Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00560

 

2020 оны 08 сарын 14 өдөр

    Дугаар 153/ШШ2020/00560

                  Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын .. багт оршин суух, Ноосой овогт Балаанзын Т /../-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хорооны булгийн 19 дүгээр гудамжны .. тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Гүнчандмань 12 айлын орон сууцны .. тоотод оршин суух, Хошууд овогт Жамсрангийн Жаргалсүрэн /../-д холбогдох

2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 153/2020/00406/и дугаар индекстэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б..., хариуцагч Ж.Жаргалсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б... миний бие хариуцагч Ж.Жаргалсүрэнтэй 2019 оны 9 дүгээр сард танилцаад найзалж нөхөрлөөд явдаг байсан. 2019 оны 9 дүгээр сард Ж.Жаргалсүрэн нь надаас 1 ширхэг хятад мотоциклийг 350,000 төгрөгөөр үнэ тохирч аваад удалгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд надаас авсан боловч мөнгийг нь өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөнгө хэрэг болоод байна. Удахгүй өгнө гэж хэлээд надаас 1,000,000 төгрөг авсан. Бас өгөөгүй. 2019 онд Ховд аймгийн Цэцэг сумын кемп дээр ажиллаж байхдаа 120,000 төгрөг авсан боловч бас өгөөгүй. 2019 онд 25 килограммын ууттай гурилыг 30,000 төгрөгөөр бодож авсан боловч мөнгийг нь өгөөгүй байгаа. 2019 онд 50 литрийн А92 бензинийг 2,000 төгрөгөөр бодож авсан. Үүний үнэ болох 100,000 төгрөгийг мөн өгөөгүй байгаа. 2019 онд 200,000 төгрөг зээлээч удахгүй өгнө гэхээр нь бэлнээр өгсөн. Бас 100,000 төгрөг бэлнээр өгсөн. Би нэхэмжлэл гаргахын тулд Ховд аймаг болон Булган сум руу удаа дараа явсан. Үүний зардал нийт 200,000 төгрөг болсон. Иймд хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс нийт 2,100,000 төгрөг гаргуулж өгнө үү....2019 оны 9 дүгээр сард БНХАУлсад үйлдвэрлэсэн 150 маркийн мотоциклийн үнэ 350,000 төгрөгөөр Ж.Жаралсүрэнд худалдсан. Ж.Жаргалсүрэн өөрөө Энхбаяр гэдэг хүнтэй ирээд унаад явсан. 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Ж.Жаргалсүрэн нь Улаанбаатар хот руу явах гэтэл зардалгүй болчихлоо. Би хотод ажил хийж байгаад ирнэ гэж хэлээд 120,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Ж.Жаргалсүрэн нь  Улаанбаатар хотод байхдаа гэрт гурил аваачаад өгчих гэж хэлэхээр нь Алтан тарианы 25 килограммын ууттай гурилыг хүүхдүүдэд нь аваачиж өгсөн. Уг гурилын үнэ 30,000 төгрөгийг гаргуулна. 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Цэцэг сумаас Мөст сум ороод ирлээ гэж Ж.Жаргалсүрэн нь Энхбаяртай хамт ирээд 50 литр бензины мөнгө болох 100,000 төгрөг бэлнээр авсан. 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот явна гэж хэлээд бэлнээр 100,000 төгрөг авсан. Ломбарданд мөнгөн ээмэг, бөгжөө тавьсан чинь хугацаа нь дуусах гээд байна ах гэхээр нь би 2019 оны 9 дүгээр сард өгсөн. 2019 оны 9 дүгээр сард ломбарданд ээмэг, бөгжөө тавьсан гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг авсан. Нэхэмжлэл гаргахаар Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2 удаа ирж очсон замын зардал, Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн төвд ирж буцсан замын зардал, унааны хөлс, нийт 200,000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө нэхэмжилж байгаа....350,000 төгрөгөөр тохироод найз Энхбаяртайгаа хамт ирээд мотоцкпийг минь аваад явсан....Одоо нэхэмжилж байгаа үнийн дүнд сэрхний үнэ 120,000 төгрөг ороогүй юм байна. Сэрхний үнэ 120,000 төгрөгийг нэхэмжлээгүй....гэв.

Хариуцагч Ж.Жаргалсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Хариуцагч Б... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө мэдэхгүй байна гэдэг нь өс хонзонгийн асуудлаар шүүхэд хандсан гэж үзэж байна. Б... нь өөрөө надад хайр зарлаж явахад гарсан замын зардлыг би төлөх ёсгүй. Надад хариуцагч Б...ыг гэр бүлээс нь салгаад суух зориг байхгүй. Б... нь хоёр жоохон хүүхэдтэй. Миний машинд 50 литр бензин ордоггүй. Би хариуцагч Б...аар нэг литр бензин ч хийлгэж үзээгүй. Миний машины банканд 35 литр бензин ордог юм шиг байна лээ. Миний машины банк байнга талаасаа дүүрэн бензинтэй явдаг. Намайг хотод байх үед Б... ах хүүхдүүдэд 25 килограммын уут гурил, хуучин хивс хоёр аваачиж өгсөн байсан. Би .. ахаас мөнгө авч байгаагүй. Б... ахын бодож байгаа шиг би өөрт нь сайн байсан бол 100,000 төгрөгөөс илүү зүйлийг авах байсан байх. Б... ах манайд ирээд хонож өнжөөд хувцасаа угаалгаад явдаг байсан. Би гэртээ ганцаараа байсан учир айх аядаад аясыг нь харж, Б... ахыг ойлгох байх гэж бодож эмэгтэй хүний ухаанаар хандаж байсан. Түүнээс биш янз бүрээр хэлж, хөөж байгаагүй. Б... ах чи ачыгаа зөөгөөд ажилдаа хэрэглэж бай гээд мотоциклийг зүгээр ав гэж хэлсэн. Мөн нэг портер машин бас зүгээр ав гэж хэлэхээр нь би мотоциклийг нь 300,000 төгрөгөөр аваад портер машиныг нь аваагүй. Б... ах өөрийн эхнэрээсээ бүх зүйлээ нуудаг юм байна лээ. Эхнэрээсээ нууж сумын нэг хоршооллоос 1,000,000 төгрөг авч байгаа би чиний данс руу шилжүүлчихье. Би маргааш, нөгөөдрөөс орж машиндаа юм хийх гэж байгаа юм гэж хэлэхээр нь би дансны дугаараа өгсөн. Манай нөхөр тэтгэврийн зээлтэй байж байгаад нас барсан учир миний данс руу орсон мөнгө татагддаг болохоор шууд ХААН банкны карт уншуулж аваад татуургандаа тэр мөнгийг нь хийсэн. Б... ах 2, 3 хоногийн дараа ирж өөрөө 1,000,000 төгрөгөө надаас бэлэн аваад машиндаа зарцуулсан. Надад ойр зуурын юм ав гэж хэлээд 20,000 төгрөг өгөх гэхээр нь би аваагүй. Төрөө ах надад анхнаасаа гэр бүл болох тухай санал тавьсан учир би нүүр өгдөггүй байсан. Төрөө ах манайд ирээд хувцасаа угаалгаад явахад нь би мотоциклийн үнэ 300,000 төгрөгийг өөрт нь өгсөн. Одоо надад Төрөө ахад өгөх ямар ч өр байхгүй. Би боломжийн амьдралтай. Хүнээс мөнгө аваад байх шаардлага байхгүй. Төрөө ах өөрөө хоёр жоохон хүүхэдтэй байж эхнэрээсээ салаад надтай сууна гэж байсан учир би өөрийгөө хамгаалахын тулд аясаар нь байдаг байсан. Миний амьдралд ийм зүйл тохиолдож байгаагүй учир би ичиж байна....Өдий насны хүн ийм хачин зүйл хийж байгаад гайхаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би гомдолтой байна. Надаар хувцасаа угаалгаж, манай гэрт өөрийн гэртээ байгаа юм шиг байдаг байсан....Би хүмүүсээс ичээд энэ талаар хэнд ч хэлээгүй. Би өдий наслахдаа цагдаагийн хаалга ч татаж үзээгүй....Хот явж ажил хийнэ гэж мөнгө авсан гэж ярьж байна. Би өөрөө энд ажилтай учир надад хотод очиж хийх шаардлага байхгүй. Тухайн үед би Ховд аймаг Цэцэг сум хоёрын хооронд ажилчдынхаа хоол хүнс зөөгөөд завгүй байсан. .. ах худлаа ярьж байна....Намайг эзгүй байхад хуучин хивстэй хамт авчирч өгсөн байсан. Би гурилынх нь үнийг тэр даруй өгсөн. Надад энэ хүнд өгөх нэг ч төгрөгийн өр байхгүй....Надад Увс аймагт амьдардаг эгч байхгүй. Хэрэв эмчилгээ хийлгэх шаардлага гарвал би аймагт юм уу, Улаанбаатар хот хоёрын нэгэнд очиж эмчилгээ хийлгэнэ. Би Увс аймаг яваагүй. Худлаа яриад байгаа нь мэдэгдээд байна....Би Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтын кемп дээр том машины дугуй засвар ажиллуулдаг....Би өөрөө 1,000,000 төгрөгийг нь данснаасаа аваад манайд ирэхээр нь бэлнээр өгсөн. Гэрч гэвэл би өөрөө биеэрээ зогсож байна....Үнэгүй ав гээд байсан юм шүү. Би мотоциклийг нь 300,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 10 сард мөнгийг нь манайд ирэхэд нь бэлнээр өгсөн....Би ийм замаар явж байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Би авсан зүйлээ буцааж өгсөн. Өмгөөлөгч нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч амьд нотлох баримт нь энд би сууж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б... нь Ж.Жаргалсүрэнд холбогдуулан 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б... нь нэхэмжлэлийн шаардлагаа “....2019 оны 9 дүгээр сард Ж.Жаралсүрэнд худалдсан БНХАУлсад үйлдвэрлэсэн 150 маркийн мотоциклийн үнэ 350,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Ж.Жаргалсүрэн нь Улаанбаатар хот явахдаа зээлж авсан 120,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр гэрт гурил аваад өгчих гэж Ж.Жаргалсүрэнг хэлэхээр нь 25 килограммын Алтантариа гурил авч өгсөн гурилын үнэ 30,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр 50 литр АИ92 бензины мөнгө болох 100,000 төгрөг бэлнээр авсан, 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот явна гэж хэлээд бэлнээр авсан 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард ломбарданд ээмэг, бөгжөө тавьсан гэж хэлээд бэлнээр авсан 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт эгчийн бие муу байна гэж хэлээд зээлж авсан 1,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргахаар Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2 удаа ирж очсон замын зардал, Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн төвд ирж буцсан замын зардал, унааны хөлс, нийт 200,000 төгрөг, бүгд 2,100,00 төгрөгийг хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс гаргуулах....” гэж тодруулав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч Ж.Жаргалсүрэн нь “....2019 оны 9 дүгээр сард намайг Улаанбаатар хотод байхад манай гэрт 25 килограммын Алтантариа гурил аваачиж өгсөн, би энэ мөнгийг нь 2-3 хоногийн дараа Б...ад бэлнээр өгсөн, 2019 оны 10 дугаар сард БНХАУлсад үйлдвэрлэсэн 150 маркийн мотоциклийг Б... ахаас 300,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгсөн, 2019 оны 10 дугаар сард Б... ах над руу утасдаад эхнэрээсээ нууж байна, чиний данс руу шилжүүлчихээд очоод авъя гэж хэлээд 1,000,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд 2-3 хоногийн дараа ирээд надаас 1,000,000 төгрөгөө бэлнээр нь авсан, надад Увс аймагт амьдардаг эгч байхгүй худлаа ярьж байна, 2019 оны 9 дүгээр сард 50 литр АИ92 бензины мөнгө болох 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот явна гэж хэлээд бэлнээр 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард ломбарданд ээмэг, бөгжөө тавьсан гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг зэргийг би огт аваагүй, надад ломбарданд тавиад байдаг ээмэг, бөгж байхгүй, би хүнээс мөнгө аваад байдаг амьдралын боломж муутай хүн биш, нэхэмжлэл гаргахаар Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2 удаа ирж очсон замын зардал, Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн төвд ирж буцсан замын зардал, унааны хөлс, нийт 200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй....” гэж маргав.

Нэхэмжлэгч Б... нь хариуцагч Ж.Жаргалсүрэнд 2019 оны 10 дугаар сард БНХАУлсад үйлдвэрлэсэн 150 маркийн мотоцикль худалдсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.Энхбаярын “....Суудал, толь хоёрын шинээр сольсон хужаа сэлбэсэн мотоциклийг Ж.Жаргалсүрэн нь Б...ынхаас очиж авахад би хамт явсан юм. Тэр мотоциклийг Ж.Жаргалсүрэн авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/ зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Харин уг мотоциклийг нэхэмжлэгч нь 350,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нь 300,000 төгрөгөөр худалдан авсан гэж тус тус маргав.

Хариуцагч Ж.Жаргалсүрэн нь БНХАУлсад үйлдвэрлэсэн 150 маркийн мотоциклийг 300,000 төгрөгөөр Б...аас худалдан авсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Энхбаярын “....Б... эхнэртэйгээ Ж.Жаргалсүрэн гурав хамт зогсчихсон 300,000 төгрөг гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/  зэргээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь мотоциклийг 350,000 төгрөгөөр худалдсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Ж.Жаргалсүрэн нь нэхэмжлэгчээс худалдан авсан мотоциклийн үнэ болох 300,000 төгрөгийг бэлнээр Б...ад өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймээс хариуцагчаас БНХАУлсад үйлдвэрлэсэн 150 маркийн мотоциклийн үнэ болох 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б... нь 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр 30,00 төгрөгийн үнэ бүхий 25 килограммын Алтантариа гурилыг Ж.Жаргалсүрэнгийн гэрт авч өгсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд хариуцагч нь гурилын үнэ 30,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэж маргав.

Б...ад Ж.Жаргалсүрэн нь гурилын үнэ 30,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гурилын үнэ 30,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б...ад олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт эгчийн бие муу байна гэж хэлээд зээлж авсан 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаарджээ.

Нэхэмжлэгч Б... нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гүйлгээний утга дээр 94956177 гэсэн бичилттэй хариуцагч Ж.Жаргалсүрэнгийн эзэмшлийн ХААН банк дахь 5296055225 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагчийн эзэмшлийн ХААН банк дахь 5855005567 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны Ховд салбарын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 417 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй болно.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “...2019 оны 10 дугаар сард Б... ах над руу утасдаад эхнэрээсээ нууж байна, чиний данс руу шилжүүлчихээд очоод авъя гэж хэлээд 1,000,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд 2-3 хоногийн дараа ирээд надаас 1,000,000 төгрөгөө бэлнээр нь авсан, надад Увс аймагт амьдардаг эгч байхгүй худлаа ярьж байна....Надаас 1,000,000 төгрөгөө бэлнээр нь авсан....Би амьд гэрч нь байна....” гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гүйлгээний утга дээр 94956177 гэсэн бичилттэй хариуцагч Ж.Жаргалсүрэнгийн эзэмшлийн ХААН банк дахь 5296055225 тоот дансанд шилжүүлсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Ж.Жаргалсүрэнгийн гуйлтаар зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчид уг 1,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэдгээ нотлохгүй байна.

Тодруулбал, талууд нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн, талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь тухайн мөнгийг хэдийд буцааж өгөх болон нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг шаардаж байсан нь нотлогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Б...ын гаргасан хариуцагчаас зээл 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б... нь хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс  2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Ж.Жаргалсүрэн нь Улаанбаатар хот явахдаа зээлж авсан 120,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 50 литр АИ92 бензины бэлнээр авсан мөнгө 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот явна гэж хэлээд бэлнээр авсан 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард ломбарданд ээмэг, бөгжөө тавьсан гэж хэлээд бэлнээр авсан 200,000 төгрөг, нэхэмжлэл гаргахаар Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2 удаа ирж очсон замын зардал, Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн төвд ирж буцсан замын зардал, унааны хөлс 200,000 төгрөг зэргийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ж.Жаргалсүрэн нь дээрх байдлаар огт бэлнээр мөнгө авч байгаагүй гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хот явахдаа зээлж авсан 120,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 50 литр АИ92 бензины бэлнээр авсан мөнгө 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот явна гэж хэлээд бэлнээр авсан 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард ломбарданд ээмэг, бөгжөө тавьсан гэж хэлээд бэлнээр авсан 200,000 төгрөг, нийт 520,000 төгрөгийг зээлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаар Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2 удаа ирж очсон замын зардал, Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн төвд ирж буцсан замын зардал, унааны хөлс 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 9 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хот явахдаа зээлж авсан 120,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 50 литр АИ92 бензины бэлнээр авсан мөнгө 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот явна гэж хэлээд бэлнээр авсан 100,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард ломбарданд ээмэг, бөгжөө тавьсан гэж хэлээд бэлнээр авсан 200,000 төгрөг, нэхэмжлэл гаргахаар Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд 2 удаа ирж очсон замын зардал, Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн төвд ирж буцсан замын зардал, унааны хөлс 200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс мотоциклийн үнэ болох 300,000 төгрөг, гурилын үнэ 30,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б...ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,770,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс 330,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б...ад олгох нь зүйтэй байна.

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбатын тус шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэрч Б.Энхбаярын шүүхэд ирж мэдүүлэг өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбатын тус шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэрч Б.Энхбаярын шүүхэд ирж мэдүүлэг өгөхдөө замын зардалд 20,000 төгрөг төлсөн болох нь №0371502 дугаартай орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбараар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б...аас гэрчийн замын зардлын хөлс 10,000 төгрөгийг, хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс гэрчийн замын зардлын хөлс 10,000 төгрөгийг тус тус гаргуулан гэрч Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, ПЕ70032711 регистрийн дугаартай, Баруун хадаахан овогт Бэгзээгийн Энхбаярт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Баян төл хоршооны тодорхойлолт, хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд авагдсан гэрч Т.Алимаагийн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан хавтаст №0371503 дугаартай орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарт хаана очих талаар бичилтгүй, огноо хэсгийг өөр өнгийн зүйлээр бичсэн буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б...ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,770,000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 /дөчин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 10,550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б...ад олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б...аас гэрчийн замын зардлын хөлс 10,000 төгрөгийг, хариуцагч Ж.Жаргалсүрэнгээс гэрчийн замын зардлын хөлс 10,000 төгрөгийг тус тус гаргуулан гэрч Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, ПЕ70032711 регистрийн дугаартай, Баруун хадаахан овогт Бэгзээгийн Энхбаярт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ