Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ч.Батзориг,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2303001530284 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, 1974 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, *** тоот регистртэй,

           2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь Монгол-Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5-1-71 дугаартай тушаалаар Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “***” ТББ-ын захирал ***тай “Ажил, үйлчилгээний” гэрээ байгуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хэрэгжүүлсэний төлөө “***” ТББ-ын захирал ***аас 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800.000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан,

Шүүгдэгч *** нь Монгол-Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19.946.500 төгрөгийн үнэ бүхий “Ажил үйлчилгээний” гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр “Хас Гоёл” ХХК-тай Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13.385.000 төгрөгийн үнэ бүхий “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж өөртөө 6.561.500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан Монгол-Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтан ***д 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800.000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баяр хүлээлттэй баяр болсон. Энэ баярыг зохион байгуулах комиссын даргаар миний бие шалгарсан. 20 ба түүнээс дээш жил ажилласан ажилчиддаа медаль гардуулж өгье. Байгууллагатай хамтарч ажилладаг удирдлагуудад нь медалион хийж өгье, дээрээс нь хүн бүрт энгэрийн тэмдэг зүүж өгье гэж байсан. Ажил хийсэн хүн бурууддаг юм байна. Энэ олон хүнийг баярлуулах гэж бид нар ажил хийсэн. Манай байгууллагын үнийн комиссын баг гэж байдаг. Тэр комиссын хүмүүс бүгд загварыг гаргуулаад ийм байдлаар хийлгүүлье гэж шийдсэн асуудал. Үнийн комисст манай байгууллагын ерөнхий нягтлан, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хоёр байхгүй байна гэдэг байдлаар ярьж байна. Энэ хоёр 60 жилийн ойн баяр тэмдэглэх комисст орсон гишүүдээ цуглуулаад тодорхой албан тушаал дээр үүрэг хариуцлага хүлээж байсан хүмүүсийг дуудаад Болдбаяртай өрөөндөө үлдээгээд тухайн үед депогийн дарга байхгүй байж таараад Солонгос Улсаас хүмүүс ирсэн би даргын өрөөнд ажил ярьж байх хооронд, манай Үйлдвэрчний хорооны дарга *** болон ерөнхий нягтлан ***, *** нар ТББ-ийн захиралтай хэмжээгээ яриад, өндөр үнэтэй байна үүнийг ямар байдлаар хийвэл болох юм бэ гэж яриад нэхэмжлэх авахаа хүртэл ярьсан байсан. Би хурлаас гарч ирээд болсон юм уу гэсэн болсон гэсэн. Маргааш нь ийм юм байна гэж үзүүлээд болж байна уу гэхэд болж байна гэсэн. Төмөр замын цагдаагийн газар, АТГ-т очоод хүмүүс ярихдаа өөрсдийгөө хамгаалж ярьдаг юм байна. Энэ бол комиссын шийдвэр юм. Би УБТЗ-ын депод ерөнхий инженерээр 7 жил ажиллах гэж байгаа. Миний албан тушаалыг *** авна, би оронд нь очно гэж ярьсан байсан. Миний албан тушаалыг авахын тулд ийм байдалд оруулаад ийм олон хүнийг энд цуглуулаад ийм юм хийж болохгүй. УБТЗ дотоод аудитын газар шалгадаг, төлөвлөгөөт аудитын газар 12 дугаар сард шалгасан, би тайлбараа хэлээд явсан. Дотоод аудитын шалгалтын дүн гараагүй байхад бид нарын энэ асуудал Улаанбаатар Төмөр замын цагдаа дээр очоод бид нарыг шалгасан. 2021 онд Вагон депо их барилгын хөрөнгө оруулалтай холбоотой ерөнхий инженерийн байгуулсан бүх гэрээг шалгасан. Үүн дээр холбогдсон маш олон хүмүүсийг дуудаж, *** юм уу, ерөнхий нягтлан юм уу, эдийн засагч мөнгө авсан уу гэж асуусан. Энэ олон хүмүүсийг асуугаад 4, 5 цаг Болдбаярыг асуугаад сүрдүүлж байгаад хэлүүлсэн. Хаанаас хүний ажлыг алдагдуулж, нэг хүний өргөдөл бичиж ийм ажиллагаа яваад байдаг юм бэ. Сайн явж байгаа нэгнээ араар нь татаж өргөдөл өгч шалгуулдаг, яриа гаргадаг өөрсдөө тэр албан тушаал дээр очдог. Ийм асуудлаас болж бид нар энэ олон хүнийг цуглуулсандаа харамсаж байна. 2002-2006 онд би Солонгос явж ажил хийж 2 өрөө байр авсан, одоо засвар хийж томруулж амжаагүй байгаа. Ерөнхий инженер байгууллагын даргын бүх юм дээр явж ажиллана. Би хүний өмнөөс цалингаа хасуулаад явдаг. Хүмүүс өөр өнцгөөр өөр байдлаар хардаг нь харамсалтай байна. Би мөнгө аваагүй, яах аргагүй сүрдүүлж үг халтируулж хэлүүлсэн байна лээ. Төмөр замын цагдаагийн газрын мөрдөгч намайг та мөнгө авсан уу, үгүй юу, та энэ хэргээ хүлээ, цагаатгах шугамаар шийдүүл гэж дарамталсан. Танай депогийн даргыг, ерөнхий нягтланг, эдийн засагчийг бүгдийг нь ажилгүй болгоно, явах газар руу нь явуулна гэж хэлсэн. Би гомдолтой байна, би энэ хүнээс мөнгө аваагүй. Ойн арга хэмжээний дараа зарим хүмүүст медаль хүрээгүй тул нэмж хийлгэх талаар утсаар ярилцаж байсан асуудал байсан” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Төмөр замын байгууллагын 60 жил ой болох гээд медаль, медалион хийх ажил байна. Тухайн үед *** дарга ирж уулзаад хийгээч гэж хэлсэн. Тэр өдөр *** дарга, *** дарга нартай ирж уулзаад өрөөнд нь байж байсан. Манайх 60 жил болж байгаа тул ийм, ийм ажлууд хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Ажил үйлчилгээ бүх үйл явдлууд болоод дууссаны дараа төмөр замын хоёр цагдаа ирээд хэлтэс дээр очсон. Намайг авч яваад 4-5 цаг орчим байцаалт явуулсан. Анх удаагаа өндөр дүнтэй ажил хийж гүйцэтгэсэн тул ажлуудыг цагдаа асуухад нь илүү олсон ашигаа хэрхэн зарцуулсан талаар сандрахдаа *** даргад 800.000 төгрөг баярлалаа гээд өгсөн гэж хэлсэн. Миний хувьд *** даргад мөнгө өгсөн зүйл байхгүй. Ойн арга хэмжээ дууссаны дараа бол утсаар холбогдож байсан. Учир нь медаль нь зарим хүмүүст хүрээгүй дутсан тул дахин хийлгэх талаар ярилцаж байсан” гэв.

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баяртай холбогдуулан ойн баярын тэмдэг, медаль, медалион хайрцгийг захиалах ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө 2022 оны 01 дүгээр сард гарсан байсан. Үүний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер ***гийн өрөөнд ерөнхий нягтлан бодогч ***, Үнэлгээ тооцооны мэргэжилтэн ***, Үйлдвэрчний хорооны дарга *** болон миний бие хуралд оролцсон. Хурлаар энгэрийн тэмдэг 1300 ширхэг, ойн баярын медаль 500 ширхэг, медалион 50 ширхэг, хайрцаг 50 ширхэгийн хамт худалдан авалт хийхээр хуралдсан. Хурал хийхийн өмнө “Цэц Урлан” ТББ-ын санхүүгийн анхан шатны бичиг баримт болон 2 нэхэмжлэхийн хамт Ерөнхий инженер *** надад өгөөд энэ ТББ-тай харьцуулсан аж ахуйн нэгжүүдийн судалгааг хүснэгт байдлаар оруулаад ир гэсэн. ...Ерөнхий инженер ***гийн өгсөн “Цэц Урлан” ТББ-ын энгэрийн тэмдэг 1300 ширхэг, 1 ширхэгийг 7.680 төгрөгөөр хийнэ гэсэн. Медаль-500 ширхэгийн 1 ширхэгийг 17.450 төгрөг, Медалион 50 ширхэг, 1 ширхэгийг 19.750 төгрөг, хайрцаг 50 ширхэг, 1 ширхэгийг 5.000 төгрөг гэж тус тус бичсэн баримтуудыг өгсөн. Одон медаль үйлдвэр ХХК, “***” ХХК тус тус хоёулаа боломжгүй байсан. Ерөнхий инженер ***гийн сонгон шалгаруултанд оруулахаар өгсөн “Цэц Урлан” ТББ-г сонгох л боломжтой бүх бичиг баримт болон загвар нь бэлэн байсан. ...Ерөнхий инженер *** “Цэц урлан” ТББ-н бичиг баримтыг өгөхдөө 2 хуваасан үнийн дүнтэй нэхэмжлэх өгсөний дагуу 2 хувааж санхүүжилтийг өгсөн. ...Энэ худалдан авалттай холбоотой намайг нарийн бичгээр томилсон байсан. Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баярын цаг нь тулсан байсан учир дотоод сонгон шалгаруулалтын дарга ерөнхий инженер *** нь надад “***” ТББ-н нэхэмжлэх, загвар зургийг өгч цахимаар энэ загвар, зурагтай адилхан судалгааг яаралтай хийгээд дотоод сонгон шалгаруулалтын комисст яаралтай танилцуул гэсэн. Үүний дагуу би судалгаа интернэтээс хайхад ойн баярын медаль үйлдвэрлэх 2 газар байсан. Тэр газрууд руу залгаж үзэхэд ерөнхийдөө манайхтай ойролцоотой хэмжээтэй медалийг захиалгаар хийхээр байсан. Интернэтээс харахад "***" ТББ гэж байхгүй байсан. Сонгон шалгаруултын өмнө нь *** надад “***” ТББ-ын дизайн өнгө дүрс нь аятайхан юм байна гэсэн. Харьцуулан судалгаа хийж 3 аж ахуйн нэгжүүдийг дотоод сонгон шалгаруулалтын хуралд танилцуулсан. Одон медалийн үйлдвэр гэх компани нь хугацаа их шаардахаар байсан. Нэг нь Хятадын аж ахуйн нэгж байсан. Тухайн үед хил хаалттай байсан тул карго удаан ирэхээр байсан. Медалийн загвар болон бичиг баримт нь бүрэн буюу сонгон шалгарахаар байсан. Тийм учраас энэ төрийн бус байгууллагыг сонгосон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 28-29/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие нь Зорчигчийн вагон депогийн бүхий л худалдан авах үйл ажиллагааг хариуцаж явдаг. Зорчигчийн вагон депогийн агуулахад захиалсан бараа материал байгаа эсэхийг шалгана. 3.3 сая төгрөг доторх бараа материал байвал шууд худалдан авалтыг хийнэ. 3 саяаас дээш төгрөгийн үнэтэй нэг төрлийн бараа материал байвал 3 аж ахуйн нэгжид харьцуулалт хийж тухайн аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэхийг аваад дотоод үнийн комиссын гишүүдэд оруулж сонгон шалгаруулалтыг явуулдаг. 10 саяас дээш бол Худалдан авалт борлуулалтын албанд албан тоот бичиж хүргүүлдэг. ...Миний бие Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баяртай холбогдуулж тэмдэг худалдан авахаар аж ахуйн нэгжид судалгаа хийгээгүй. Ажлын байрын тодорхойлолт болон дүрэм журмаараа миний бие хийх ёстой. Дотоод сонгон шалгаруулалтын үнийн комиссын дарга ерөнхий инженер ***, нарийн бичгийн дарга *** гишүүд гэрээний мэргэжилтэн Ц.*** нар сонгон шалгаруулалт явуулах эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.***, ерөнхий нягтлан бодогч Ц.*** нар нь бараа материал худалдан авахад сонгон шалгаруулалт явуулдаггүй. Бараа материал худалдан авах ажиллагааг хийхдээ Зорчигчийн вагон депогийн дотоод үнийн комиссын сонгон шалгаруулалтын гишүүд явуулах ёстой байдаг. Замын даргаас гаргасан тушаал болон журам, гэрээ байгуулах журам дээр заасан байдаг. Зорчигчийн вагон депо нь бараа материал худалдан авахдаа Төрийн бус байгууллагаас худалдан авалт хийж болохгүй. Тухайн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлж байгаа зүйл өөр учраас болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96-97/,

Гэрч Ц.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлэхэд аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй. Зорчигчийн Вагон депогийн 60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер ***гоор ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу “***” ТББ-р хийлгүүлж худалдан авахдаа хичнээн аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулалт явуулж “***” ТББ-г сонгосныг мэдэхгүй байна. Хурлын шийдвэр гарсаны дагуу гэрээг байгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 101/,

Гэрч Г.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер *** над руу утсаар залгаад өрөөнд ороод ирээч гэсэн. Тэгээд миний бие ***гийн өрөөнд ороход ерөнхий нягтлан бодогч ***, эдийн засагч ***, гадны нэг хүн сууж байсан. 60 жилийн медаль, энгэрийн тэмдэг, медалион зэргийн зураг тавиад сууж байсан. Намайг саналаа хэлээч гэж *** хэлсэн. Үүний дагуу саналаа /Түүхт 60 жил ойн баяр болж байгаа учраас 20 жилээс дээш ажиллаж байгаа ажилчдаа медаль, бүх ажилчиддаа энгэрийн тэмдэг, хүндтэй ажилчин, зочиддоо медалион тус тус өгвөл ямар бэ/ гэсэн. Энэ хийгдэх тэмдэгүүд том байна. Үнэ өндөр байна гэж хэлсэн. Тэгсэн *** надаас таньд ямар байвал боломжтой вэ гэсэн. Медалийг өшөө жижгэрүүлмээр байна гэж хэлсэн. Албан ёсоор сонгон шалгаруулалт явуулсан зүйл байхгүй. Таны харуулж байгаа хурлын тэмдэглэл болон сонгон шалгаруулалт явуулж байгаа 3 аж ахуйн нэгжийн “Одон медаль үйлдвэр” ХХК, “***” “***” ТТБ нарын санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үзүүлээгүй. Хичнээн төгрөгийн төсөв гарах гэж байгаа талаар хэлж яриагүй. Зүгээр зураг үзүүлээд санал байна уу л гэсэн. Гадны нэг хүн нь “***” ТББ-ийн захирал байсан. Тэгээд маргааш буюу 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий инженер *** нь 21-ний өдөр байсан гадны /***-н/ хүнтэй хамт суугаад одоо болж байна уу гэж зураг харуулж байсан. Хурлын тэмдэглэл дээр намайг үг хэлсэн мэтээр зохиож бичсэн байна. Тухайн үед ямар нэгэн хурал хийж байгаа талаар тэмдэглэл хөтлөөгүй. Зорчигчийн вагон депогийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комисст байхгүй. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.***, ерөнхий инженер ***гийн өрөөнд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116/,

Гэрч Ц.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ерөнхий инженер *** нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өрөөндөө намайг дуудаад Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баярын тэмдэг хийлгүүлэх гэж байна гээд өрөөнд нь яваад ороход Эдийн засагч ***, ҮЭХ дарга ***, “***” ТББ-н захирал нь гээд сахалтай залуу байсан. Эдийн засагч *** сонгон шалгаруулалтаар 3 аж ахуйн нэгжийг танилцуулаад ***гаас өөр 2 аж ахуйн нэгж нь боломжгүй гэж ярьсан. Тэгээд “***” ТББ-г сонгосон. “Одон медаль Үйлдвэр” ХХК,  “***” ХХК нарын санхүүгийн анхан шатны бичиг баримтыг тухайн хуралд үзүүлээгүй. Тус хуралд “***” ТББ-н захирал гээд сууж байсан. Албан ёсоор сонгон шалгаруулалт явуулаагүй 2022 оны 9 дүгээр сарын 21-ний үед миний бие Зорчигчийн вагон депогийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комисст байгаагүй. “***” ТББ-тай тэмдэг хийлгүүлэх албан ёсны гэрээг Зорчигчийн вагон депогийн дарга *** нь байгуулж мөнгийг шилжүүл гэж нэхэмжлэх дээр гарын үсэг зурсны дагуу миний бие дээрх ТББ-д мөнгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Депогийн 60 жилийн ойд зориулж 1300 ширхэг энгэрийн тэмдэг 9.984.000 төгрөгөөр, 500 ширхэг медаль, 50 ширхэг медалион, 50 ширхэг хайрцаг 9.962.500 төгрөгөөр 2 худалдан авалт хийх материалтай танилцлаа. ТБОНӨХБАҮХА тухай хуульд 20 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бол хуулийн дагуу худалдан авалт хийнэ. Доош төсөв өртөгтэй бол шууд худалдан авалт хийж болно гэж заасан байгаа. Энэ дээр ямар зарчмаар худалдан авалт хийх нь тодорхой биш байдаг. УБТЗ ХНН-ийн хувьд А-359 дугаартай тушаал дээр тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн журмын 3.11-т төсөвт өртөг нь 10.000.000 хүртэлх бараа ажил үйлчилгээг алба салбар нэгжийн дотоод сонгон шалгаруулах комисс, 10.000.000-20.000.000 төгрөгийн худалдан авалтыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба, Худалдааны алба, Замын даргын ажлын алба, Баянбуурал амралт зэрэг газруудад нь шууд худалдан авалтыг хийж болно гэж заасан байдаг. Бусад салбар нэгжүүд нь тухайн жилийн худалдан авалт нь 10.000.000-20.000.000 төгрөг бол Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд хандаж худалдан авах зөвшөөрөл буюу шийдвэрийг гаргуулдаг. УБТЗ ХНН-н даргын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-359 дугаартай “худалдан авах ажиллагааны журам шинэчлэн батлах тухай” журмыг тухайн өдрөөс одоог хүртэл дагаж, мөрдөж байгаа. Энэ журмын 5 дугаар зүйлийн 18 дугаар заалтад “ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-н 6-д заасны дагуу бараа ажил үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байдлаар нь ангилах боломжгүй бүтээгдэхүүн буюу нэг зүйлд зориулагдсан ижил төрлийн бараа байна. Мөн энэхүү тушаалд сонгон шалгаруулах комисс нь харьцуулалтыг хийхдээ “ТБОНӨХБАҮХА” тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг баримтлан санал ирүүлсэн этгээдийн юуны түрүүнд ерөнхий нөхцөл, дараа нь техиникийн тодорхойлолт, хамгийн сүүлд санхүүгийн саналыг харьцуулалт хийх журмаар нийлүүлэгчийг сонгон шалгаруулах бөгөөд шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байна гэж заасан байдаг. Энэхүү худалдан авалтад харьцуулалт хийсэн компаниуд нь “ТБОНӨХБАҮХА тухайн хуулийн 14-16 дугаар зүйлийг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 64/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард 25 дугаар хороо 2 салж нэг нь 25, нөгөө 28 дугаар болсон. Hermes төв болон зүүн талын машины зам дагуу явган хүний зам нь манай хороонд хамаардаг. Би Hermes төвийн ойр орчмыг хариуцан ажилладаг...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 166/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ТББ-н захирал ***тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ын өдөр энгэрийн тэмдэг 1300 ширхэг 5.460.000 төгрөгөөр, энгэрийн тэмдэг том 6.750.000 төгрөгөөр, медалион 50 ширхэг 775.000 төгрөгөөр, хэв загвар 1 ширхэг 150.000 төгрөгөөр, хамбан хайрцаг 50 ширхэг 250.000 төгрөгийн үнэтэй нийт 13.385.000 төгрөгийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын ажлын 15 хоногийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх материалуудыг 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн байна. Төлбөр мөнгийг дансаар болон бэлнээр 2 хувааж төлсөн байдаг. Урьдчилгаа 6.700.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр болох 6.685.000 төгрөгийг бараа материал бүрэн нийлүүлсний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай захирал П.Сарантуяагийн 5163268025 дугаарын дансан шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 176/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн баяр нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу хагас сайн өдөр Үйлдвэрчдийн соёлын төв ордны их танхимд өглөөний 10:00 цагаас эхэлсэн. Үдээс хойш 16:30 минутад хаалт болж тарсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 178/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ойн медаль хийлгэхээс өмнө энгэрийн тэмдэг болон медалийн загвар зэргийг надаар хийлгэсэн байсан. Энэ худалдан авалтын талаар *** дарга хэлж хүрч ирээд уулзаач ээ гэсэн хүсэлт тавьсны дагуу би Зорчигчийн вагон депогийн дарга Юлхарсүрэнгийн өрөөнд очиж уулзсан. Тэгэхэд надад 60 жилийн ойн медаль хийх ажил байна гэж хэлсэн. Үүний дагуу энэ худалдан авалтын талаар мэдсэн. Хас гоёл ХХК-тай хамтарч ажиллан 13.000.000 гаран төгрөгөөр хийлгэхээр тохирсон. 6.000.000 гаран төгрөгийн ашиг олсон. Тухайн мөнгийг ахуйн хэрэглээ болон ломбардад тавьсан эд зүйлсээ аваад дуусгасан. 800.000 төгрөгийг төмөр замын 60 жилийн ойн баяр болсны дараа Хермес төвийн урд талын машин зам дагуу ***д бэлнээр өгсөн. Өмнө нь мөнгө өгч авч байсан өглөг авлагын асуудал бахйгүй. Зүгээр ажил дуусаад тэгээд тодохой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 7-8/,

*** ТББ-н дарга ***, Хас гоёл ХХК-ний ерөнхий захиарал *** нарын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ” /хх 1-н 21-23/,

Зорчигчийн ваган депогийн дарга ***, *** ТББ-н захирал *** нарын АҮГ/22/324 дугаартай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Ажил, үйлчилгээний гэрээ” /хх 2-н 101-110/,

*** ТББ, *** нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 185/,

Монгол-Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/359 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаал “Худалдан авах аижллагааны журам” /хх 2-н 20-28/,

*** ТББ-н буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 2-н 176/,

Шүүгдэгч ***, *** нарын үүрэн холбооны операторын мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 183-184/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 32 220/, шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 34, 162-164, 208-210, 231-232/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч ***г Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “***” ТББ-ын захирал ***тай “Ажил, үйлчилгээний” гэрээ байгуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хэрэгжүүлсэний төлөө “***” ТББ-ын захирал ***аас 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800.000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан,

Шүүгдэгч ***ыг Монгол-Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19.946.500 төгрөгийн үнэ бүхий “Ажил үйлчилгээний” гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр “Хас Гоёл” ХХК-тай Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13.385.000 төгрөгийн үнэ бүхий “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж өөртөө 6.561.500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан Монгол-Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтан ***д 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800.000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ***аас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төмөр замын цагдаагийн газрын мөрдөгч гэрчээр мэдүүлэг авсан ба уг мэдүүлгийг үндэслэн Авлигатай тэмцэх газарт хэргийг шилжүүлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгч шүүгдэгч ***аас мөн гэрчээр мэдүүлэг авсан байна.

Уг мэдүүлэгт шүүгдэгч *** нь шүүгдэгч ***д 800.000 төгрөг бэлнээр өгсөн талаар мэдүүлжээ.

Дээрх мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч ***г хахууль авсан, шүүгдэгч ***ыг хахууль өгсөн  гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлджээ.

Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах журамтай.

Шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаасан мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байх ёстой.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллүүд нь тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.

Иймд шүүгдэгчээс гэрчээр өөрийнх нь эсрэг авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Шүүгдэгч *** яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “800.000 төгрөг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн “800.000 төгрөгийг бэлнээр өгсөн асуудал байхгүй, анх удаа мөрдөн байцаагчид удаан хугацаагаар байцаагдсан тул сандраад уг асуудлыг ярьсан” гэсэн мэдүүлгүүдийн алийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэхийн тулд хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдсон эсэхийг шалгах шаардлагатай.

Шүүгдэгч *** гэрчээр мэдүүлэг өгөхдөө “60 жилийн баяр тараад явж байхад нь уулзаж мөнгө өгсөн” гэж, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Ойн баяр болсны дараа буюу оны өмнө болсон. Үйл ажиллагаа явагдаад болсны дараа өгсөн” гэж зөрүүтэй мэдүүлсэн.

Прокурор шүүгдэгч нарын хооронд утсаар ярьсан талаарх лавлагаа, банкнаас бэлэн мөнгө авсан банкны гүйлгээний лавлагаа зэргээр 10 дугаар сарын 30-наас 31-ний хооронд хахууль өгсөн нь нотлогдсон гэж үзэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан.

Хэрэгт авагдсан гар утсаар ярьсан лавлагаагаар шүүгдэгч нар нь 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нийт хоорондоо 41 удаа утсаар холбогдсон байх ба 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 49 минтуд 44 секунд, 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 38 минутад  89 секунд, 15 цаг 48 минутад 24 секунд, 18 цаг 28 минутад 33 секунд ярьсан.

***ын банкны дансны гүйлгээгээр 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 32 минутад 900.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас авсан нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүгдэгч нарын 10 сарын 30, 31-ний өдрүүдэд утсаар ярьсан, 10 дугаар сарын 30-ний орой бэлэн мөнгө авсан баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдсон ба гэмт хэрэг 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байна гэж таамаглалд үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.

Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч *** нь банкнаас бэлэн мөнгө авсан, утсаар шүүгдэгч ***той харилцсан нь түүнийг хахууль өгсөн болохыг хөдөлбөргүй нотолсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэм буруутай эсэх нь эргэлзээтэй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т ”...албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд... хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн обьектив шинжийг тодорхойлсон байх ба хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *** нь хахууль өгөхийг шаардсан үйл баримт тогтоогдоогүй.

Мөн хахууль авсан болох нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд нь эргэлзээ гарч байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч ***г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд авлига авсан гэм буруутай гэж дүгнэсэн ба түүний “***” ТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь албаны чиг үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх агуулгыг агуулж байна гэж дүгнэв.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч *** нь 800.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч *** нь 800.000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч ***, *** нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгав.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хийвэл зохих ажиллагааг бүрэн хийж нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн ба цаашид нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийж гүйцэтгэх ажиллагаа байхгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР