Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 230

 

И.Мө-, Б.Мө-, С.Мө-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр магадлалтай 1736000630051 дугаар эрүүгийн хэргийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлыг гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй И.Мө-,

2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Мө-,

3. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй С.Мө- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мө-аас 184.215 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ма-д 125.827 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Ою-д 58.357 төгрөг, шүүгдэгч Б.Мө-оос 184.215 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ма-д 125.827 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Ою-д 58.357 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Ма- нь цаашид гарах эмчилгээний зардал, хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарт 1 жил хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарыг гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор Д.Аянагүл гаргасан эсэргүүцэлдээ “Шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй болсон бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байхад түүнийг засахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчиж хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Мө- нь үйлдлээрээ бусадтай бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ма-, М.Ою-, гэрч М.О-, шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон байхад шүүх шүүгдэгч С.Мө-т холбогдох хэргийг цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5-т заасан заалтын дагуу хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг ямар баримтуудаар няцаан үгүйсгэснийг тогтоолдоо заагаагүй, мөн шүүхээс шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хорих ял оногдуулж тэнсэх талаар заагаагүй байна. Түүнчлэн И.Мө-, Б.Мө- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ “чулууг” хэрэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг тул “чулууг” тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэж И.Мө-, Б.Мө- нарын үйлдлийг мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Мө- энэ хэрэгт оролцоогүй болох нь бүрэн нотлогдож, тогтоогдсон учраас түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй. Шүүгдэгч И.Мө-, Б.Мө- нарын хувьд үйлдсэн хэрэг, учруулсан хохирлоо төлөхөө хүлээн зөвшөөрсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Давж заалдах шатны шүүхээс чулууг тусгайлан бэлтгэсэн зэвсэг болгон хэрэглэсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тайлбарт чулуу нь зэвсгийн төрөлд ороогүй байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч тус бүрд 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаатайгаар тэнсэн харгалзсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн шийдвэрийг зөвтгүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй орхиж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг буцаасан нь мөн хууль буруу хэрэглэсэн үйлдэл болсон. Чулууг тусгайлан бэлтгэсэн зэвсэг гэж үзэж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Уг ялыг хүндрүүлэхээр хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хуулийг илтэд буруу ойлгож тайлбарлаж байгаа үйлдэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлын гаргасан эсэргүүцлийг үндэслэн И.Мө-, Б.Мө-, С.Мө- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч И.Мө-, Б.Мө-, С.Мө- нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 08 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутагт М.Ою-, М.О-, М.Ба-, М.Пү- нараас архи нэхэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар тэдний үйлдлийг таслан зогсоохоор ирсэн Б.Ма-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч И.Мө-, Б.Мө-, С.Мө- нарын энэхүү үйлдэл нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нөхцөл байдлыг үүсгэсэн байхад анхан шатны шүүх тэдний үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэн мэтээр тооцож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын архи нэхэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл, мөн Б.Ма- болон М.О- нарыг зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэл тус бүр өөр өөр гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буруу тайлбарлаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                                       ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН