Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00562

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00576

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          

            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Жантекей овогт Авдгалахын Эсемгүл /../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А..н нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00475/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А.. нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....А.Эсемгүл нь 1970 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн.

Улмаар 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд, илгээлтээр Дорнод аймгийн Халх голын Сангийн аж аухйд ороод малчнаар ажиллаж байгаад 1991 оны сүүлээр Ховд аймгийн Ховд суманд ирээд малчнаар мал малласан.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж чадаагүй учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд А.Эсемгүлийг Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Цахим иргэний үнэмлэх авахдаа Эсемгүл гэдэг нэрээр гарсан байсан. А гэж бичихийг Э үсгээр бичсэн байсан. Түүний нэрийг ажилд томилсон тушаал дээр бичигдсэн нэр нь зөв юм. Одоо буруу нэрээр буюу иргэний үнэмлэх дээрх нэрээр яваад байгаа....гэв.

    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Эсемгүл нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А.. нь нэхэмжлэлийн шаардлагыг А.Эсемгүлийг Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Эсемгүл нь Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Дорнод аймгийн Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 100  дугаартай албан бичгээр ирүүлсэн Дорнод аймгийн Г.К.Жуковын нэрэмжит Халх голын сангийн аж ахуйн даргын 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 250 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Дорнод аймгийн Г.К.Жуковын нэрэмжит Халх голын сангийн аж ахуйн даргын 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйн даргын 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч Ш.Баламын ....Дорнод аймаг, Сүмбэр суманд илгээлтээр очиж байсан. А.Эсемгүл нь малчнаар гэж ирж байсан. 1986-1991 оны хооронд байхаа гэж бодож байна. Тэгээд бид нар хамт ажиллаж байсан болохоос нэг их дотно байсан юм тухайн үедээ байхгүй. Би мал малладаг малчнаар ажиллаж байсан. Өөр одоо ярих юм алга. ....Гүйлээ гэж дуудаг байсан. Яаж бичдэг байсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-11, 35 дугаар тал/

Нэхэмжлэгч А.Эсемгүл нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй талаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 46 дугаар тал/

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Нямдаваа, Ш.Балам нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан 1992 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн Баярын бичиг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А..н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жантекей овогт Авдгалахын Эсемгүл /../-ийн Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А..н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ