Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                       хариуцагч Ө ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00044 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:     Ө ХХК-д холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 7.175.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Ц.Э-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Ө ХХК-ийн захирал Ц.Э, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ө ХХК-ийн захирал Ц.Э-тай “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж компанийн гадна болон дотор байрлах нэр лого бүхий хаяг, хаягжилтыг шинээр хийх, хуучин хаягт засвар хийх ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу М ХХК нь урьдчилгаа төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 70 хувийг буюу 7.175.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Ө ХХК-ийн захирал Ц.Э-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, хугацаандаа хийгдээгүй, гэрээний нөхцөл зөрчсөн учир гэрээг дуусгавар болгосон. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ц.Э нь М ХХК-иас урьдчилгаа болгож авсан 7.175.000 төгрөгийг 3 хувааж өгөхөөр тохиролцож протокол үйлдэж хоёр тал гарын үсэг зурсан. Гэтэл Ц.Э нь одоо хүртэл дээрх мөнгийг төлөөгүй байгаа юм. Иймээс Ц.Э-гаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 7.175.000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө ХХК-ийн захирал Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь Ө ХХК-ийн захирал бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М эмнэлэгтэй хаяг шинэчлэх гэрээ хийж ажилласан бөгөөд гэрээний үнийн дүнгийн 70 хувь 7.175.000 төгрөгийг авсан. Уг санхүүжилтийг материалын үнэ, авто тээврийн зардалд зарцуулсан. Тухайн ажлыг гүйцэтгэхдээ маркетингийн менежер Очирдариар дамжуулан эх засварыг баталсаны үндсэн дээр ажлыг эхлүүлсэн. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байхад тус компаний хуучин хаягийг авч хаяхад ором, нүх, сэв гарсан байсан. Нүхийг бөглүүлэхээр тухай үед уг барилгад өндөрт ажиллаж байсан ажилчдаар 150.000 төгрөгөөр янзлуулъя гэж тохироод хийлгээд дуусгахад уг мөнгийг Ө ХХК-наас гаргах ёстой гэж санхүү хариуцсан дарга н.Туул бидэнд хэлсэн. Тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ гэрээнд заасны дагуу тайлбарласан. Тэр үед н.Туул дарга ...за яахав би та нарын хаягаа хүлээлгэж өгөхийг харнаа... гэж заналхийлсэн. Уг явдлын маргааш өглөө М компаний маркетингийн менежер гэж эмэгтэй ирж ...энэ хийсэн хаягны загвар надад таалагдахгүй байна... хэмээн шаардлага тавьж эхэлсэн. Тус менежер нь тухайн ажлын эх бэлтгэл, загвар боловсруулах, батлуулах ажлын 90 хувь хүртэлх явцад бидэнтэй огт харьцаж байгаагүй. Энэ явдлаас болж ажлыг хүлээж авахгүй гэж М компаний зүгээс цааргалж эхэлсэн. Энэхүү хийгдсэн ажлыг М компани нь жил гаран хугацаанд ашигласан. Уг үйл явдалд манай компаний зүгээс эргэлзээтэй болон үр дүн хүртсэн явдал огт байхгүй учир уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00044 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-аас 7.175.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 129.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас 129.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө ХХК-ийн захирал Ц.Э давж заалдсан гомдолдоо:

Шүүх М ХХК-ийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ уг эмнэлэгийн хаягийг манай компани хийсэн өөрөөр хэлбэл ажил хийж дууссаны дараа захиалагч талын анх өгсөн захиалгын дагуу хийсэн байхад үндэслэлгүйгээр таалагдахгүй байна гэж дарамталж гарын үсэг зуруулсныг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнх өгсөн зураг захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн. Ажлын гүйцэтгэл 90%-тай байхад таалагдахгүй байна гэсэн маргаан үүсээд ажлаа хийж дууссаны дараа гүйцэтгэлийг хүлээж авч нээлт энэ тэрээ хийчихээд сүүлд нь гэнэт өөрсдийн бэлдсэн бичиг дээр гарын үсэг зуруулсан. Намайг маш их дарамталж, айлган сүрдүүлсэн. Би залуу хүн, зах зээл дээр бизнес хийх гэж хөлөө олж чадахгүй алдаж онож яваа хүн. Би хууль мэдэхгүйгээсээ болоод маш их материал цаг хугацаа ажиллах хүч зарцуулж ажил хийчихээд түүнийгээ өөрөө нотлох ёстой гэдгийг мэдэхгүй хохирсон байна. Уг нь М эмнэлэг нээлт хийхэд манай хийсэн хаягтай л байсан юм. Тэгээд би шүүхэд энэ талаар хэлсэн хүлээж аваагүй. Уг нь М ХХК-иас энэ хүний яриад байгаад үнэн үү, нээлт дээр тэр хаягтай байсан уу гээд асуухад л болохоор байсан. Тэгээд би шүүх хурлын дараа арга буюу Эрдэнэтийн бүх телевизүүдээр явж М эмнэлэгийн нээлтийн үеийн зураг бичлэгийг олох гэж сураглаж хөөцөлдөөд зургийг нь олж авсныг энэ гомдолдоо хавсаргаж өглөө. Мынхан ядахдаа нээлтэнд миний хийсэн хаягийг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөгүйд маш их гомдож байна. Бас одоо хүртэл нэг хаяг нь байж л байгаа. Хүнээр ажил хийлгээд нэг албан тушаалтны сэтгэлд таалагдаагүй гэж өч төчнөөн хөрөнгө мөнгө хүч хөдөлмөр зарцуулж хийлгэсэн ажлын хөлсийг буцаагаад авчихаж болдог юм уу. Өнөөдөр М эмнэлэг санхүүгийг баримтандаа манай компанид төлсөн ажлын хөлсөө зарлагадсанаар л тусгасан байгаа юм байна лээ. Надад маш харамсалтай, гомдолтой байна. Шүүх өөрөө нотлох баримт шаардлагатай гэвэл хурлыг хойшлуулж болох заалт хуулинд байдаг юм байна. Илтэд хохиротой байдал харагдаж байхад шүүх шудрага хандсангүй гэж гомдож байна. Иймд шүүхийн анхны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 7.175.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-аас 7.175.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК нь Ө ХХК-тай ажил гүйцэтгэх 03 дугаартай гэрээ байгуулжээ.

 Уг гэрээгээр компаний гадна болон дотор байрлах нэр бүхий лого хаяг, хаягжилтыг шинээр хийх, хуучин хаягт засвар хийх зэрэг ажлыг 15 хоногийн хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгэж дуусгах, шаардлагатай нэмэлт ажил, засварыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний дотор багтааж гүйцэтгэх, ажлын хөлснийхөө 70 хувь буюу 7.175.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөртөө хүлээн авч, үлдсэн 30 хувийг ажлын үр дүнгээ хүлээн авсаны дараа төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ө ХХК-ийн хийсэн ажлын үр дүн доголдолтой, хугацаандаа хийгдээгүй, гэрээний нөхцөл зөрчсөн тул М ХХК-ийн санаачилгаар гэрээг дуусгавар болгожээ.

2016 оны 08 дугаар сарын 09 ний өдөр М ХХК-иас урьдчилгаа болгож авсан 7.175.000 төгрөгийг хариуцагч 3 хувааж төлөхөөр болж тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хариуцагч Ө ХХК-ний захирал Ц.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Шүүх хариуцагч Ө ХХК-иас 7.175.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  М ХХК-д олгож  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Ө ХХК-ийн захирал Ц.Э-ийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ц.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2018/00044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-ийн захирал Ц.Э-ийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР