Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Д.Даваадорж,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2302003430323 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан албан тушаалтан буюу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байгцаагчаар /цагдаагийн ахмад/ ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.16-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцэхгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар чиг үүргийн хүрээнд “хариуцсан тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлийг зориуд хэрэгжүүлэхгүй байх үйлдлийн аргаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа иргэн ***гаас гаргасан “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын урд авто зам дээр “Тоёота приус-30” маркийн 37-79 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь авто машин мөргөж зугтаасан...” гэх гомдол, мэдээллийг зам тээврийн ослын бүртгэлд бүртгэхгүйгээр тухайн зам тээврийн ослыг гаргасан этгээд болох иргэн ***аар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Төрийн сангийн 100200000904 тоот дансанд “БГД-ЗЦХ а/х ***” гэх гүйлгээний утгатайгаар 200.000 төгрөгийг тушаалгаж, улмаар тушаасан “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг авч, тухайн баримтаа ашиглаж нэг өрөөнд хамт суудаг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ***тай санаатай нэгдэж, түүний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бүртгэлийн Б-143 дугаартай гомдол, мэдээллийн холбогдогч ***г торгосон мэтээр зөрчлийн материалд нь хавсаргаж, ***гаас торгуулийн 200.000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр гаргуулан авч өөрийн төрсөн хүү ***ий ***нэрэмжит Оросын эдийн засгийн Их сургуулийн Улаанбаатар лицей сургуулийн сургалтын төлбөрийг төлж өөртөө давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч *** нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан албан тушаалтан буюу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байгцаагчаар /цагдаагийн дэслэгч/ ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцэхгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,

Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар чиг үүргийн хүрээнд “хариуцсан тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлийг зориуд хэрэгжүүлэхгүй байх үйлдлийн аргаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа нэг өрөөнд хамт суудаг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад ***тэй санаатай нэгдэж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор өөрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бүртгэлийн Б-143 дугаартай материалд холбогдогч ***г торгосон мэтээр иргэн ***ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Төрийн сангийн 100200000904 тоот дансанд “БГД-ЗЦХ а/х ***” гэх гүйлгээний утгаар тушаасан 200.000 төгрөгийн баримтыг хавсаргаж, улмаар ***гаас 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр 200.000 төгрөгийг гаргуулан авч ***эд өгч бусдад давуу байдал бий болгож, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Яллах дүгнэлтэд цагдаагийн ахмад ***тэй үгсэн тохиролцсон гэж яриад байна. Бид хоёрын дунд үгсэн тохиролцсон тийм зүйл байхгүй. Бид хоёрын хооронд үгсэн тохироод *** чи надад мөнгө олж өгөөч гэсэн юм байхгүй. ***гэдэг хүнийг торгох талаар танилцуулж, торгуулиа төл гэж хэлсэн. ***, *** хоёрын хооронд болсон асуудал. Миний хувьд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн газар зөрчил хариуцсан байцаагчаар томилогдож ирсэн. 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болсон. Миний ажлын ачаалал маш их байсан. Миний хувьд материал яаж боох уу гэдгийг суралцаад явж байсан үе, маш их ачаалалтай байсан. Шийтгэлийн хуудас гэдэг зүйлийг яаж бичих үү гэдгээ суралцаад явж байсан үе. ***шийтгэлийн хуудас гэдэг юм өгөөгүй гэж яриад байна. Уг нь бол өөрөө шийтгэлийн хуудас дээр гарын үсэг зураад Шүүх шинжилгээний ерөнхий газраар шинжээч томилуулаад шинжээчийн дүгнэлтээр ***гэдэг хүний гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Би шийтгэлийн хуудасны өөрт оногдох хувийг санаатайгаар ширээн дээр үлдээгээд явсан байна гэж ойлгосон, одоо болтол хадгалаад байж байгаа...” гэв. 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд миний тээврийн хэрэгслийг саатуулсан. Тэгээд маргааш өглөө нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс рүү очиж уулзаарай гэсэн. Миний хувьд тухайн үед өөрийн найз ***н хамт тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан ба бид хоёр миний машиныг ачсан учраас тэндээсээ такси бариад гэртээ харьсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү очоод тус хэлтсийн Зөрчил хариуцсан байцаагч нарын өрөө рүү ороход цагдаагийн ахмад *** болон цагдаагийн дэслэгч *** гэх алба хаагч нар байсан ба *** гэх алба хаагч надаас “торгуулиа яах юм” гэж асуусан ба цаана сууж байсан *** гэх эмэгтэй алба хаагч нь “чамайг бэлэн мөнгөөр торгоно, чи торгуулийн мөнгө болох 200.000 төгрөг бэлнээр аваад ир” гэж хэлсэн. Би тэдний албан өрөөнөөс нь гараад тухайн үед надтай хамт явж байсан найз ***н “Хаан” банкны картаас Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байрны замын ард талд байрлах “Хаан” банкны АТМ-с 200.000 төгрөг бэлнээр гаргуулж авсан. Тэгээд буцаад Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү зөрчил хариуцсан байцаагч нарын өрөө рүү орсон. Гэтэл цагдаагийн ахмад *** гэх эмэгтэй миний авчирч ирсэн торгуулийн 200.000 төгрөгийг аваад *** гэх нэрээр банканд тушаасан гүйлгээний утга болон дансны дугаар зэрэг бичвэрүүдийг нь гараар бичигдсэн баримт өгсөн. Тэгтэл *** гэх алба хаагч нь ***ийн надад өгсөн мөнгө тушаасан баримтыг “наадхаа надад өг” гэж хэлээд авсан. Тэгээд *** гэх байцаагч надаар “замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь үнэн” гэх агуулагтай хүсэлт гараар бичүүлж авсан ба хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон холбогдогчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэлүүд дээр тус тус гарын үсэг зуруулсан. Харин надад ямар нэгэн торгуулийн шийтгэлийн хуудас бичиж өгч гарын үсэг зуруулаагүй. Мөн надаас торгууль гэж авсан 200.000 төгрөгийг хүлээн авч тэмдэглэл үйдлэж гарын үсэг зуруулаагүй. Мөн надад ямар нэг шийтгэлийн хуудас огт өгөөгүй. Тэгээд *** гэх байцаагч надад журмын хашаанаас тээврийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн лавлагаа зэрэг хураагдсан байсан бичиг баримтуудыг өгсөн. Тэгээд би журмын хашаанаас машинаа очиж авсан ба миний хувьд цагдаагийн байгууллагын ёс журмын хэсэг рүү нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч ***, *** нар надаас торгуулийн мөнгө бэлнээр авсан, мөн торгуулийн шийтгэлийн хуудас бичиж өгөөгүй асуудлын талаар гомдол мэдээлэл гаргасан. Мөн дээрх асуудлын талаар Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарын утас руу залгаж гомдол, мэдээлэл гаргасан. Миний цагдаагийн байгууллагын ёс журамд гаргасан гомдол мэдээллийн дагуу надаас 2 удаа тайлбар авсан ба би болсон асуудлын талаар үнэн зөв тайлбар өгсөн байгаа. Надтай 2023 оны 4 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Замын цагдаа нарт машинаа журамлуулах үед болон замын цагдаагийн байцаагчид бэлнээр 200.000 төгрөгийн торгууль өгөх үед хамт байсан *** гэх найз маань одоо надтай хамт вакум цонхны засвар үйлчилгээ хийдэг. *** 99606428 гэсэн утасны дугаар ашиглаж байгаа. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч *** болон *** нар нь надад албан тушаалын байдлаа ашиглаж дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Харин цагдаагийн байгууллагаас миний гаргасан гомдол, мэдээлэлтэй холбогдуулж замын цагдаагийн байцаагч ***, *** нарыг шалгаснаас хойш миний утас руу 99202929 гэсэн дугаарын утаснаас үл таних хүн залгаж “...манай дүү та хоёрт 200.000 төгрөгийн торгуулийн асуудал байгаа юм байна, ах нь тэр асуудлаар чамтай уулзаж ярилцах хэрэгтэй байна...” гэж 2-3 удаа залгаж ярьсан. Миний хувьд тухайн хүнтэй уулзах шаардлага байхгүй гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 33-35/,

Гэрч Д.***н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд ***гийн хамт түүний 06-30 УБИ улсын дугаартай , Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн арын гэр хороолол дундуур явсан туслах замаар замын хөдөлгөөнд оролцож байх үед Замын цагдаагийн алба хаагч хяналт шалгалт хийж байгаад биднийг зогсоож шалгасан. Тэгээд ***г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийн тусгай багажаар үлээлгэж шалгаад түүний регистрийн дугаарыг асууж шалгасан ба тэр үед ***гийн жолооны үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан зөрчил илэрсэн. Тэгээд ***гийн автомашиныг замын цагдаагийн алба хаагчид ачигч машинаар ачиж журмын хашаа руу саатуулахаар авч явсан. ...Би 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ***гийн хамт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс рүү очсон. *** нь тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэн гэх албан тушаалтантай уулзсан талаар бол би сайн мэдэхгүй. Замын цагдаагийн хэлтсийн коридорт түүнийг хүлээгээд сууж байсан. Харин *** өөрөө замын цагдаагийн байцаагчийн өрөө рүү орж уулзсан. Би арилжааны “Хаан” банканд харилцах төрлийн 5050137440 тоот дансыг 2009 оноос хойш одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна. *** нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр миний “Хаан” банкны 5050137440 тоот данснаас бэлнээр 200.000 төгрөг авахуулсан. *** надад хэлэхдээ ...машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд 200.000 төгрөгийн торгууль төлөх юм байна, чи найздаа 200.000 төгрөг түр зээлүүлээч..” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн замын ард байрлах “Хаан” банкны АТМ-с өөрийнхөө “Хаан” банкны картаа ашиглаж 200.000 төгрөг бэлнээр аваад ***д өгсөн. Харин миний өгсөн 200.000 төгрөгийг *** аваад Замын цагдаагийн хэлтэс рүү орсон ба удалгүй ...журмын хашаанаас машинаа авах зөвшөөрлөө авчихлаа...” гээд гарч исрэн. Тэгээд бид хоёр тэндээсээ Бичил хорооллын арын журмын хашаа руу очиж ***гийн авто машиныг нь авсан. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч нь ***г торгохдоо түүнд ямар нэг торгууль шийтгэлийн хуудас бичиж өгөөгүй, торгуулийн мөнгийг нь бэлнээр өөрөө авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 38-39/,

Гэрч ***н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 18-19 нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын урд өөрийн найз ***тай уулзахаар түүний эзэмшлийн 53-66 УАА улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож ирээд түр зогссон. Гэтэл машины зүүн хойд талын гупер хэсэг рүү хар өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж осол гаргасан ба тэр машин ослын газрыг орхиж зугтаасан. Тэгээд би тухайн машины улсын дугаарыг харсан учраас өөрийнхөө 94221201 дугаарынхаа утаснаас цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болсон ослын талаарх дуудлага, мэдээлэл өгсөн. Тэгээд манай найз *** надтай уулзахаар ирсэн ба би Мөнхбатад тухайн болсон ослын талаар хэлсэн. Тэгээд удалгүй миний өгсөн дуудлагын дагуу Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эрэгтэй алба хаагч ирж ослын газарт ирж машины мөргүүлсэн зургийг авсан ба намайг дуудаад ...маргааш өглөө гурвалжингийн гүүрний урд байдаг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр ирж болсон ослын талаар өргөдөл гомдлоо гаргаж өгөөрэй... гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь би өөрийн найз ***ын хамт Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байранд очсон. Тэгээд цагдаагийн ахмад цолтой эмэгтэй алба хаагчид өргөдөл гомдлоо бичиж өгсөн. Гэтэл тэр эмэгтэй алба хаагч “чи мөргүүлсэн машинаа үнэлгээ хийлгээд ир” гэсэн. Тэгэхээр нь тэр эмэгтэй цагдаагийн алба хаагчид хандаж “...надад машины үнэлгээ хийлгэх мөнгө байхгүй..” гэдгээ хэлтэл нэг их тоохгүй байсан. Тэгээд би урьд шөнө нь ослын газарт ирсэн эрэгтэй алба хаагчтай уулзаж “одоо яах ёстой” талаар асуухад тэрээр “...за мөргөсөн машины дугаараар нь жолоочтой нь холбогдъё, тэгээд утсаар ярина...” гэж хэлсэн. Тэгээд би найз Мөнхбатын хамт гэр гэртээ харьсан. Би ажилтай байсан учраас дахиж Замын цагдаа руу очоогүй. Харин манай найз *** руу цагдаагаас холбогдож машин мөргөөд зугтсан жолоочоос хохирлын мөнгө гэж 150.000 төгрөг авч өгсөн байсан. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын зүгээс өргөдөл гаргаж өгснөөс хойш тухайн ослын талаар ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй. Тухайн үед миний жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэл нь манай найз ***ын машин байсан болохоор манай найз *** машин мөргөсөн хүнээс машин засуулах мөнгө гэж 150.000 төгрөг олж авсан. ...Харин тухайн ослын дуудлага мэдээллийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар ямар нэг хариу огт мэдэгдээгүй. Би уг нь тухайн ослын талаар анх цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсаар өөрөө ярьж мэдэгдсэн. Миний жолоодож явсан машиныг мөргөөд зугтсан жолоочтой огт уулзаагүй учраас ямар хүн байсан гэдгийг мэдэхгүй байна. Харин манай найз *** тэр машин мөргөөд зугтаасан жолоочтой утсаар л ярьсан гэж надад ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 42-43/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би маргааш өглөө нь буюу 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү найз ***гийн хамт очсон. Бид хоёр Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр очоод урьд шөнө ослын дуудлагаар ирсэн эрэгтэй цагдаагийн алба хаагчтай уулзахад тэрээр нэг эмэгтэй цагдаагийн алба хаагчтай уулзуулсан. Тэгээд тэр эмэгтэй цагдаагийн алба хаагч бид хоёрыг “явж бай, утсаар дуудна” гэж хэлсэн. Тэр өдрийнхөө 15 цагийн орчимд эрэгтэй цагдаагийн алба хаагч над руу утсаар яриад “...Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү ир, машиныг чинь мөргөөд зугтсан жолоочийг олсон...” гэж дуудсан. Тухайн үед манай найз *** ажилтай байсан учраас би ганцаараа очсон. Тэгээд Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү очиход маний машиныг мөргөөд зугтсан “Тоёота приус 30” маркийн автомашины жолооч гэх залуу цагдаагийн хэлтэс дээр ирсэн уулзсан. Тэгээд би тэр залуутай машиныхаа гуперыг засуулах засварын үнэ буюу 150.000 төгрөг авахаар хоорондоо тохиролцож тэр машины жолооч миний “Хаан” банкны 5607095386 тоот данс руу өөрийнхөө гар утаснаас интернет банк ашиглаж 150.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд би дахиж Замын цагдаагийн хэлтэс рүү очоогүй. Харин би миний машиныг мөргөсөн залууд хандаж “...би замын цагдаагийн хэлтэс рүү очиж гомдол, саналгүй, хохирлоо нөхөн төлүүлсөн талаар бичгээр хүсэлт гаргаж өгөх шаардлагатай юу...” гэж асуухад “...хэрэггүй ээ би дансны хуулгаа замын цагдаагийн байцаагчид үзүүлье...” гэж хэлсэн. Мөн удалгүй Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эмэгтэй байцаагч миний гар утас руу залгаад “чи хохирлын мөнгөө авсан уу, санал гомдол байна уу” гэж асуухаар нь би “хохирлын мөнгөө авсан, надад ямар нэг гомдол байхгүй” гэдгээ хэлсэн. Дахиж над руу цагдаагаас залгаж дуудаагүй. Мөн ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. Намайг 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн эмэгтэй байцаагчийн өрөөнд орж уулзах үед миний машиныг мөргөсөн жолоочид торгуулийн арга хэмжээ авна гэж хэлж байсан. Яг торгосон үгүйг мэдэхгүй байна. Надад тэр осол гаргасан жолоочид торгох шийтгэл оногдуулсан талаар албан ёсоор хэлж мэдэгдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 46-47/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын урд авто зам дээр өөрийн найзын эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ урд зогсож байсан хар өнгийн Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн хойд гупер хэсгийг шүргэчихсэн юм. Тэгээд гайгүй юм шиг болохоор нь Гэмтлийн эмнэлэг рүү яаруу ажилтай байсан учраас яваад өгсөн. Гэтэл маргааш нь өдөр нь буюу 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч *** гэх эмэгтэй алба хаагч дуудсан. Тэгээд би Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү очиж *** гэх байцаагчтай уулзах үед “хэн машин барьж явсан талаар асуугаад намайг эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх үндэслэлээр 200.000 төгрөгөөр торгоно гээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч үлдээд торгуулийн мөнгө тушаах данс бичсэн цаас өгсөн. Мөн гуперыг нь шүргэсэн машиныхаа жолоочтой уулзаж хохирлыг төлж барагдуул гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө шүргэсэн машинын жолоочтой уулзаж бусдад учруулсан хохирол буюу авто кузов засварын газарт гупер янзлуулах 150.000 төгрөгийг өгсөн. Тухайн өдөр би *** гэх байцаагчийн өгсөн данс руу торгуулийн мөнгө тушаах боломжгүй байсан учраас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр торгуулийн 200.000 төгрөгийг гэрийнхээ ойролцоо байдаг Төрийн банкны салбарт очиж тушаагаад мөнгө тушаасан баримтыг авч *** байцагчийн ажлын өрөөнд нь очиж өгч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авсан. Миний 2023 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хороолол “Өргөө” кино театрын урд авто зам дээр гаргасан зам тээврийн ослыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс шалгаж шийдвэрлэсэн. Би арилжааны “Хаан” банкны 5165044591 тоот харилцах дансыг эзэмшиж ашигладаг. Би 2023 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахдаа шилжүүлж өгсөн. Харин Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч ***ийн өгсөн торгуулийн данс руу өөрт байсан бэлэн мөнгийг Төрийн банканд тушааж баримтыг байцаагчид өгсөн. Намайг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч ***эд торгуулийн мөнгийг тушаасан баримтыг өгөх үед нэг өрөөнд хамт суудаг буюу хажуугийн ширээнд нь суудаг эмэгтэй цагдаагийн алба хаагч байсан. Тэр эмэгтэй алба хаагч харсан байх өөр хүн бол өрөөнд байгаагүй. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч *** нь надаас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр торгуулийн мөнгийг тушаасан баримтыг хүлээн аваад ямар нэг торгууль шийтгэлийн хуудас огт бичиж өгөөгүй. Мөн надаас ослын талаар мэдүүлэг тайлбар авч материал бүрдүүлээгүй. Харин бичгийн цаасан дээр миний гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх утгатай зүйл бичүүлж авч үлдсэн. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч *** нь намайг дахин огт дуудаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 50-52/,

Баянгол дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 28ё/519 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Намхайнямбуугийн *** нарт холбогдох 2023200000008 дугаартай албаны шалгалт явуулсан талаарх” материалын хуулбар /хх 1-н 7-67/,

Баянгол дүүргийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Мөнхбаатарын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн албаны шалгалтын дүнгийн тухай” танилцуулга /хх 1-н 68-71/,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ***, *** нарын 2021-2022 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /хх 1-н 74-88/,

Шинжээчийн 2729 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал” гэх хавтаст материалын 9 дүгээр хуудсанд авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0561609 дугаартай “ШИЙТГЭЛИЙН ХУУДАС /маягт 2/” гэх баримтын доод хэсэгт “ТАНИЛЦСАН: Холбогдогч” гэсний ард “гарын үсэг, нэр" гэсний дээр, хавтаст материалын 7 дугаар хуудаст авагдсан “Холбогдогчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл” гэх баримтын дунд хэсэгт “Танилцсан: 1.Холбогдогч” гэсний ард болон доод хэсэгт “Танилцсан: 1.Холбогдогч” гэсний ард, хавтаст материалын 8 дугаар хуудаст авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ТЭМДЭГЛЭЛ” гэх баримтын доод хэсэгт “ТАНИЛЦСАН: ХОЛБОГДОГЧ:” гэсний ард тус тус зурагдсан 6 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан байна. Шинжилгээнд ирүүлсэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал” гэх хавтаст материалын 9 дүгээр хуудаст авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0561609 дугаартай “ШИЙТГЭЛИЙН ХУУДАС /маягт 2/” гэх баримтын доод хэсэгт ТАНИЛЦСАН: Холбогдогч” гэсний ард “гарын үсэг, нэр” гэсний дээр зурагдсан 2 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ***гийн гэх гарын үсгийн болон бичгийн хэвийн загваруудтай тохирно. Шинжилгээнд ирүүлсэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал” гэх хавтаст материалын 7 дугаар хуудаст авагдсан “Холбогдогчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл” гэх баримтын дунд хэсэгт Танилцсан: 1.Холбогдогч гэсний ард болон доод хэсэгт Танилцсан: 1.Холбогдогч гэсний ард, хавтаст материалын 8 дугаар хуудаст авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ТЭМДЭГЛЭЛ” гэх баримтын доод хэсэгт “ТАНИЛЦСАН: ХОЛБОГДОГЧ:” гэсний ард тус тус зурагдсан 4 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ***гийн гэх гарын үсгийн болон бичгийн хэвийн загваруудтай тохирно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэжээ. /хх 2-н 4-16/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 27-31, 33, 90-93, 104, 189-/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 32, 94-97, 105, 211-220/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 1-н 108-109, 122-185/, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 110/ зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус туус заажээ.  

Прокуророос шүүгдгэч ***ыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа нэг өрөөнд хамт суудаг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад ***тэй санаатай нэгдэж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор өөрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бүртгэлийн Б-143 дугаартай материалд холбогдогч ***г торгосон мэтээр иргэн ***ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Төрийн сангийн 100200000904 тоот дансанд “БГД-ЗЦХ а/х ***” гэх гүйлгээний утгаар тушаасан 200.000 төгрөгийн баримтыг хавсаргаж, улмаар ***гаас 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр 200.000 төгрөгийг гаргуулан авч ***эд өгч бусдад давуу байдал бий болгож, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч *** нь ***д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба тус зөрчлийг шалган шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, зориуд хэрэгжүүлээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шүүгдэгч ***д холбогдох зөрчилийг шалган шийдвэрлэхдээ зохих хууль, хэм хэмжээний актад заасан журмын дагуу явуулсан байх ба энэ нь албаны шалгалт явуулсан баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр зөрчилд холбогдсон *** нь “надад ямар нэгэн торгуулийн шийтгэлийн хуудас бичиж өгч гарын үсэг зуруулаагүй” гэж гомдол гаргасан боловч зөрчлийн материалд авагдсан баримтууд болох торгуулийн шийтгэлийн хуудас дээр зурсан, гарын үсэг нь ***гийн гарын үсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч *** нь ***гаас 200.000 төгрөгийг гаргуулан авч ***эд өгсөн хэргийн үйл баримт нь гэрч ***гийн “*** гэх хүн надаас 200.000 төгрөгийг авч, мөнгө тушаасан баримт өгсөн” гэсэн  мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.

Шүүгдэгч ***тэй санаатай нэгдэж, түүнд давуу байдал бий болгосон хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлооогүй байх ба нэг өрөөнд хамт суудаг гэдэг үндэслэлээр шүүгдэгч ***ыг урьдчилан амлаж, санаатай нэгдсэн гэж таамаглалд үндэслэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэрч ***гийн “*** гэх алба хаагч надаас “торгуулиа яах юм” гэж асуусан ба цаана сууж байсан *** гэх эмэгтэй алба хаагч нь “чамайг бэлэн мөнгөөр торгоно, чи торгуулийн мөнгө болох 200.000 төгрөг бэлнээр аваад ир” гэж хэлсэн. ... Тэгээд буцаад Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү зөрчил хариуцсан байцаагч нарын өрөө рүү орсон. Гэтэл цагдаагийн ахмад *** гэх эмэгтэй миний авчирч ирсэн торгуулийн 200.000 төгрөгийг аваад *** гэх нэрээр банканд тушаасан гүйлгээний утга болон дансны дугаар зэрэг бичвэрүүдийг нь гараар бичигдсэн баримт өгсөн. Тэгтэл *** гэх алба хаагч нь ***ийн надад өгсөн мөнгө тушаасан баримтыг “наадхаа надад өг” гэж хэлээд авсан” гэсэн мэдүүлэг буюу уг гэмт хэргийн үйл баримтыг тодорхой мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч *** нь гэмт хэрэгт санаатай нэгдэн, бусдад давуу байдал бий болгон хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ***ыг ***тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэхдээ түүний тухай гэмт хэргийг үйлдэх ямар санаа зорилго, сэдэлт буюу субьектив талын шинж байсныг нотлоогүй. Мөн гэрч ***гаас торгуулийн мөнгийг бэлнээр авчрахыг шаардсан, уг мөнгийг нь авч ***эд өгсөн гэх идэвхтэй үйлдэл нь мөн тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ***ын зөрчил гаргагчийг бус өөр этгээдийг торгосон торгуулийн мөнгө тушаасан баримтыг зөрчлийн материалд хавсаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1-д заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэмт хэргийн шинжтэй байх боловч уг гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг буюу материаллаг хохирол шаардах тул уг гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангахгүй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй талаар гаргасан шүүгдэгч ***ын өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***ын ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан эсэхийг Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалт явуулан шийдвэрлэхэд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***ыг цагаатгасантай холбогдуулан прокуророос шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй. 

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлийг зориуд хэрэгжүүлэхгүй байх үйлдлийн аргаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа иргэн ***гаас гаргасан “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын урд авто зам дээр “Тоёота приус-30” маркийн 37-79 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь авто машин мөргөж зугтаасан...” гэх гомдол, мэдээллийг зам тээврийн ослын бүртгэлд бүртгэхгүйгээр тухайн зам тээврийн ослыг гаргасан этгээд болох иргэн ***аар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Төрийн сангийн 100200000904 тоот дансанд “БГД-ЗЦХ а/х ***” гэх гүйлгээний утгатайгаар 200.000 төгрөгийг тушаалгасан,

улмаар тушаасан “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг авч, тухайн баримтаа ашиглаж нэг өрөөнд хамт суудаг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ***ын шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бүртгэлийн Б-143 дугаартай гомдол, мэдээллийн холбогдогч ***гаас 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч ***г торгосон зөрчлийн материалд хавсарган, 200.000 төгрөгийг өөрийн төрсөн хүү ***ий ***нэрэмжит Оросын эдийн засгийн Их сургуулийн Улаанбаатар лицей сургуулийн сургалтын төлбөрийг төлж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч ***, Д.***, ***, ***, *** нарын мэдүүлэг, шүүгдэгч ***ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,  Баянгол дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 28ё/519 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Намхайнямбуугийн *** нарт холбогдох 2023200000008 дугаартай албаны шалгалт явуулсан талаарх” материалын хуулбар /хх 1-н 7-67/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Мөнхбаатарын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн албаны шалгалтын дүнгийн тухай” танилцуулга /хх 1-н 68-71/, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ***, *** нарын 2021-2022 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /хх 1-н 74-88/, дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа иргэн ***гаас гаргасан “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын урд авто зам дээр “Тоёота приус-30” маркийн 37-79 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь авто машин мөргөж зугтаасан...” гэх гомдол, мэдээллийг зам тээврийн ослын бүртгэлд бүртгэхгүйгээр тухайн зам тээврийн ослыг гаргасан этгээд болох иргэн ***аар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Төрийн сангийн 100200000904 тоот дансанд “БГД-ЗЦХ а/х ***” гэх гүйлгээний утгатайгаар 200.000 төгрөгийг тушаалган баримтыг нь авсан,

Уг торгууль төлсөн баримтыг гэрч ***г торгосон зөрчлийн материалд нь хавсаргаж, ***гийн торгуулийн 200.000 төгрөгийг бэлнээр авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгч Н.Цэгмдийг  гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Тухайн гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жиллийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч ***эд ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ийн ***гаас бэлнээр авсан 200.000 төгрөгийг түүнээс гаргуулж Улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  3. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 200.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР