| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2019/0815/З |
| Дугаар | 128/ШШ2020/0117 |
| Огноо | 2020-02-11 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2020/0117
2020 оны 02 сарын 11 өдөр Дугаар 128/ШШ2020/0117 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.А ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Ц.А д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Ц.А миний бие 2017 оны 05 дугаар сард Богдхан уулын дархан цаазат газарт буюу тусгай хамгаалалттай газар нутагт Аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах тухай хүсэлтээ холбогдох хуулийн дагуу гаргаж, улмаар Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын шаардлагын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулахыг зөвшөөрсөн А/263 дугаартай тушаалын дагуу миний бие газар ашиглах №0160... дугаар бүхий гэрчилгээг авсан юм.
Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр над уруу Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас ярьж таны газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, та ирж тушаалаа аваарай гэсэн. Үүний дагуу миний бие 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаан дээр очиж тушаалыг авч танилцахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар бүхий тушаал гаргаж нэр бүхий 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байсан ба миний ашиглаж буй газар уг тушаалын хавсралтын 18 дахь хэсэгт оруулсан байна.
Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: Сайдын тушаал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай гэжээ. Үүнийг иргэн миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа гэсэн заалтын хориглох зүйлд 11 төрлийн зөрчлийг дурьдсан байх бөгөөд миний бие уг зөвшөөрөлтэй газарт Байгалын төлөв байдлыг өөрчлөөгүй /зөрчөөгүй/, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгээгүй /зөрчөөгүй/, ан амьтан агнаж тэдгээрийн үүр, ичээ нүхийг эвдэж сүйтгээгүй /зөрчөөгүй/, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх арга, техник, бодис хэрэглээгүй /зөрчөөгүй/ , барилга байгууламж бариагүй /зөрчөөгүй/, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй /зөрчөөгүй/, зөвшөөрөлгүй нохой дагуулж, буу авч яваагүй /зөрчөөгүй/, зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийж хэт нам өндрөөр нислэг үйлдээгүй /зөрчөөгүй/, зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлээгүй /зөрчөөгүй/, булаг, шандыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй /зөрчөөгүй/, байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагааг явуулаагүй /зөрчөөгүй/ байх тул энэ хуулийн 12 дугаар зүйлийг миний бие огт зөрчөөгүй байна. Мөн тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг баримталжээ. Гэтэл энэ нь Байгалийн Цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барихийг зөвшөөрсөн заалт байх юм.
Богдхан уулын орчинд үүссэн байгаль орчинтой холбоотой аливаа харилцааг дээрх хуулийн хоёрдугаар бүлгийн Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэм гэсэн бүлэгт хамаарах зүйл, заалтаар зохицуулах ёстой. Гэтэл тушаалд Богдхан уулын орчинд үүсэж буй байгаль орчны хамааралтай харилцааг уг хуулийн гуравдугаар бүлэгт хамаарах Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэм-ийг зохицуулсан 17 дугаар зүйлээр зохицуулах гэж оролдсон нь хуулийн заалтыг буруу ойлгон хэрэглэж хууль зөрчсөн байна. Учир нь миний ашиглаж буй газар нь байгалийн цогцолборт газар биш Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах тул тушаалд хуулийн энэхүү заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.
Мөн тушаалд ...аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгосон... гэжээ. Миний бие энэхүү газар ашиглах зөвшөөрөл авахын тулд холбогдох эрх бүхий албан тушаалтнуудын шаардсан, шаардлагатай гэсэн материалуудыг бүрдүүлж өгснөөр эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас холбогдох албан тушаалтны албан бичгийг үндэслэн надад Богдхан уулын хязгаарлалтын бүсэд 5 жилийн хугацаагаар Аялал жуулчлал-ийн зориулалтаар газар ашиглах гэрчилгээг хууль ёсны дагуу олгосон гэж үзэж байна. Хэрвээ хууль зөрчиж газар олгосон гэж үзэж байвал энэхүү хууль зөрчсөн гэдгийг хэн, хэзээ хэрхэн тогтоосон, мөн хууль зөрчсөн албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зэрэг асуудал байх ёстой. Мөн Богдхан уулыг тойроод үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сүүлийн 15 жил зөвхөн Аялал жуулчлал явуулах гэсэн нэрийн дор газар ашиглах гэрчилгээг гарган өгсөн байдаг. Тэгвэл одоо Богдхан уул болон Туул голын ай савын орчим Аялал жуулчлал явуулах зориулалтаар газар ашиглах гэрчилгээ авсан 660 гаруй иргэн, 1484 аж ахуй нэгж, байгууллагын 75 хувь нь одоо зориулалтын бусаар газар ашиглаж байгаа гэсэн судалгаа байдаг. Иймд дээрх зөрчлийг гаргаж буй газар ашиглах гэрчилгээтэй иргэдийн гэрчилгээг 100 хувь хүчингүй болгож байж энэхүү ажил шударга явагдаж байна гэж харагдана. Гэтэл үүн дотроос миний газар ашиглах эрхийг хууль бусаар олгогдсон гэж үзэж байгаа нь өөрөө шударга бус бөгөөд дээрх үндэслэлээр хууль бус шийдвэр гаргасан байна. Мөн захиргааны байгууллага иргэн миний хуулиар олгогдсон эрхэнд халдаж, миний газар ашиглах эрхийг хүчингүй болгох акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу надад урьдчилан мэдэгдэхгүй, сонсох ажиллагаа хийхгүй, оролцоог хангахгүйгээр тушаал гаргасан нь мөн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу иргэн миний хуулийн дагуу авсан газар ашиглах эрхэнд үндэслэлгүйгээр хууль бусаар халдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.
Ц.А нь Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Залаатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,11 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд 0,11 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазаь газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гаргах болсонтой холбогдуулан урдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны mne.mn сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонин-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно.
Иймд хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Ц.А д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шааардлага гаргасныг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анх Байгаль орчин, ногоон хөгжил. аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Ц.А д Богдхан уулын Залаатын аманд 0.11 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгожээ.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын хавсралтын 18-д Ц.А д газар ашиглах эрх олгосон 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Маргаан бүхий А/355 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэл болгож, 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар Богдхан-Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон тул хүчингүй болгосон гэж дурьджээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Дархан цаазат газрын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваасан ба 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсийн дэглэмд хуульд заасан 10 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар 11 нэр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосны дотор 5 дахь хэсэгт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахаар зааснаас өөр барилга байгууламж барихыг зөвшөөрөөгүй гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазаь газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм гэх тайлбарыг ирүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь ирээдүйд юу болох талаар таамаглаж, иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхэд халдах хууль зүйн үндэслэл байж болохгүй.
Түүнчлэн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам, 2002 оны 117 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам-уудад Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд дүрэм, журам, хамгаалалтын горимын дагуу байгалд сөрөг нөлөөгүй аялал жуулчлалыг эрхлэхийг зөвшөөрч, газар ашиглах эрхийг зохицуулж өгсөн байдаг.
Нэхэмжлэгч Ц.А д олгосон Богдхан уулын Залаатын аманд байрлах 0.11 га талбай нь Дархан цаазат газрын Хязгаарлалтын бүсэд хамаарагдаж байгаа нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн Дархан цаазат газрын хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, онгон бүсийн давхцалын кадастрын зургаар нотлогдож байна.
Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн талбай дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барихыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй, ашиглалтын газрыг хашаалснаас өөр барилга байгууламж баригдаагүй болох нь тогтоогдсон.
Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бодит нөхцөл байдлын улмаас орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудад нийцэхгүй болно.
Иймд нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.5, 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Ц.А д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА