Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00568

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00568

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба /4078608/-ны нэхэмжлэлтэй, ............... оршин суух, ......... овогт Б.М-д  холбогдох 204,741 /хоёр зуун дөрвөн мянга долоон зун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00516/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа прокурор Э.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас Хар Ус нуур орчмын УТХГНХЗ-ны 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цэцэнхараацай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 35/04/10 дугаар актаар 382,241 төгрөгний актыг хуулийн дагуу тавигдсан. Манай эд хариуцсан нярав Ганзоригт акт тавигдсан боловч Г нь М процесор аваад явсан гэж хэлдэг. Ингээд актын төлбөр 204,741 төгрөгийн Б овогтой М-аас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургалтанд явахдаа процессор аваад сургалтанд явах уу. Би сургалтанд явсан бол явсан томилолт байх ёстой. Би 2016 онд 3 сар ажиллаад л ажлаасаа гарсан. Ажил хүлээлцсэн акт дээр процессор хүлээлгэж өгсөн баримт байгаа. Би яах гэж тэрийг авч явах вэ дээ. Би энэ мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь Б.М-д холбогдуулан  204,741 /хоёр зуун дөрвөн мянга долоон зун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Цэцэнхараацай 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 35/04/10 дугаар актаар 382241 төгрөгний акт тавигдсанаас 177500 төгрөгийн төлбөр төлөгдөж, 204741 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Б овогтой М-аас гаргуулан өгөхийг хүссэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 35-04-10 дугаартай улсын байцаагчийн актыг үндэслэн шаарддаг. Хэргийн материалд нэхэмжлэгчээс ирүүлсэн энэхүү улсын байцаагчийн актыг судлахад ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтанд Агуулахаас дутсан хавсралтад нэр бүхий хөрөнгийн 640741 төгрөгийг тухайн эд хариуцагч Б.Г-оор төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар акт тогтов гэжээ. / хэргийн материалын 2-р хуудас/ Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа Ганзориг нь энэхүү процессорыг Б.Мөнхдалай төлөх ёстой гэсэн учраас Б.М-аас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтаар Б.М төлөх талаар нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 35-04-10 дугаартай улсын байцаагчийн актанд 640741 төгрөгийн төлбөрийг эд хариуцагч Б.Г-оор төлүүлэхээр тогтсон байна. Мөн энэхүү актын хавсралтанд нийт 640741 төгрөгийн төлбөр тогтоогдсон ба үүнээс хариуцагч Б.М аль 204741 төгрөгийг төлөх ёстой талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх , мөн хуулийн 38.1-д .Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар зохицуулсан байхад яагаад Б.М энэхүү төлбөрийг төлөх ёстой талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Б.Г гэх гарын үсэг бүхий Санхүүгийн хяналт аудитын албанд гэсэн хаягтай 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн гар бичмэлийг ирүүлсэн. Энэхүү баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримт гэж үзэх боломжгүй баримт байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох  204,741 /хоёр зуун дөрвөн мянга долоон зун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ