Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00562

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00562

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ..-.. тоотод оршин суух, Үхэртынхэн овогт Мампилийн Д.. /../-ын нэхэмжлэлтэй,

нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00593/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч М.Д.., прокурор Т.Өсөхболд нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний эцэг Ж.Мампил нь 1905 онд төрсөн. 7 настайдаа ламд шавиар орж хийдэд сууж байгаад лам болсон. Жигж овогтой Мампил нь 1938 оны 3 дугаар сарын 07-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45, 47 дугаар 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны 39 дүгээр магадлалаар миний эцгийг цагаатгасан.

Миний эцгийг Мампил гэдэг байсан боловч намайг шинээр иргэний үнэмлэх авахад манай эцгийн нэрийг Мампил байсныг Ямпил гэж буруу бичсэн байсан учраас тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2019/00055 дугаартай шийдвэрээр эцгийн нэрээ өөрчлүүлсэн. Мөн тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2020/00376 дугаартай шийдвэрээр садан төрлийн холбоогоо тогтоолгосон.

Төрсөн эгч Я.Жавзмаа, төрсөн дүү Я.Насандолгор нартай хэлцэл байгуулсан учраас миний бие нь төлөөлөн шүүхэд нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд .. регистрийн дугаартай, Үхэртынхэн овогт Мампилийн Д.. надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би Я.Д..ын нэхэмжлэлтэй нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.. нь Мампилын төрсөн охин мөн болохыг буюу садан төрлийн холбоог тогтоож шийдвэрлэсэн. Мөн Я.Д.. нь өмнө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.Ямпилын төрсөн хүү мөн гэж үзээд нөхөн олговор авч байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд нөхөн олговор 40,000,000 төгрөгийг гаргуулж Я.Д..д олгуулах нь зүйтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д.. нь нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэлмэгдэгч Жигжийн Манпил /Махпал/ нь улс төрийн хэрэгт холбогдуулан 1938 оны 4 дугаар сарын 22-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/742 тоот архивын лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 5-6 дүгээр тал/

Нэхэмжлэгч М.Д.. нь хэлмэгдэгч Жигжийн Манпил /Манпал, Мампил/-ийн төрсөн охин мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2020/00376 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдлоо. /хх-ийн 13-15 дугаар тал/

Хэлмэгдэгч Ж.Манпил /Манпал/ нь 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Жигжийн Манпил /Манпал/-ийн хүүхдүүдээс Мампилын Д.. /../, Ямпилийн Жавзмаа /ПВ48120502/, Ямпилийн Насандолгор /ХД58022303/ нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байх боловч Я.Жавзмаа, Я.Насандолгор нар нь М.Д..ад нэхэмжлэл гаргах эрхийг олгож, нөхөх олговорт олгогдсон мөнгийг хувь тэнцүү хувааж авахаар тохиролцсон болох нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийсэн хэлцэлээр тогтоогдлоо. /хх-ийн 8 дугаар тал/

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дүгээрт энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж заасны дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны №59 /6284/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Мампилийн Д..ын нэрийг зарлаж, нөхөх олговрын хэмжээг 40,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 16 дугаар тал/

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Үхэртынхэн овогт Мампилийн Д..д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Үхэртынхэн овогт Мампилийн Д.. /../-д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Д..ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ