсэн Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаар актаар тогтоосон төлбөр 2,618,800 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь Х.Сэд холбогдуулан Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 2,618,800 /хоёр сая зургаан зуун арван найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 2,618,800 /хоёр сая зургаан зуун арван найман мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамж 56,851 /тавин зургаан мянга найман зуун тавин нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч Х.Сээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,425.5 /хорин найман мянга дөрвөн зуун хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Х.С нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Сэд холбогдох, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 2,618,800 /хоёр сая зургаан зуун арван найман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,618,800 /хоёр сая зургаан зуун арван найман мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамж 56,851 /тавин зургаан мянга найман зуун тавин нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч Х.Сээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,425.5 /хорин найман мянга дөрвөн зуун хорин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ