Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: С.Бичинхүү,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000048 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” нэртэй шөнийн цэнгээний газар иргэн ***ыг “бөөлжсөн” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, духанд зулгаралт, дээд уруулд шарх, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би эрүүл мэндээрээ ажил төрөл хийх боломжгүй болж хохирсон. Одоо болтол эрүүл мэндээрээ хохироод явж байна. Миний хамрын салст нь гэмтсэн, самсаа хэсэг нь гэмтэлтэй байгаа. Тухайн үед гаднах гэмтэл нь эдгэрсэн байсан. Хамрын хагалгаад 5-6 сарын дараа орох ёстой гэж хэлсэн ороогүй л явж байна. Цаашид хагалгаа хийлгэх төлбөрөө нэхэмжилж байна. Хагалгаа болон бусад эмчилгээний бүх төлбөр багтсан эмнэлгийн байгууллагын нэхэмжлэхийг гаргаж өгсөн байгаа” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны 01-02 цагийн орчимд дүү ***гийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кензо нэртэй бааранд ороод би 100 грамм виски авч уугаад сууж байтал манай эхнэр намайг авахаар ирсэн бөгөөд эхнэрийг ирэхээр нь би нэг шил виски аваад ганцаараа уугаад дээрээс нь 2-3 удаа татаад сууж байсан. Би сууж байхдаа ширээний булан руу жаахан бөөлжсөн байсан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал уг баарын хамгаалагч залуу намайг дуудаж байсан. Би очсон ...тухайн үед нилээн согтсон байсан. Яваад очтол уг хамгаалагч залуу намайг 00-д бөөлжлөө барилаа гээд хэрүүл уруул хийгээд зогсож байтал уг баарны ажилтан гэх залуу намайг бөөлжлөө гээд миний хамар руу нэг удаа маш хүчтэй цохисон. Би тэгээд ухаан алдаж унаад босоод ахин уг залуутай маргалдаад ...нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан. ...манай эхнэр уг намайг цохисон залууг чи яагаад согтуу хүн рүү маргалдаад байгаа юм бэ гээд түлхээд холдуулахад уг залуу нь ирээд миний нүүр рүү цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ууж байсан ширээнийхээ доор бөөлжөөд тэгэхээр нь би цэвэрлүүлэх гээд 00-н өрөө ороод гараад ирсэн чинь манай нөхөртэй 2 хамгаалагч “бөөлжөөд” гээд хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би танайх үйлчилгээний газар байж битгий хэрүүл уруул хийгээд бай, бөөлжиснийхөө төлбөр мөнгийг төлнө гээд би төлбөрийг нь хийх гээд нөхрөө үлдээгээд тооцоо хийгээд ирэхэд манай нөхрийн хамраас нь цус гоожчихсон, уруул ам нь сэтрээд хамар нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Шинжээчийн 105 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамрын ясны хугарал, духанд зулгаралт, дээд уруулд шарх, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Тус гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 32-33/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-15/, хохирлын баримтууд /хх-н 47-54, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-62, 69-84/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” нэртэй шөнийн цэнгээний газар иргэн ***ыг “бөөлжсөн” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, духанд зулгаралт, дээд уруулд шарх, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1.  Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1.  Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг “бөөлжлөө” гэх шалтгаанаар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүгдэгчээс хагалгаанд орох, эмчилгээ хийлгэх зардал 3.735.000 төгрөг нэхэмжилсэн, тухайн нэхэмжлийн талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байна.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй тул хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээ, эм тарианы зардал 390.000 төгрөг, тухайн гэмтлийн улмаас хагалаанд орох зардал 3.735.000 төгрөг /дээрх үнийн дүнд хагалгаанд орох, хагалгааны дараах үйлчилгээ зэрэг бүх зардал багтсан/ нийт 4.125.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хагалгаанд орох зардлыг төлөхийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***од үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхийн шатнаас оргож улмаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баривчлагдаж нийт 12 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 96 цаг нийтэд тустай ажил эдэлсэн тооцож, биечлэн эдлэх ялыг 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 96 цаг нийтэд тустай ажил эдэлсэн тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 4.125.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР