Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 59

 

 

 

 

   2024        01         10                                    2024/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнай, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Ганцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2303 00354 0525 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Говь газ ХХК-д агуулахын ажилтан, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44-157 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцсийн урд замд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 40 минутын орчим Toyota Prius маркийн 34-08 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцсийн урд замд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 40 минутын орчим Toyota Prius маркийн 34-08 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч талынхаа сэтгэл санааны хохирлыг хурдан төлж барагдуулахаа амлаж байна. Хэдий 10 сарын хугацаа гэж ярилцсан боловч түүнээс наана төлж барагдуулна. Хохирогч талаасаа уучлалт гуйж байна. Намайг үнэхээр уучлаарай анхаарал болгоомжгүйгээсээ болж танай гэр бүлд үнэхээр том гарз учрууллаа намайг уучлаарай... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай ар гэрийнхэнд сэтгэл санааны байдал хүнд байгаа. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар саналгүй байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай аав Чулуунбаатар над руу залгаад ээж чинь осолд орчихсон гэмтлийн эмнэлэг рүү явж байна, тийшээ яваад очоорой гэж надад хэлсэн. Тэгээд би очиход ээжийг амилахуйн тасагт хэвтүүлж байгаад сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Би ээжтэйгээ уулзаж чадаагүй, 05 дугаар сарын 20-ны орой хагалгаанд ороод 05 дугаар сарын 21-ний шилжих шөнө нас барсан. Ээжийг осолд ордог өдөр манай төрсөн дүү Баярмаа нөхөр хүүхдийн хамт Завхан аймгийн Тэс сумаас Улаанбаатар хот руу ирж явсан юм. Тэгээд тэд нарыг ирж байна гээд дэлгүүр орж ойр зуурын хүнсний юм цуглуулах гээд гарч яваад осолд орсон байсан. Өөрийнхөө гудамжны эсрэг талын дэлгүүр лүү гарах гэж байгаад осолд орсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд таксинд явахаар болоод аав Чинбатын эзэмшлийн 34-08 УБИ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн цайвар цэнхэр өнгөтэй машиныг Баянгол дүүргийн 188 дугаар хороо, 44 дүгээр байрны баруун талын машины зогсоолоос жолоодоод, замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн өдөр би 3-5 хүнийг аваад таксинд явсан. Тэгээд 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 буудал газрын орчмоос 25-30 насны залуу такси авах гээд гараа өргөөд зогсож байхаар нь замын хажуу тийш шахаад нөгөө залууг аваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны үйлдвэрийн салдаг уулзварын хойд талын гүүрний хажууд байрлах усны худагны ойролцоо нөгөө залууг буулгахад 3000 төгрөг болоод мөнгийг бэлнээр аваад төв рүү орох гэтэл Дарь-Эхийн замаар явж байгаад 17-ийн уулзварын гэрлэн дохиогоор гараад Сансар чиглэлтэй явж байхад гар утасны цэнэг дуусаж байхаар нь цэнэглэх гээд авах гэтэл цэнэглэгч жолоочийн суудлын хажуугаар унаж байхаар нь доошоо харж байгаад цэнэглэгчээ авах үед машины урд хэсгээр юм мөргөх шиг болохоор нь шууд машинаа зогсоогоод урагшаа харахад хар бараан өнгийн хувцастай хүнийг мөргөсөн. Нөгөө хүн газарт хэвтэж байсан. Би нэлээн айж сандраад машинаа ухрах үйлдэл хийж, урагшаа явахдаа машинаа хажуугаар нь тойрч гараад явж байхдаа зүүн талд байрлах гудамжнуудын нэг рүү эргэж орохдоо гудамжнаас гарч явсан машиныг шүргээд шууд зугтсан...согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/,

Гэрч Ч.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн 2023 оны 05 дугаар сарын 18-ны орой би Ар гүнтэд барилгын ажил хийж байгаад ажил дуусаад гэр лүүгээ явж байсан юм. Тухайн үед  Өвөр гүнтээр хот руугаа даваад Дамбын гүүрээр зүүн тийш эргээд Дарь-Эх рүү уруудаад явж байсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан ба гадаа хүйтэн, цасан хялмаатай харанхуй байсан. Миний урд хэсэг машин байхгүй, би тухайн үед зөөлхөн явж байсан, яагаад гэвэл би хараа муутай -3.5 шил зүүдэг юм. Би явж байтал 22 цаг 35 минутын орчим зам дээр буюу зорчих хэсгийг голлоод замын баруун гар талд хөндлөн эмэгтэй хүн хэвтэж байсан. Хараад л би машины тормозоо тултал гишгэсэн. Буугаад харахад тухайн эмэгтэй хүнийг тулаад зогсчихсон байхаар нь цагдаа болон эмнэлэг руу дуудлага өгсөн. Би зогсож байтал урд талаас урт үстэй залуу гүйж ирээд ах аа наад хүнийг чинь машин мөргөчихөөд явчихлаа цагаан цэнхэр өнгийн Приус 40 юм уу 41 маркийн машин тойроод зугтаагаад явчихлаа би араас нь хөөх гэж байгаад больчихлоо гэж хэлсэн. Тэр хүний толгой нүүр орчмоос нь маш их цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45/,

Гэрч О.Урангоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Стай анх 2018 онд танилцаж байсан. Тэгээд түүнээс хойш үерхэж байгаад 2022 онд хүүхэдтэй болсон. Миний хань С нь хүн бүртээ эелдэг, хүн ялгаж харьцдаггүй, гэртээ от хараалын үг хэлдэггүй. Хөгжилтэй шооч ямарваа нэг юманд хариуцлагатай, өрөвч сэтгэлтэй хүүхдүүддээ их хайртай маш сайн эцэг хүн ёс жудагтай зөөлөн сэтгэлтэй ажилсаг гэр орондоо бол ажил сайтай өөрийн хийдэг ажилдаа хариуцлагатай цаг сайн барьдаг хамт олны дунд нэр хүнд сайн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16/,

Гэрч Д.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өглөө ирэхгүй болохоор нь би гэртээ харьсан юм байх гэж бодсон ба өглөөний 8 цагийн орчим аав би шөнө Дарь-Эхэд явж байгаад хүн мөргөчихсөн, тэгэхээр нь би тухайн үедээ цагдаа дуудсан уу гэж асуутал үгүй гэж хэлэхээр нь би түүнд уурлаад шууд дагуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Тухайн үед манай машины урд талын гупер жолооч талын кирло зурагдсан жолооч талын хаалга гажсан байдалтай байсан. Тэгтэл Баянзүрх дүүргийн цагдаагаас тодруултал хүн мөргөсөн бол Төв замын цагдаа дээр оч гэж хэлсэн. Тэндээсээ шууд Тээврийн цагдаагийн албан дээр ирсэн. Өглөө надтай уулзахдаа сандарчихсан, машиндаа хоносон гэж хэлж байсан...манай хүү С нь доороо 2 эмэгтэй дүүтэй их зөөлөн сэтгэлтэй. Архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь би харж байгаагүй...миний хүү амьдралын төлөө зүтгэж байгаа  миний өөдөөс хэрэлдэж маргалдаж үзээгүй, үг дуу цөөнтэй, найзуудынхаа дунд нэр хүнд сайтай хүрээлэл сайтай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47, 2хх-ийн 21/,

Гэрч Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  ажлаасаа чөлөө авсан. Учир нь манай 2 дахь охин гэр бүлийн хамт Завхан аймгаас ирэх байсан учир эрт ажлаасаа чөлөө аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ харихад 15 цагийн орчим болж байсан. Тэр үед манай гэр бүлийн хүн Эрдэнэцэцэг маань өөрийн ажилладаг эмнэлэгтээ ажлаа хийгээд байж байсан юм. Орой 21 цаг өнгөрөөгөөд эхнэр маань гэртээ ирсэн...гэртээ байж байгаад хүүхдүүд хөдөөнөөс ирэх цаг дөхлөө, цай хоол хийхээр болоод эхнэр маань дэлгүүр рүү 22 цагийн орчим явсан. Тэгээд эхнэр маань дэлгүүр лүү яваад байж байтал хүүхдүүд хөдөөнөөс орж танай энэ Дарь-Эхийн замд осол гарсан байна гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би гэнэт санаа зовоод гараад тэнд очиход Дарь-Эхийн хуучин ба шинэ эцсийн хооронд Мягмаргарав хүнсний дэлгүүрийн баруун замд осол гарсан, нэг хүн автомашинд мөргүүлсэн байдалтай байхаар нь бага зэрэг дөхөөд харахад манай гэр бүлийн хүн маань мөн байсан. Намайг очиход эхнэр маань амьсгаатай, гэхдээ нүд харахгүй, ямар нэгэн хариу үйлдэлгүй байсан...би архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, манай гэр бүлийн хүн маань ч гэсэн тэр өдөр эрүүл байсан...би энэ хэрэгт өөрийн хүү Баярмагнайг оролцохыг /хууль ёсны төлөөлөгчөөр/ зөвшөөрнө...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч /Жи Эс Би Капитал ББСБ-н мэргэжилтэн/ Б.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын эзэмшлийн Тоёота приүс маркийн 3408 УБИ улсын дугаартай автомашиныг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад Ш.Алтантуяа гэдэг хүн 24 сарын хугацаатай 3.2 хувийн хүүтэйгээр гэрээг байгуулж зээлдүүлсэн...Барьцааны гэрээний 5.1.6-д “гэрээний 5.1.4-г зөрчсөний улмаас бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд учруулсан хохирлыг бүрэн хариуцахыг баталж байна” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан аливаа хохирлыг зээлдэгч бие даан хариуцах зохицуулалттай. Ийм учраас уг гээрний дагуу манай байгууллага уг хэрэгтииргэний хариуцагчаар оролцохгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 40/,

Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дээрх гэмт хэргийн улмаас амь хохирогч Ш.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндийн төвөөс эмчилээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.330.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна. Яллагдагчаас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 45/,

Иргэний хариуцагч Ш.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Тоёота приүс маркийн 3408 УБИ улсын дугаартай автомашиныг Жи Эс Би Капитал ББСБ-аас зээлээр авсан. Тэгээд авсанаас хойш өөрийн хүү Стаа өгөөд унаж хэрэглүүлдэг байсан. Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцоно. Манай зүгээс ослоос гарсан зардлыг бүрэн төлж  барагдуулна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 50/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Бэлхийн гүүр орчмоос Сансарын колонк руу явах замдаа Дарь-Эхийн замд явган зорчигч мөргөж осол гаргасан. Тэгээд тухайн үедээ айгаад сандраад ослын газрыг орхиж явсан. Уг осол миний буруутай үйлдлийн улмаас гарсан...өнөөдрийн байдлаар хохиролд 10.000.00 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах зардлыг би төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /2хх-ийн 13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №1434 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост дух ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх голомтлог цус хуралт, их тархины хоёр тал бөмбөлгийн дух хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун талын дух, зулайн хуйханд цус хуралт, баруун талын 1-10, зүүн талын 2-8-р хавирганы хугарал, улаан хоолойн дээд хэсгийн цус хуралт, цээжний баруун, зүүн хөндийн хий, шингэн хуралт, баруун уушгины бүрэн бус авчилт, умдаг ясны хугарал, давсагны урд ханын урагдал, нарийн, бүдүүн гэдэсний цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайд цус хуралт, зүүн бөөрний өөхлөгт цус хуралт, баруун эгэмний зөрөөтэй далд хугарал, баруун атгаал ясны зөрөөгүй далд хугарал, баруун тахилзуур ясны зөрөөгүй ташуу хугарал, баруун шагайн үений гадна болон дотор хавчаар ясны зөрөөтэй хугарал, зүүн өсгий ясны бяцарсан хугарал, хоёр нудний дээд зовхи, зүүн эгэм, баруун бугалга, цээж, хэвлий, хоёр шагайн үенд цус хуралт, дух, зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн тавхай, хоёр шагайн үенд зулгаралтт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Амь насанд аюултай хүнд гэмтэл байна.

3. Талийгаачид задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ.

5. ГССҮТ-н 7188 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний 03 цаг 04 минутанд нас барсан байна.

6. Цус нь АВО системээр A/II/ бүлгийн харьяалалтай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 55-66/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэгийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №2452 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ хийх дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. ******* гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлогдоход цусны хэмжээ хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 69-70/,

Баянзүрх техникийн хяналтын төвийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. Уг тээврийн хэрэгсэл нь баруун, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдэл байхгүй, улсын дугаарын 2 гэрэл байхгүй, баруун урд талын карло урагдаж ханзарсан нь бүрэн бүтэн байдал хангахгүй байна.
  2. Уг авто тээврийн хэрэгсэл нь иж бүрдэл байхгүй, улсын дугаарын 2 гэрэл байхгүй, баруун урд карло урагдаж ханзарсан нь бүрэн бүтэн байдал хангахгүй байна.
  3. Ослын үед биш. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдэл байхгүй, дугаарын 2 гэрэл байхгүй, баруун урд талын карло урагдаж ханзарсан.
  4. Тоормоз бүрэн ажиллагаатай байна. Тоормозны систем нь шингэн дамжуулгатай.
  5. Тоормозны систем нь шингэн ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.
  6. Итали улсад үйлдвэрлэсэн 12999/L2/R маркийн багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 20000 cd, хол дээрээ 45000 cd, баруун гар талын гэрлийн тусгаллын чадал ойр дээрээ 11200 cd, хол дээрээ 18700 cd байгаа нь стандартын шаардлага хангаж байна.
  7. Уг тээврийн хэрэгсэл нь 2021, 2022 онд оношлогоонд тэнцсэн байна. Үзлэгийн хугацаа нь дуусаагүй байна 2023 оны 11 дүгээр сарын 07-нд дуусна... гэх дүгнэлт /1хх-н 82-91/,

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №06/79 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Toyota Prius Маркийн 3408 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 12.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.  Toyota Prius Маркийн 3408 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.5 “а” ба “б”-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна” гэх дүгнэлт /1хх-ийн 102-103/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Ч.Баярмагнайгаас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /1хх-ийн 115-250/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /1хх-ийн 12/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-19/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-22/,

Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-25/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх-ийн 43/,

Төлбөрийн баримт /1хх-ийн 115-150, 2хх-ийн 60/,

Иргэн С.Чулуунбаатарын гаргасан хүсэлт /2хх-ийн 23-25/,

Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-ийн 15/,

Говь газ ХХК-ний тодорхойлолт /1хх-ийн 33/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 1/ зэргээр тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Боохой овогтой Чинбатын С /РД: УШ94090130/ нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн хуучин эцсийн урд замд, Toyota Prius маркийн 34-08 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ш.Эрдэнэцэцэг /РД: ИО65011301/- ийг мөргөж амь насыг хохироосон,

Улмаар мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалт зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхитэй үйлдэл хийж, үүнээс үүдэн хүний амь насыг хохирсон тохиолдолд тухайн гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчийн үхэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг үйлдэхдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үйлдэлд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Жолооч захиргааны актын заалтыг зөрчсөнөөс үүсч гарах үр дагавраас шалтгаалж, авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинж өөр өөр байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хүний амь нас хохирсон” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон, Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5 дахь хэсэгт зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******  нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнай нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн үнийн дүнгээс шүүгдэгчийн зүгээс 30.000.000 /гучин сая/ төгрөг төлж барагдуулсан байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол болох 82.500.000 төгрөгийг нэхэмжилж оролцсон болно.

Дээрх нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг шүүгдэгч *******  нь 10 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнайтай харилцан тохилцсон болно. Иймд шүүгдэгч *******аас 82.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнайд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн 2.330.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэг зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт орсноор 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ, 2 дахь хэсэгт үйлдсэн, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тцсгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн ар гэрээс баримтаар нэхэмжилсэн мөнгө дүнг төлж барагдуулсан байна. Цаашид гарах сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг улсын яллагчийн зүгээс харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэг зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгуулахаар арга хэмжээ авах, мөн 2.5 дугаар зүйлд зааснаар ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг тус тус гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний зүгээс улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн байр суурьтай ижил байр суурьтай байна. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ тодорхой дурьдсан гэж харж байна. Зам тээврийн осол, энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг энэ хэргийн улмаас хүний алтан амь нас үрэгдсэн хор уршиг учирсан байна. Үүнд шүүгдэгч болон миний зүгээс уучлалт хүсч байна. Миний үйлчлэгч нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харуусаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн талаас баримтаар нэхэмжилсэн мөнгө дүнг төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэрэг гарах үед гаднах орчны харагдах байдал муу, цас орж халтиргаа, гулгаатай байсан. Шүүгдэгч нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох үедээ ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хүний алтан амыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй, Сэтгэл санааны хохирол төлбөрийг гаргуулах жижиг аргачлалыг хуульчилан зохицуулсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс сэтгэл санааны хохирол болох 82.500.000 төгрөгийг төлж барагдуулахаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж илэрхийлж ирсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэг зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялын саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулах саналтай байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлж хүсэлт гаргаж өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичгээр илэрхийлж шүүхэд гаргаж өгсөн байх тул өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй байна. Нэг зүйлийг хэлэхэд энэ гэмт хэргийн улмаас хүний ам нас хохирсон, хор уршиг хэзээ ч арилахгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Иймд шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх байх гэж найдаж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

Шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах, хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар *******т шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******т мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 82.500.000 төгргийг 10 сарын хугацаанд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярмагнайд, мөн Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газарт 2.330.000 төгрөгийг гаргуулан олгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГЛАГЧ, ШҮҮГЧ                      А.БАТМАНДАХ