Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин

Улсын яллагч                       Т.Нансалмаа

Шүүгдэгч                                  ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* О*******эд холбогдох эрүүгийн 2331003940313 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрсний уурхайд том машины жолооч ажилтай гэх, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт У хот С******* дүүрэг 12-р хороо Х******* 13 дугаар гудамж 508 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Б******* ургийн овогт Б******* О*******, регистрийн дугаар:*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр "Хавчиргана" гэх газарт 0.01 га талбайд Doosan DX300 LC загварын экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 492,429 төгрөгийн шууд хохирол, 1807.597 төгрөгийн хор уршиг  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: ...Уг нь би найз Болдб******* техникүүдийг зөөвөрлөх, засах гэж тэнд очсон юм. Тэгээд  зөвшөөрөлгүй 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар ухаж байхад шалгалт ирээд би баригдсан. Миний буруу. Би урьд ийм асуудалд холбогдож байгаагүй учир айгаад эхлээд буруу мэдүүлэг өгсөн. Учруулсан хохирлыг бүгдийг төлсөн, мөн шинжээчийн зардлыг төлсөн боловч өнөөдөр баримтаа авчираагүй байна. Дахин ийм асуудалд оролцохгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э******* өгсөн: “...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.П өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай найз болох Болдбаатар нь над руу залгаж юу хийж байна гэхээр нь хийсэн зүйлгүй гэртээ л байна даа гэж хэлтэл хэд хоногийн зав байна уу найздаа тус болох хэрэгтэй байна найзынх нь техник тоног төхөөрөмжүүд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Хавчиргана гээд газарт байгаамаа уул уурхайгаар явж ашигт малтмал олборлох санаатай бичиг баримт хөөцөлдсөн чинь бүтсэнгүй найз нь эндээс хүмүүстэй явуулна техник мэддэг чи цугтаа яваад өгөөч очоод хоол цай хийж өгөөд байвал болчино найз нь өдрийн цалин гэж өдрөөр нь тооцож 80.000 /наян мянган төгрөг/ өгнө хүйтэрхээс өмнө техникүүдээ манаачийн гэрийн ойролцоо аваачаад тавьчихмаар байна энэ жил үйл ажиллагаа явуулах гээд амжсангүй тэнд угаасаа би манаач гээд техникт сайн хоёр хүн аваачаад үлдээчихсэн харуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 08 цагийн орчимд байх найз Болдб******* хамтаар өөрийнхны машинтай бас 2 залуугийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумруу явсан тэндээсээ Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр явна гэж замдаа ярьсан тэгээд удаагүй 10 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед Мандал суманд Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу байсан Болб******* дүү гээд залуугийнх байсан тухайн залуугийн машиныг авч явахаар болсон. Тэгээд Мандал суманд хоол унд идчихээд хоорондоо танилцсан. У хотоос надтай цуг ирсэн О, М гээд хүмүүс байсан надтай цуг найз Болдб******* техникүүдийг янзалж манаачийн гэрийнх нь хажууд паркалж тавихаар очсон хүмүүс байсан юм байналээ. Тэгээд Болдбаатар буцаад У хотруу буцсан. Харин О, М бид 3 хүнээс гуйж авсан Зил-131 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг О гэх залуу жолоодож Ерөө сумын Бугант тосгоны Хавчиргана гээд газарлуу хөдөлцгөөсөн, би яг хаагуур яваад байгааг нь мэдээгүй ямар ч байсан Ялбагаар даваад орно гээд О ярьж байсан тухайн өдрийнхөө оройны харанхуй болж байхад нөгөө Болдб******* техник төхөөрөмж байгаа Хавчиргана гээд газарт ирсэн яг хэдэн цагт ирсэнийг санахгүй байна. Тэгээд бид нарыг очиход 5 гэр байсан манаач гээд Б, С гээд залуучууд байсан тэгээд тэндээ унтаж амраад маргааш өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө босоод би хоол цай өгчихөөд нөгөө хэд О, М, манаач гээд байсан Б, С гээд хүмүүс Болдб******* техник байрлаж байсан газарлуу явсан ойролцоогоор 300 метр орчим зайтай харагдсан. Би хоол цай хийж өгөхөөр л очсон болохоор засвар үйлчилгээнд оролцоогүй. Гол засвар хийх Б, С, О, М нар л хоорондоо яриад байсан экскаваторуудын явах эд анги араануудруу ус ороод маслотай холилдож явахад хэцүү л болж дээ гээд байсан өдөр болгон явж янзалдаг байсан цас ороод засвар хийлгэхгүй байсан тэгсэн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө О*******, Б, С, М нар гараад явцгаасан тэгээд өдрийн 14 цагийн орчимд хоол идэх гээд ирсэн тэгээд хоолоо идэж дуусаад л хэсэг юм ярьж дулаацаж байгаад буцаад талбайруу техникүүдрүүгээ янзалах гээд явцгаасан тэгээд орой нь ирж хоол цайгаа уучихаад амарцгаасан. Тэгээд маргааш нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байж байтал цагдаа байгаль орчны хүмүүс ирсэн хууль бусаар ашигт малтмал олборлосон байна гээд байсан би өөрөөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Б өгсөн: “...Уржигдар буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ихэр Б гэрт очиход Бат- "би 10-ын даваанд Угийн экскаватор дээр ажиллах гэж байгаа, чи помпчин хийх үү гэж асуусан бөгөөд би ажилгүй байсан тул маргааш нь ихэр Бат-, У нарын хамт 10-ын даваанд очиход Угийн гэх Hyundai маркийн шар өнгийн экскаватор гитаран буу, помп байсан. Тэгээд бид 3 экскаватороо асааж ажиллах гэж байтал экскаваторын астачир болхоо байлаа гээд бид 3 буцаж тавд ирээд У сэлбэг захисан ирхээр нь очиж сольж тавиад ажиллая гээд бид 3 салсан. Тэгээд нөгөө сэлбэг нь өчигдөр орой ирсэн гээд өнөөдөр өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 17-нд Бат-, У, нутгийн танил дүү Баттөр нарын хамт 4 үүлээ 10-ын даваанд очиж экскаватороо засаад Бат- экскаватор барьж газар ухаж алт угаах төхөөрөмж рүү ухсан шороогоо хийж угааж би помп асааж ойр зуур туслах ажил хийсэн. Тэгээд ажиллаж байтал гитаран буу эвдэрч гагнуур хийгээд байж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Б өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр У хотод гэртээ байж байтал манай хуурай танил ах О******* /о/ надруу залгаад маргааш хөдөө Сэлэнгийн Бугантруу цугтаа манай найзын уурхайруу яваад хэдэн өдөр ажил хийчихээд ирэх үү өдрийн цалин 100.000 /нэг зуун мянган төгрөгөөр/ тохирсон гэж хэлсэн би ажилгүй байсан болохоор шууд зөвшөөрсөн юу хийх юм ахаа гэтэл техник эд зүйлүүдийг янзалнаа манай найзын бас гагнуур хийх байх гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө эрт явна шүү байгаа газараас чинь очоод авна гэж хэлсэн тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөөний 08 цагийн орчимд У хотоос Сонгино хайрхан дүүргийн ханийн материал гэх газараас намайг О******* ах бас найз Болдбаатар мөн П гээд ах бид Сэлэнгийн Мандал сумруу хөдөлцгөөсөн. Тэгээд өдрийн 11 цаг өнгөрч байхад байх Мандал сумруу очиж тэнд Болдбаатар гээд ахын танил айлд очиж хоол унд идээд бас Зил-131 машиныг нь тэр хүнээс нь Болдбаатар гээд ах авч өгсөн. Тэгээд О******* ахыг жолоодоод явчих зам гайгүй гэж хэлсэн тэгээд нөгөө Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр хөдөлсөн Бугант чиглэлд би угаасаа самарт олон жил явсан болохоор Сэлэнгийн Бугант гээд газарыг сайн мэднэ би замчилж шууд ялбагийн даваагаар Бугантын Хавчиргана гээд газарлуу орой харанхуй болж байхад ирсэн. Тэгээд тэр Болдбаатар гээд ахын уурхай байсан 3-4 гэр байсан хоёр ажилчин бололтой залуу байсан хоол цай хийгээд хүлээж байсан тэгээд өөрсдийгөө Б, С гэж танилцуулж байсан тухайн үед хэсэг юм ярьж байгаад унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө босоод хоол цай идэж уучихаад нөгөө янзлах техник тоног төхөөрөмж дээр очсон гэрээс хол байгаагүй 200 метр орчим зайд л байсан Doosan маркийн 3 экскаватор Doosan 30008 Doosan 35008 Doosan 5000 маркийн шаргал өнгийн экскаваторууд болон 2 ширхэг тээврийн хэрэгсэл Faw болон Northbenz маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслүүд, мөн ковш 1 ширхэг, алт угаадаг төхөөрөмж Скрубер нэртэй том төмөр зүйл, бас цахилгаан үүсгүүр дизель мотор нар зэрэг эд зүйлүүд талбай дээр байсан ойрд ажиллаагүй байдалтай цасанд дарагдсан байсан. Тэгээд бид нар тэнд засварын үйл ажиллагаагаа эхэлсэн 2-3 өдөр л янзалж болгочихоод гэрийн хажууд байрлуулах байсан. Бид нарыг засварын ажлаа хийж байхад П ах хоол цай хийж өгдөг байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө босоод засварын ажлаа хийж ирээд хоол идэх гээд ирэхэд О******* ах, Б ах нар уурхайн дарга гээд байсан Болдбаатар ахтай утсаар яриад байсан тэгээд таслаад юу ярьсныг нь эхэндээ мэдээгүй тэгтэл Б, О******* ах нар Болдбаатар ярьж байна нэг Doosan 3000 гээд экскаватораа янзалсан гэж хэлсэн чинь алт угаах төхөөрөмжийг ажиллуулж болохнуу уул зүгээр л байх ёстой гагнуур хийх байх өнөө маргаашдаа янзалаад хэд хоног ажиллаадах гэнээ гэж хэлсэн тухайн үед уурхай юм чинь ажиллаж болох л байлгүй гэж л бодсон би. Тэгээд би Стай цуг нөгөө алт угаах төхөөрөмж болох Скрубер дээр очиж гагнуур хийх газруудад хийж эхэлсэн харин Б, О******* ах хоёр цаана негөө янзалсан Doosan 3000 маркийн экскаватораар газар ухаж байсан тэгэхдээ Б ах жолоодож ухаж байсан хэсэгхэн жижиг газар л байсан. Тэгээд харанхуй болж С бид хоёрын алт угаадаг Скруберын гагнуурын ажил дуусаагүй байсан болохоор маргааш үргэжлүүлэн хийх байсан тул хоол цай хийж идэчихээд унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө босоод хоол цайгаа уучихаад би С, Б ах, О******* ах нартай явж нөгөө алт угаадаг скруберыг гагнах ажлаа хийж байтал өдөр цагдаа болон байгаль орчны алба хаагчид ирж манай үйл ажиллагааг зогсоосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.С өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар 05-ны өдөр өөрийн хамаатаны ах болох Б ахын хамтаар Бугант тосгоны Хавчиргана гэх газарт Болдбаатар гээд ахын уурхайн манаач хийх гээд ирсэн. Намайг Б ах хөдөө явж уурхайн манаач хийгээдхэе цалин нь 800.000 /найман зуун мянган төгрөг/ юм байна гэж хэлээд би зөвшөөрөөд ирсэн. Хавчиргана гээд газарт Болдбаатар гээд уурхайн захирал ах өөрөө бид хоёрыг авчирж үлдээчихээд явсан намайг ирэхэд 5 гэр байсан бас гэрүүдээс 200-300 метрийн зайд Doosan маркийн шаргал өнгийн 3 ширхэг экскаватор, 2 өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл, ковш 1 ширхэг, алт угаадаг том төмөр Скрубер, цахилгаан гаргагч дизель мотор гэх мэт эд зүйлүүд байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш би Б ахын хамтаар байж байтал 2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой 3 ах ирсэн П, О*******, Батмөнх гээд хүмүүс ирсэн уурхайн техникүүдийг засварлаж янзлаад гэрүүдийн хажууд угаасаа Б тавина гэж ярьж байсан Болдбаатар захирал явуулсан юм байналээ угаасаа Б ах бид хоёрт Болдбаатар захирал хэлсэн байсан хүмүүс очино хоол цай хийгээд байж байгаарай гээд. Тэгээд унтаж амарцгаагаад маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Б, О*******, Батмөнх ах нарын хамтаар нөгөө техникүүд байрлаж газар луу явцгаасан П ахын хувьд хоол цай хийх гэж үлдсэн гал тогоонд тэгээд бид нар экскаваторыг янзлах нь янзалж, тээврийн хэрэгслийг янзлах янзалж хуваагдаж ажиллаж эхэлсэн. Миний хувьд Батмөнх гээд ахыг дагаж ажилласан гагнуурчин ах байсан хэрэгтэй юмын дөхүүлж барьж өгөх зүйлийг нь барьж өгч байсан мөн цас ороод ажил хийхэд хүндрэлтэй байсан 2-3 хоног. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө босоод хоол цайгаа уучихаад алт угаадаг төмөр скрубер гээд зүйл дээр гагнуур хийж эхэлсэн би ямар учраас гагнуур хийж засварлаад байгааг нь ойлгоогүй уул нь тухайн газраас чирж аваачиж гэрийн хажууд байрлуулах байсан юм тэгтэл Батмөнх ах гагнуур хийж янзлаад байсан. Мөн Б ах, О******* ах нар нөгөө Doosan 3000 гээд экскаваторыг янзалсан бололтой асааж хөдөлгөсөн би тухайн үед гэрийн зүгт явж аваачиж тавих байлгүй гэж бодсон чинь тэр хоёр газар ухаж харагдсан би хэнийг нь экскаваторыг жолоодож газар ухаж байгааг анзаараагүй уурхай юм чинь ажиллаж болно л гэж бодсон тэр хоёр бараг 1-2 цаг хугацаанд газар ухах шиг болсон тэгээд удаагүй харанхуй болж Батмөнх ах бид хоёр гагнуурын ажилаа зогсоосон. Мен Б, О******* ах нар ирээд цугтаа ажилчдын байрлуу цугтаа явцгаасан хоол цайгаа очиж идэж уучихаад амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө Б, О******* ахын газар ухахад ашигласан Doosan 3000 маркийн экскаваторыг Б ах жолоодож нөгөө алт угаадаг скруберын хажууд авчирж ирээд Батмөнх ахыг гагнуур хийхэд хүрэхгүй 60 газруудад нөгөө экскаваторын шанаганд сууж Батмөнх ах гагнуур хийж байсан чинь цагдаа болон байгаль орчны гээд хүмүүс ирээд зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Бийн өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар 05-ны өдөр өөрийн хамаатны дүү болох Сайханбаяр гээд дүүгийн Сэлэнгэ аймаг Ерөө сум 3-р баг Бугант тосгоны Хавчиргана гэх газарт Болдбаатар гэх хүний уурхайн манаачаар ирсэн тухайн өдөр Болдбаатар гээд залуу өөрөө уурхай дээрээ авчирч өгсөн жижиг машинтай явж байсан тул уурхай харалдаа даваан дээр машин нь явахгүй байсан тул харалдаа буулгаж алхаад очсон тухайн газарт мөн бас 2 залуу манаач хийж байсан зөрж Болдбаатар өөрөө буцаагаад аваад явсан. Тэгээд тухайн өдрөөс авахуулаад манаач хийж байна намайг очиход Doosan 3000, Doosan 3500, Doosan 5000 маркын экскаваторууд болон 1 ковш 50 маркийн, Northbenz маркын 2 тээвринй хэрэгсэл, алт угаадаг төхөөрөмж скрубер, дизель тог үүсгүүр байсан тэгэхдээ манаачийн гэрээс зайтай байсан үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Болдбаатар надруу залгаж орой 3 хүн очино шүү та хоол цай хийгээд байж байна биз наана чинь байгаа техник тоног төхөөрөмжүүдийг янзлаад гэрийн хажууд тавина цаашлаад наашаа У хот руу татах байх л гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой одоо байгаа П, Батмөнх /м/, О******* нар Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. Тэгээд хоол цай өгч танилцаад хэсэг юм ярьж байгаад унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөөнөөс авахуулаад би Батмөнх /м/, О*******, Сайханбаяр нарын хамтаар нөгөө Болдбаатар техникүүд байсан талбайруу дагуулж очсон. П гээд залуу гал тогоонд тогооч хийх гэж ирсэн юм шиг байсан. Тэгээд янзлах экскаваторуудаа шалгаад юуг нь янзалхаа ярилцаад засварын ажилаа эхэлсэн бас цас ажил хийхэд хэцүү байсан тул тэгэж ингэсээр байтал 2-3 хоног хагас дутуу ажилласан тэгэхдээ ямар ч байсан Doosan 3000 маркын 1 экскаваторыг асааж хөдөлгөж явахад бэлэн болгосон. Мөн 2 тээврийн хэрэгсэл болох Northbenx маркийн тээврийн хэрэгслүүд бол асаж байсан мөн ковш ч гэсэн асуудалгүй явахаар байсан тул экскаваторуудыг асаах л чухал байсан. Мөн Батмөнх гээд залуу С хамт алт угаах төхөөрөмжийг гагнуураар салгах байсан боловч дизель тог гаргагч ажиллахгүй байсан болохоор янзлах гэж удсан байх тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө явж ажиллаж засвар хийчихээд ирсэн чинь өдөр хоол цайгаа уучихаад байж байтал утас дуугарч Болдбаатар залгасан О******* яриад байсан нэг Doosan 3000 экскаватораа янзалчихлаа, одоо нөгөө 2 экскаватораа янзлаад манаачийн гэрийн гадаа байрлуулчихвал болчих гээд байна гэж л хэлсэн тэгээд хоорондоо яриад байсан би хажууд нь сонсож байсан тэгээд О******* ярьж дуусаад нэг экскаватораа янзалчихсан юм чинь түлш тосны мөнгө хэрэгтэй байна зунжингаа ажиллаагүй баахан зардал гаргасан болохоор боломж байвал 1-2 өдөр ч болтугай наанаа байгаа алт угаах скруберээ ашиглаад угаалга хийгээдэх гэнээ гэж хэлсэн. Тэгээд буцаад би Батмөнх/м/, О*******, Сайханбаяр нартай яваад алт угаах төхөөрөмж дээр Батмөнх, Сайханбаяр 2 гагнуураа хийж эхэлсэн харин би О*******тэй хамт нөгөө Doosan 3000 маркын экскаватораараа газар ухаж эхэлсэн тэгэхдээ бид хоёр тэгэж удаан ажиллаагүй 1 цаг орчим л газар ухаж овоолго шороог ухсан тэгтэл шалаам гарч ирээд байсан урьд өмнө угаагдсан байна гэж л ойлгосон бас янзалсан Doosan 3000 маркын экскаваторын ус нь халаад ажиллахад хэцүү болсон О******* л тухайн үед Болдбаатар луу залгаж хэлэхээс угаалга хийх боломжгүй юм байна хүйтрээд экскаватор нь олигтой ажиллахгүй юм байна бас алт угаад Скрубер гагнуур зөндөө хийх юм байна бүтэхгүй юм байна гэж ярьж байсан би бас болохгүй юм байна аа хоёулаа Болдбаатард хэлье гэж хэлсэн тэгээд ч харанхуй болоод нөгөө Батмөнх, Сайханбаяр хоёр ч гагнуураа хийж чадаагүй больсон асуутал энэ Скрубер алт угаагч ажиллахгүй юм байна аа маш их гагнуур орох юм байна гээд байсан. Тэгээд буцаж гэрлүү явж хоол цайгаа идэж уучихаад О******* найз Болдбаатарлуугаа залгаад ямар ч ажиллах боломжгүй юм байна аа шороо гаргаж алт угаах төхөөрөмж ашиглах гэж хэлсэн тэгтэл Болдбаатар нь боломжгүй бол нэг экскаватораа янзалсан дээр алт угаах төхөөрөмжөө салгаад чирж аваачаад гэрийн хажууд байрлуулчих гэж хэлсэн юм байналээ тэгээд бид нар унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө Батмөнх, О*******, Сайханбаяр нартай бид дөрөв очоод Doosan 3000 экскаваторыг асаагаад алт угаах төхөөрөмж Скруберын эргэдэг алт угаадаг пункерыг салгаж авах гээд гагнуур хийж гагнуурчин Б хүрэхгүй Өндөр газруудад экскаваторын шанаган дотор суулгаж гагнуур хийж цагдаа болон байгаль орчны алба хаагчид ирсэн. Тухайн үед наад үйл ажиллагаагаа зогсоо ямар учиртай гагнуур хийж байна гэх мэтчилэн зүйлүүд асуухад техник тоног төхөөрөмжүүдийг татаж гэрийн хажууд тавих гэж байна манай уурхай үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Болдб******* өгсөн: “...засвар хийж байсан манай найз болох О******* л 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дур мэдэн алт олборлох зорилгоор хууль бусаар миний Doosan DX3000 маркийн экскаватораар газар ухсан байна өөрөө ч надад хэлсэн. Мөн өөрөө О******* гэрчийн мэдүүлэг өгөхдөө намайг газар ухаж алт угаах төхөөрөмж болох Скруберыг ашиглаад алт угаалга хийгээд үз 1-2 хоног мөнгө хэрэгтэй байна гээд хэлчихсэн цагдаад гэж надад хэлсэн миний хувьд огт тийм зүйл О******* дур мэдэн хууль бусаар ашигт малтмал алт олборлох зорилгоор газар ухсан асуудал дээрээ өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Мөн миний эзэмшлийн Doosan DX3000 маркийн экскаваторыг өөрөө ашиглан газар ухсан болохоор хуулийн дагуу хураагдах болон үнэлгээгээр гарсан зардал мөнгийг төлж надад өгөх ёстой гэж үзэж байна учир нь надад ямар ч хамааралгүй болохоор.Би 2024 оноос Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн уурхайд өөрийн 70 эзэмшлийн экскаваторуудыг түрээслэх гэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Болдб******* өгсөн: “...Би найз **************ийг У хотоос өөрийн эзэмшлийн экскаваторыг засуулах гээд дуудсан юм. Тухайн үед би У хотод байсан. Тэрнээс ямар нэгэн байдлаар өөр үйлдэл хий гэж хэлээгүй. ************** нь өөрөө дур мэдэн газар ухсан байна лээ. Би өөрийн эзэмшлийн экскаваторыг буцаан авмаар байна. **************ийн гаргасан үйлдэлд ямар хамаарал байхгүй. Иймд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

              Байгаль орчны зөвлөх “” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/128 тоот шинжээчийн: ... 1. Иргэн **************ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, Хавчиргана гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв. 2. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Голын гольдрол өөрчлөөгүй байна. 3. Тухайн талбайн байгаль орчинд 492,429 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 726,904 төгрөг болж байна. 4. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 120м² талбай эвдэгдэж, 480м³ хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн, уулын цуллагийг хөндсөн байна. Байгалийн ус ашиглаагүй байна. 5. Уурхайлалтын үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн захиргааны байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй байна. Усны тухай хууль тогтоомж зөрчөөгүй. Энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан, голын голдрил өөрчлөөгүй байна. 6. Тус үйл ажиллагааны улмаас эдэлбэр газарт 957, газрын хэвлийд 396,5947, хөрсөн бүрхэвчид 83,6727, ургамлан нөмрөгт 12,0687, нийт байгаль орчинд 492,429 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 87-110 дугаар хуутас/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 04-19 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 114-116, 127-129/ дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-823/8288 дугаартай:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт нэгжийн үнэ

1

DOOSAN DX300LC маркийн экскаватор

ш

1

10.000.000

10.000.000

Нийт үнэ, төгрөг

10,000,000

...” гэх дүгнэлт, /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

        Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5436 тоот “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байхгүй болно” гэх албан бичиг /шинээр шүүхэд гаргаж ирүүлсэн /,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 204-208 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 180 дугаар хуудас/,

Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 181 дүгээр хуудас/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 182 дугаар хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 183 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 186 дугаар хуудас/,

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 184-185 дугаар хуудас/

Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 216-218 дугаар хуудас/

/Байгаль орчинд учруулсан хохирлын тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 221 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр "Хавчиргана" эртэй газарт 0.01 га талбайд Doosan DX300 LC загварын экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 492,429 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.П өгсөн мэдүүлэг, /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Б өгсөн мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Б өгсөн мэдүүлэг, /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.С өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Бийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Болдб******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Болдб******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

Байгаль орчны зөвлөх “” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/128 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-110 дугаар хуутас/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 04-19 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 114-116, 127-129/ дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-823/8288 дугаартай:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт нэгжийн үнэ

1

DOOSAN DX300LC маркийн экскаватор

ш

1

10.000.000

10.000.000

Нийт үнэ, төгрөг

10,000,000

...” гэх дүгнэлт, /хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч **************ийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ************** нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, мөн хуулийн 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч ************** нь тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч **************ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ************** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчилан заасан байна. Иймд шүүгдэгч ************** нь  байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч ************** нь байгаль орчинд нийт 1,080,693 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 726,904 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч ************** нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Doosan DX300 LC маркийн экскаватор ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд дээрх экскаватор иргэний нэхэмжлэгч Б.Болдб******* эзэмшлийнх болох нь Авто тээврийн газрын лавлагаагаар нотлогдож байна.

Дээрх Doosan DX300 LC маркийн экскаваторыг шүүгдэгч ************** нь  өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байна. Иймд  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч **************ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Б.Болдб******* өмчлөлийн Doosan DX300 LC маркийн экскаваторын үнэлгээний байгууллагаар буюу шинжээчээр үнэлэгдсэн үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Doosan DX300 LC маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Б.Болдбаатарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан шинжээчийн зардал 3,300,000 төгрөгийн  шүүгдэгч **************ээс ... шинжээчийн зардлыг төлсөн, баримтаа авчирч амжаагүй гэж шүүхэд мэдүүлж байгаа боловч хэрэгт зардал төлсөн тухай баримт ирүүлээгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан шинжээчийн зардлыг төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй байна. Хэрэв дээрх зардал төлөгдөөгүй тохиолдолд “ Нуман алтай “ ХХК нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” -ын дагуу, шүүгдэгч **************ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч **************т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн боловч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд учруулсан хохирол нь байгаль орчинд нөхөгдөшгүй хохирол, хор уршиг гэж дүгнэсэн учир хөнгөрүүлэх нөхцөлд тооцоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал учруулсан хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ************** нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ************** тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan DX300 LC маркийн экскаваторыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч **************эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10,  36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* ургийн овогт Б******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр / жилийн  хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ************** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар **************ийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч **************ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Б.Болдб******* өмчлөлийн Doosan DX300 LC маркийн экскаваторын үнэлгээний байгууллагаар буюу шинжээчээр үнэлэгдсэн үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн Doosan DX300 LC маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Б.Болбаатарт буцаан олгосугай.                                               

8. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan DX300 LC маркийн экскаваторыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч **************ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан шинжээчийн зардал 3,300,000 төлөгдөөгүй тохиолдолд “ Нуман алтай “ ХХК нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Шүүгдэгч ************** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ