| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00630/И |
| Дугаар | 00548 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00548
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00548 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, Юүм овогт Очирхүүгийн А.. /../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, Төнхөн овогт У..ын Э.. /../-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00630/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А.. миний бие нь 2017 онд У.Э..той танилцан улмаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн .. тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.И.. нь төрсөн. У.Э.. нь гэр бүлээ байнга хэл амаар доромжлон айлган сүрдүүлж, агсам согтуу тавьж, үргэлж цохиж зодож дарамталдаг байсан ч нэг ч удаа цагдаа шүүхэд өгч байгаагүй. Тусдаа байх хугацаандаа үр хүүхдээ үл тоож нэг ч удаа мөнгө төгрөг өгөөгүй, хүүхэдтэйгээ ганц ч удаа утсаар яриагүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, зан харьцааны зохисгүй үйлдэл гаргадагийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү маань эх О.А..ийн асрамжинд амьдарч өсч торниж байна.
Иймээс цаашид хамтран амьрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.И..г миний асрамжинд үлдээж, эцэг У.Э..оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Э.. нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид хоёр хамтран амьдраад одоо 2-3 жил болж байна. Бид хоёрын дунд муудалцах зүйл зөндөө байсан. Бид хоёр буцаад эвлэрсэн хамтран амьдрахаар болсон. Ахиж цаашдаа бид хоёр эвтэй найртай сайхан амьдарна. Одоо би удахгүй сүү цагаа идээгээ тавих гэж байгаа. Тийм болохоор би буцаад хамт амьдрахаар болсон. Би Ховд аймгийн Чандмань суманд очиж уучлалт гуйсан. Намайг уучлаад хүрээд ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
Би өөрөө залуу хүн учраас цаашдаа сайхан асуудал гаргалгүйгээр амьдармаар байна. Иймд бид хоёр эвлэрээд цаашдаа хамтран амьдрах болсон гэжээ.
Нэхэмжлэгч О.А.. тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: О.А.. миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн. Учир нь У.Э.. нь өмнө миний биед байнга хүрч цохиж зоддог байсан. Энэ үеэс эхлээд бид хоёр үр хүүхдээ бодоод эвлэрэхээр ярилцсан. У.Э.. нь дахиж миний биед хүрч цохиж зодохгүй гэсэн амлалт авсан учир нэг удаад уучилж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.А.. нь У.Э..т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.А.. нь хариуцагч У.Э..ыг уучилж, эвлэрсэн, цаашид хамт амьдрахаар болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.А..ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 /нэг зуун дөрвөн мянга дөч/ төгрөгийн тал хувь болох 52,020 /тавин хоёр мянга хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 52,020 /тавин хоёр мянга хорь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.А..ид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.А..ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э..т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч О.А.. нь хариуцагч У.Э..ыг уучилж, эвлэрсэн, цаашид хамт амьдрахаар болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.А..ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 /нэг зуун дөрвөн мянга дөч/ төгрөгийн тал хувь болох 52,020 /тавин хоёр мянга хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 52,020 /тавин хоёр мянга хорь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.А..ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ