Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00561

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00561

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Жантекей базархул овогт Сабкегийн Катеп /../-ийн нэхэмжлэлтэй,

нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00476/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэм, прокурор Т.Өсөхболд нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Катеп нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрхэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Хэлмэгдэгч Т.Сабке нь 1938 онд хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэлмэгдэгчийн эхнэрийг Баршай гэдэг байсан. Миний эмээ болох нь С.Катеп нь ам бүл тав. Хоёр ах, нэг дүү нь нас барсан. Ах нарыг нь Батай, Согосхаан гэдэг. Дүү нарыг нь Мянгад, Үмтхан гэдэг. Дүү Үмүтхан нь Монгол улсын харъяатаас гарч Казакстан улсын иргэн болсон. Одоо амьд байгаа нь манай эмээ С.Катеп юм. Эмээ маань 87 настай, өөрийнх нь биеийн байдал тааруу байгаа учир намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа. Миний эмээгийн аав болох Телеберьд овогтой Сабке нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдан Ховд аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянаад Улсын дээд шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор цагаатгагдсан.

Одоо улсаас нөхөн олговор 40,000,000 төгрөг өгөх тухай сонин дээр зарлагдсан учраас нөхөх олговор 40,000,000 төгрөгийг миний эмээ болох С.Катепэд олгож өгнө үү....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, Монгол улсын прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу С.Катепийн нэхэмжлэлтэй нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна. Хэргийн материалтай танилцахад хэрэгт тодорхой нотлох баримтуудыг гаргуулан авсан гэж үзэж байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00488 дугаартай шийдвэрээр Катепийг хилс хэрэгт хэлмэгдэгч Т.Сабкегийн төрсөн хүүхэд мөн болохыг тогтоосон. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Нөхөх олговор 40,000,000 төгрөгийг гаргуулах талаарх нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж байгаа тул нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Катеп нь нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэлмэгдэгч Төлөберьдийн Сабке нь улс төрийн хэрэгт холбогдуулан Ховд аймгийн Ардын шүүх талсах газрын 1939 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 114 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 159 дүгээр тогтоолын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08/312 тоот архивын лавлагаа, 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 680 дугаартай цагаатгалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3, 4-5, 7 дугаар тал/

Нэхэмжлэгч С.Катеп нь хэлмэгдэгч Төлөберьдийн Сабкегийн төрсөн охин мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2020/00488 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдлоо. /хх-ийн 36-39 дүгээр тал/

Төлөберьдийн Сабкегийн хүүхдүүдээс Савхигийн Батаа /УР30042113/ нь 1997 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь Ховд аймгийн Улсын үртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 126/003552 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, Савхийн Согосхаан /УР33080414/ нь 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь Ховд аймгийн Улсын үртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 126/003551 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, Савхиан Мянгат /УД44070212/ нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь Ховд аймгийн Улсын үртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 126/003550 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 11-13 дугаар тал/

Харин Савкены Умитхан нь Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр нотлогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дүгээрт энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж заасны дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны №59 /6284/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Сабкегийн Катепийн нэрийг зарлаж, нөхөх олговрын хэмжээг 40,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 14 дугаар тал/

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Жантекей базархул овогт Сабкегийн Катепэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Жантекей базархул овогт Сабкегийн Катеп /../-д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч С.Катепийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ