Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00577

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00577

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, Хойд овогт Раднаагийн Б.. /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00621/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Р.Б.. нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би 1962 онд төрсөн. Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуулийг төгсөөд, Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн ТМС-ийг 1981 онд төгсөөд, 1982-1985 онуудад цэргийн алба хаасан. Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад 1985-1988 он хүртэл шуудан зөөгчөөр ажиллаж байгаад 1988 оноос хойш нэгдэл тартал мал малласан.

Одоо тэтгэвэрт гарах нас хүрсэн тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шуудан зөөгчөөр, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б.. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б.. нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шуудан зөөгчөөр, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.Б.. нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шуудан зөөгчөөр, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 984 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн 1988, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Раднаагийн Б..ийн 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгч Р.Б..ийн Ажилладаг гэх хэсэгт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэл, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.07.25 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1511 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын 2 дугаар бригадын 1985, 1987 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Баярдоржийн ....Р.Б.. нь 1978 онд Ховд аймгийн Цэцэг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, ямар ч байсан техник мэргэжлийн сургуульд суралцаж байсан. Би хаана техник мэргэжлийн сургуульд суралцаж, ямар мэргэжлээр төгссөнийг мэдэхгүй байна. Би Р.Б..ийг цэргийн алба хаасан талаар мэдэхгүй байна. Р.Б.. нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад шуудан зөөгчөөр, малчнаар тус тус ажиллаж байсан. Би яг хэдээс хэдэн оны хооронд шуудан зөөгчөөр ажиллаж байсныг мэдэхгүй байна. Р.Б.. нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэл тарах үед малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Ооноогийн ....Би Р.Б.. нь 3 жилийн цэргийн алба хаасан. Би оныг нь сайн санахгүй байна. Р.Б.. нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1982 оноос эхлэн мал малласан. Р.Б.. нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.Б.. нь одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 10-33, 44, 45-47, 48-49, 50-51 дүгээр тал/

Нэхэмжлэгч Р.Б.. нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600002921 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НАХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 08/2105 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9, 8 дугаар тал/

Нэхэмжлэгч Р.Б..ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хойд овогт Раднаагийн Б.. /../-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол бригадад 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шуудан зөөгчөөр, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 3 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Б..ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ