| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00514/И |
| Дугаар | 153/ШШ2020/005637 |
| Огноо | 2020-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2020/005637
| 2020 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00567 | Жаргалант сум |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба /4078608/-ны нэхэмжлэлтэй, .......... оршин суух, ............ овогт Н.Н-д холбогдох 1,138,290 /нэг сая нэг зуун гучин найман мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00514/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа прокурор Э.Ууганзаяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Балт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс Ховд аймагт явагдаж байгаа төрөөс санхүүжиж байгаа байгууллагуудад санхүүгийн шалгалт хийдэг. Энэ хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар дунд сургуулийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийж илэрсэн зөрчилд акт тавигдсан. Илэрсэн зөрчлийнхөө хүрээнд төрийг хохиролгүй болгох үүднээс Н.Н гэдэг хүнд данс бүртгэлтэй 1,138,290 төгрөгийн үнэтэй зөөврийн нөүтбүүкийг авч явсан. Манай байгууллагын зүгээс хяналт шалгалтын хугацаандаа Н.Н гэдэг хүнд удаа дараа мэдэгдсэн боловч шалгалтын хугацаанд ирүүлээгүй учраас улсын байцаагчийн акт тавигдсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нь Н.Н-ийн зүгээс зөөврийн компьютерээ ирүүлсэн бөгөөд сургуулийнх учраас буцааж өгөх талаар хэлсэн. Н.Н нь тус сургуулийн данс дээр явж байгаа багш хүн. Харин ямар нэгэн байдлаар тус сургуулиас эрх зүйн харилцаа нь дуусаагүй байгаа. Н.Н-ийн хувьд нөхрөө эмчлүүлэхээр Улаанбаатр хот руу чөлөө аваад явчихсан. Миний хувьд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургуульд шалгалт хийгээд акт тавьсан. Тус актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүн нь сургуулийн захирал юм. Энэ актыг эдгээр 2 тал хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийн бид нарын маргаад байгаа зөөврийн компьютер нь Н.Н багшид байгаа. Өнөөдөр Н.Н-ийн зүгээс тус сургуультай хөдөлмөрийн харилцаа дууссан тохиолдолд шүүх хуралдаан дээр прокурор орж ирээд суухгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд явах байсан. Ингэхээр хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрч хүний эрх ашгийг хөндөж болохгүй гэж үзэж байна. Нөгөө талаас Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар дунд сургуулийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/55 дугаартай тушаалаар багш нарт олгосон компьютерийг тус сургуулийн хөрөнгөд бүртгэж авсан. Энэ хөрөнгийг эзэмшигч буюу захиран зарцуулагч, өмчлөгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургууль гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг хэлж байна. Нямтуяа мөнгийг төлж чадахгүй, өвчтэй хүнтэй, байдал маш хүнд байгаа. Нэхэмжлэгч тал энэхүү компьютерийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан хүлээн авах боломжтой бол эвлэрэх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь хариуцагч Н.Н-д холбогдуулан 1,138,290 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Н-ийн эзэмшиж байсан зөөврийн компьютерийг нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд өгөхөөр санал гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Балт нь энэхүү саналыг зөвшөөрч, нэхэмжилсэн 1,138,290 төгрөгөөс татгалзаж, зөөврийн компьютерийг авахаар зохигчид эвлэрэв.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ховд аймгийн санхүү хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/11 дугаартай албан бичгээр Н.Балтад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Хариуцагч Н.Н нь иргэн Д.Эрдэнэчимэгт 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн бөгөөд итгэмжлэлд Д.Эрдэнэчимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 15 дугаар тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн санхүү хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжид 31,869 /гучин нэгэн мянга найман зуун жаран ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 31,869 төгрөгийн тал хувь болох 15,934.5 /арван таван мянга есэн зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ хариуцагч Н.Н-аас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н-д холбогдох 1,138,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн санхүү хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжид 31,869 /гучин нэгэн мянга найман зуун жаран ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 31,869 төгрөгийн тал хувь болох 15,934.5 /арван таван мянга есэн зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ хариуцагч Н.Н-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ