Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0597

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл 

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар;

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нар

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний  өдрийн  460 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.М, Б.С, хариуцагч Ц.М, хариуцагч Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2026/0222/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  460 дугаар шийдвэрээр:

 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/- ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, 47.11.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-21230000085 дугаартай нөхөн ногдуулалтын акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Б нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

"... Татварын улсын байцаагчид “Х" ХХК-ийн 2019-2022 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль-хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-21230000085 дугаар актаар 11,564,136,808.43 төгрөгийн зөрчилд 841,802,128.85 төгрөгийн нөхөн татвар, 590,490,908.99 төгрөгийн торгууль, 332,991,447.39 төгрөгийн алданги, нийт 1,765,284,485.23 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татвар төлөгч дээрх төлбөрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д заасны дагуу магадалгаанд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хянан магадалж, Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэн Татварын ерөнхий хуулийн 47.11-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно:", 47.11.1.-д "илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх;” гэх зохицуулалтын хүрээнд Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж 03 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаан түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.

Дээрх үйл баримттай ижил төстэй Маргаан таслах зөвлөлийн түдгэлзүүлсэн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны 221/ШТ2026/0058 дугаар тогтоолын хянавал хэсгийн

- 4.2-т “...маргаан таслах зөвлөл хуульд зааснаар түдгэлзүүлсэн уг тогтоол хүчин төгөлдөр байхад тухайн нөхөн ногдуулалтын актыг "захиргааны акт"-ын шинжийг бүрэн агуулсан буюу хүчин төгөлдөр эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

- 4.3 …урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад "шинэ акт гартал нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн" тогтоол гарснаар тухайн нөхөн ногдуулалтын акт биелэгдэх боломжгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн хэвээр байна гэж үзэхгүй.

- 4.4 Татварын ерөнхий хуулийн ...47.12, ...47.11-д заасан хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байгаа тохиолдолд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэрэг хэрэгжих боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр болон хуулийн зохицуулалтын талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс тайлбарласаар байтал шүүх үнэлэлгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн гомдлыг Маргаан таслах зөвлөл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тохиолдолд дээд шатны татварын алба Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-д "Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.", гэж зохицуулсан бөгөөд татвар төлөгчийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт болон маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.10-д “...үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотойгоор импортоор оруулсан тоног төхөөрөмжийн худалдан авалтад ногдуулсан нэмэгдсэн арифметик оронгийн алдаанд өртгийн албан татварын дүн нь хамаарахгүй... гэж хууль хэрэглээний алдаатай, буруу дүгнэлт хийсэн.

Татварын ерөнхий хуулийн 47.11.1.-д "илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх;” гэх зохицуулалтын хүрээнд гомдол бүхий нөхөн ногдуулалтын актад дурдсан үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотойгоор импортоор оруулсан тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хасаж тооцсон зөрчлийг тооцоолохдоо нэмэгдсэн өртгийн албан татвараас 10 хувийн татвар тооцоолж гаргасан өөрөөр хэлбэл татвараас татвар тооцож нөхөн татварыг тооцоолохдоо алдаа гаргасан тул маргаан таслах зөвлөлөөс тооцооллын алдаатай гэж дүгнэн татварын алба алдаагаа засах боломжийг олгож хуульд заасан эрх хэмжээний хүрээнд түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн Тайлбар: хэсэгт "тооцооны алдаа" гэж татварын актад бичигдсэн тоон илэрхийллийг арифметик, оронгийн гэх мэт илт тооцооны алдаа гаргасан байхыг ойлгоно. гэж тодорхойлсонтой нийцэж байна гэж үзэж байна.

Мөн үндэслэх хэсгийн 11.11 "....байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх нь үр дагавар үүсгэж, уг эрх зүйн үр дагаврыг татвар төлөгч хариуцах нь мөн хуулийн 5.1.3-т заасан шударга байх зарчимд нийцэхгүй байна.", 11.12 ....Маргаан таслах зөвлөлийн татварын улсын байцаагчийн гаргасан алдааг татвар төлөгч хариуцах үр дагаврыг үүсгэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гэж дүгнэх үндэслэлтэй." гэж хууль хэрэглээний алдаатай, буруу дүгнэлт хийсэн. Татварын ерөнхий хуулийн 47.11.1.-д "илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх;” гэх зохицуулалтын хүрээнд гомдол бүхий нөхөн ногдуулалтын актад дурдсанаас өөр шинэ зөрчил илрүүлж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд татвар төлөгч зөрчил гаргасан нь маргаангүй харин төлөх ёстой татварыг нөхөн ногдуулахдаа жишээ нь 100 төгрөгөөс төлөх татварыг тооцоолох байтал татварын улсын байцаагч 10 төгрөгөөс төлөх татварыг тооцож тооцооллын алдаа гаргажээ гэж маргаан таслах зөвлөлөөс дүгнэж актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаан түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад шүүх хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж огт зөрчил гаргаагүй байхад татварын байцаагч алдаа гаргаж төлөх ёсгүй татварт хариуцлага тооцсон мэтээр дүгнэж татвар төлөгч байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас актын дүнг нэмэгдүүлэх эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд "татвар зайлшгүй байх", "шударга байх” зарчимд нийцэхгүй байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 4.1-д зааснаар татварыг зөвхөн Улсын их хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасныг зөрчиж, хуулиар тусгайлан зохицуулсан харилцааг үл харгалзан, хуулиар ногдуулсан албан татварыг шүүхээс үндэслэлгүйгээр хүчингүй болгож, чөлөөлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

 

2.2. Хариуцагч Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“... 1. Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тухайд: Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрвөл Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах замаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор маргаан бүхий татварын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасан байдаг.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.1-д заасан "хяналт шалгалтын явцад илэрсэн нөхцөл байдлыг тодруулахаар актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар буцаах" бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага дотоод хяналтын журмаар актын зарим тооцооллыг дахин нягталж, эцсийн шийдвэр гаргах процесс үргэлжилж байхад шүүх уг процессыг таслан зогсоож, актыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

2. Татварын хяналт шалгалт эцэслэж дуусаагүй байхад шүүх дүгнэлт хийсэн тухайд: Маргаан таслах зөвлөлийн 03 дугаар тогтоол гарсны дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3626200224 дугаартай томилолтыг 63 хоногийн хугацаатайгаар олгож, хяналт шалгалтын ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т захиргааны актыг урьдчилан шийдвэрлүүлэх журам дуусаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг. Гэтэл шүүх Маргаан таслах зөвлөлөөс дахин шалгахаар буцаасан шийдвэрийг "урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дууссан" гэж буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл юм.

3. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй тухайд Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор зарим зөрчлийг хүчингүй болгож, зарим хэсгийг дахин шалгуулахаар буцаасан нь татвар төлөгчийн эрхийг хамгаалж, бодит байдлыг тогтоох зорилготой ажиллагаа юм. Дахин шалгалтын явцад актын дүн өөрчлөгдөх, зарим зөрчил хасагдах боломж нээлттэй байхад шүүх урьдчилан дүгнэлт хийж актыг бүхэлд нь хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, татварын хяналт шалгалтын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дуусаагүй, дахин шалгалт үргэлжилж байгааг дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нар болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан  “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нөхөн ногдуулалт"-ын НА-21230000085 дугаар акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Хэргийн үйл баримтын тухайд;

4.1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нараас “Х” ХХК-ийн 2019-2022 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-21230000085 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 841,802,128.85 төгрөгийн нөхөн татвар, 590,490,908.99 төгрөгийн торгууль, 332,991,447.39 төгрөгийн алданги, нийт 1,765,284,485,23 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4.2. Ингэхдээ:

- 2019 онд 435,373,910.91 төгрөгийн суудлын автомашиндаа зориулан худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон,

- 2019 онд 284,366,873.49 төгрөгийн, 2020 онд 42,590,337.04 төгрөгийн, 2021 онд 991,244,020.92 төгрөгийн, 2022 онд 1,050,218,970.51 төгрөгийн, нийт 2,368,420,201.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотойгоор импортоор оруулсан тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хасаж тооцсон,

- 2020 онд 3,002,221,545.46 төгрөгийн, 2022 онд 2,727,272,727.27 төгрөгийн, нийт 5,729,494,272.73 төгрөгөөр үйлдвэрийн барилга угсралтын ажлыг "Т а к” ХХК-иар хийлгэж нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг хасаж тооцсон,

- 2020 онд 747,472,474.20 төгрөгийн, нийт 1,690,222,244.20 төгрөгөөр урсгал засварын зардлыг хэтрүүлэн тооцож татвар ногдуулах орлогоос хасаж тооцсон,

-  2021 онд 2,285,621,075.56 төгрөгийн, 2022 онд 860,494,444.16 төгрөгийн, нийт 3,146,115,519.72 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчлүүдийг дурдан торгууль, алданги тогтоосон байна.

4.3. Уг НА-21230000085 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад,  2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор нийт 11,564,136,809.0 төгрөгийн 13 зөрчилд ногдуулсан 1,765,273,485.24 төгрөгийн төлбөрөөс 284,366,873.49 төгрөгийн 2019 оны зөрчилд 2020 оны хуулийн заалтаар хариуцлага тооцсон зөрчилд ногдуулсан 42,655,031.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,363,599,215.95 төгрөгийн 7 зөрчилд ногдуулсан 339,168,369.98 төгрөгийн төлбөрийг бууруулж, үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой 4,556,100,537.00 төгрөгийн худалдан авалтыг хувь тэнцүүлж хасаагүй зөрчилд ногдуулсан 707,589,260.72 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, 1,421,919,306.11 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотойгоор импортоор оруулсан тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хувь тэнцүүлэн хасаагүй зөрчлийг тооцохдоо татвараас 10 хувийн татварыг тооцож тооцооллын алдаа гаргасан бөгөөд уг алдаа нь нөхөн ногдуулалтын актын нийт дүнг нэмэгдүүлэхээр байгаа тул Маргаан таслах зөвлөлийн Тогтоох хэсгээр нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь түдгэлзүүлж, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.1-д заасныг баримтлан татварын албанд дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэжээ.

5. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно: 47.11.2. гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн”, 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ”, гэж тус тус заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас өөрийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг олгохын сацуу хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны журмаар хамгаалагдах боломж олгосон зохицуулалт юм.

7. Маргаан таслах зөвлөлөөс тухайн гомдол дурдсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, дахин шалгуулахаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн нөхцөлд захиргааны байгууллагын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй гэж үзэх ба нөхөн ногдуулалтын актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

8. Иймд “Х” ХХК-ийн гаргасан ““Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нөхөн ногдуулалт"-ын НА-21230000085 дугаар акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зөв байжээ.

9. Анхан шатны шүүхийн “...татвар төлөгчөөс маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж буй зорилго нь татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын актын дүнг бууруулах, хүчингүй болгох зэргээр үндэслэлгүй тогтоосон нөхөн татвар, торгууль, алдангийн дүнгийн эсрэг чиглэдэг, энэ зорилгод үндэслэн хууль тогтоогч маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлын хүрээгээр хязгаарлаж шийдвэр гаргах эрхийг хуульчилсан байх тул Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор татварын улсын байцаагчийн гаргасан алдааг татвар төлөгч хариуцах үр дагаврыг үүсгэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гэж дүгнэх үндэстэй” гэх дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Дээрх нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүх бүрэлдэхүүн мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний  өдрийн  460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Х” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнар болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан  “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нөхөн ногдуулалт"-ын НА-21230000085 дугаар акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

                                    ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР