Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00559

 

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2020/00559

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 7-16 тоотод оршин суух, Дархан овогт Далайн О.. /../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /../-т холбогдох,

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 4,672,442 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,792,748.90 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай тодруулсан шаардлагатай 153/2020/00488/и индекстэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О.. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.О.. нь Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,792,478 төгрөг 90 мөнгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч Д.О.. Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас хууль бусаар халагдсан. Үүнтэй холбоотой ажилд эгүүлэн тогтоолгох маргааныг Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 529 дүгээр шийдвэрээр шийдсэн. Энэ шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргаагүй. Шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрээр Д.О..г урьд эрхэлж байсан буюу Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоож 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.О.. хүүхэд асрах чөлөө авах хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг хүлээн авч ажил олгогч этгээд ажилд томилсон гэдгээ хэлсэн боловч тушаалаа өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. 529 дүгээр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. 2020 оны 3 дугаар сарын 20-ны үед ажил авлаа. Эрх долоо хоногоос эхлэн ажлаа хүлэлцэж авна шүү гэж хэлэхээр нь нэхэмжлэгч би нялх хүүхэдтэй, хүүхэд төрөөд удаагүй байна. Би хүүхэд асрах чөлөө авна гэдэг асуудлыг хэлсэн.

Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөгөө гаргаж 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогч хүүхэд асрах тушаал гаргаж өгсөн байсан. Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалыг нэхэмжлэгч гардан аваагүй байгаа. Шүүхэд гаргаж өгсөн тушаалын дагуу ярьж байна. Ажилд авсан, хүүхэд асрах чөлөө өгсөн гэх хоёр тушаалыг нэхэмжлэгч Д.О.. аваагүй байгаа. Хэдний өдрийн ямар тушаалаар ажил авсан талаар нэхэмжлэгч ойлголтгүй байгаа.

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд хариу тайлбар өгөхгүй удсан. Өмнөх шүүх хуралдаан хойшлоод, гомдлын шаардлагаа тодруулсны дараа хариу тайлбар өгсөн байсан.

Миний хувьд тайлбартай нь танилцсан. Тайлбарт нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр амаржсан гэсэн өргөдлийг тус байгууллагад гаргасан тул хуульд зааснаар жирэмсний амралтаа Д.О.. эдэлсэн гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч ийм өргөдөл гаргаагүй. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогч шүүхийн шийдвэр биелүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс амаржсан талаарх өргөдлийг тус байгууллагад гаргаагүй. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хуулийн дагуу амаржсаны амралтаа эдлэх ёстой бөгөөд 02 дугаар сарын 11-ний өдрөөс цааш хүүхэд асрах чөлөө авах эрхтэй боловч 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн чөлөө хүссэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна.

Хариуцагч талаас ирүүлсэн 2019, 2020 оны цалин хөлсний картанд 2019 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гарснаар хүүхэд асрах чөлөө авах хүртэлх хугацаанд ямар нэгэн цалин хөлс, аваагүй. Жирэмсний болон ээлжийн амралтын олговрын хэмжээ тусгагдаагүй байгаа гэдэг үйл баримтаар нэхэмжлэгчийг ажилд томилсон, жирэмсний амралтаа эдэлсэн гэх ажил олгогчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Жирэмсний болон ээлжийн амралтын олговрыг авах асуудал нь ажил олгогч этгээдтэй хамааралгүй. Нийгмийн даатгалын сангаас ажилтан өөрөө хүсэж авдаг. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа. 2019 оны 11 дүгээр сард ажлын 21 хоног байгаа. Үүнээс шүүхийн шийдвэрт тусгагдаагүй буюу шүүхийн шийдвэр гарснаас хойших ажлын 11 хоног байгаа. 2019 оны 12 дугаар сард ажлын 22 хоног, 2020 оны 01 дүгээр сард ажлын 23 хоног, 2020 оны 02 дугаар сард ажлын 20 хоног, 2020 оны 2 дугаар сард ажлын 22 хоног байгаа. үүнээс хүүхэд асрах тушаал гарснаас өмнөх 17 хоногийг тооцож байгаа. 2,792,478 төгрөг 90 мөнгийг ажил олгогч этгээдээс нэхэмжилж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг дэмжиж байна....Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байгаа. Ажил хүлээлцэж авснаар мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг олгуулж байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно гээд өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байгаа....Гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа....Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар архив бичиг хэргийн ажилтны албан тушаалаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр мөн ажилдаа эгүүлэн тогтоогдсон байгаа....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...1.2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр амаржсан гэсэн өргөдлийг тус байгууллагад гаргасан тул хуульд зааснаар жирэмсний амралтаа эдлэх журамтай бөгөөд Д.О.. нь энэ эрхээ эдэлсэн.

2.2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл амаржсаны амралтаа эдлэх хуулийн дагуу амаржсаны амралтаа эдлэх ёстой бөнөөд үүнээс цааш 02 дугаар сарын 18-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авах эрх, үүрэгтэй боловч 2020 оны 3 дугаар сарын 22-ний өдрөөс чөлөө хүссэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О.. нь Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 4,672,442 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь хариуцагчид холбогуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,792,748.90 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны амралттай байсан...., амаржсаны амралтын хугацаа дуусаад хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлтийг гаргаагүй....,нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Д.О.. нь Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00529 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч "Шим-Ус" ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч Д.О..гийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-19 дүгээр тал/

Уг шийдвэрт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гомдол гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ

Нэхэмжлэгч Д.О.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ....шийдвэрийг хариуцагч Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь сайн дураар биелүүлээгүй тул Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.... гэж бичсэн байх бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар болон Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00529 дугаартай шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд нь томилсон талаарх баримтыг ирүүлээгүй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь ....Шүүхийн шийдвэрийг хүлээн авч ажил олгогч этгээд ажилд томилсон гэдгээ хэлсэн боловч тушаалаа өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. 529 дүгээр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа.... гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь Д.О..гийн 2019, 2020 оны цалингийн тооцооны картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 57-58 дугаар тал/

Хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө олгосон талаарх Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай Д.О..д хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлжээ.

Иймээс нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00529 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойш хүүхэд асрах чөлөө олгосон өдрийг хүртэл хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна.

Энэ хугацаанд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгоно

Нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны амралттай байсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 1557938 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов. /хх-ийн 44 дүгээр тал/

/2019 оны 5 дугаар сар 650,000 төгрөг + 6 дугаар сар 500,000 төгрөг + 7 дугаар сар 763,208 төгрөг = 1,913,208 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 637,736 төгрөг / 21 хоног = 1 өдрийн цалин хөлс 30,368.3 төгрөг х 87 хоног = 2,642,042 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2019 оны 5 сард ажлын 23 хоног + 6 сард ажлын 20 хоног + 7 сард ажлын 20 хоног = 63 хоног / 3 = 21 хоног/.

Ажилгүй байсан хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал буюу ажлын нийт 87 хоногийн цалин хөлс 2,642,042 төгрөгийг Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,706.90 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О..гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2,642,042 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О..д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,642,042 /хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О..д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,706.90 /нэг зуун тавин мянга долоон зуун зургаан төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О..гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О..гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,710 /наян есэн мянга долоон зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 57,223 /тавин долоон мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О..д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ