Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 461

 

 

 

 

 

 

    2020            4             14                                         2020/ДШМ/461          

 

 

                                          Г.Ат холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн 1902009920014 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.А,

Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 85 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын И 7-05-01 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг

шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Нэмт овгийн Ганзоригийн Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нэмт овгийн Ганзоригийн Г.Аыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Аын эдлэх 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Г.Аын баривчлагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Ат холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл, тугалган цаас хийсэн 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, Г.Аын биед хийсэн үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн ууттай ургамал мэт зүйл, А.Нямбаярын биед үзлэгээр хураан авч 5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг бодис зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 3 гэж дугаарласан ханыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Ат авсан хувийн баталгаа, гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хуулиар хориглосон зүйл хэрэглэсэндээ гэмшиж гэм буруугаа ухаарч ойлгосон, дахин ийм зүйл, алдаа дутагдал гаргахгүй. Би эрүүл мэндийн байдлаасаа болоод эмийн байнгын хяналтад байдаг. Би байгаль орчноо цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мод үржүүлэг эрхэлдэг. Энэ зүйлүүдийг харгалзан үзэж хэргийг минь хөнгөнөөр шийдэж өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Г.А анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хуульд оногдуулах ялыг тэнсэн харгалзах болон хамгийн багаар 1 жилийн хорих ял оногдуулж болохоор заасан байх тул түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ял шийтгэлийг

хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн зөвөөр мэдүүлж гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн тал дээр огт маргаагүй байдаг тул өмгөөлөгчийн зүгээс гэмт буруугийн талаар маргахгүй ба харин түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлснээр бусад хоригдогч ялтнууд болон бусдын эрүүл мэнд амь насанд аюул учруулахуйц маш муу хор уршиг бүхий халдварт өвчнөөр удаан хугацаанд өвдөж байгаа болох нь эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор батлагдаад байна.

Г.А нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ХӨСҮТөвийн нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад орж өнөөг хүртэл үргэлжлэн эмчлүүлж байгаа боловч дэлхийд энэхүү өвчнийг бүрэн эмчилсэн тохиолдол тэр болгон бүртгэгдээгүй байна.

Миний үйлчлүүлэгчийг тухайн өвчнөөр өвдсөн талаарх мэдээлэл нь хувь хүний нууц, аюулгүй байдалтай холбоотой байх тул энэ талаарх мэдээллийг нь ХӨСҮТөвөөс чандлан нууцалж байгаа болно.

Өөрөөр хэлбэл Г.Аын энэхүү өвчний талаарх дэлгэрэнгүй тайлбарыг гомдолд дурдах нь хувь хүний нууцыг задруулсанд тооцогдоход хүрэхээр байна.

Иймд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Г.Аын өвчний талаарх мэдээлэл нотлох баримтыг ХӨСҮТөвөөс өмгөөлөгч, прокурор, мөрдөгчөөр дамжуулалгүй шууд давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хувь хүн болон нийгэмд учруулах хор уршиг, хөнөөл ихтэй гэмт хэрэг хэдий боловч түүний гэм буруутайд тооцогдсон 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба Г.А нь гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршигийг ухамсарлан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаараа Цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс шүүхийн хэлэлцүүлэг хүртэл тууштай мэдүүлсээр ирсэн байдаг болон түүний эрүүл мэндийн ноцтой байдлын улмаас өөрт нь болон бусдад учирч болох аюул хор уршиг зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жил, 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 85 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын И7-05-01 тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч А.Төгөлдөрийн “...Уг өвсийг 2019 оны 11 дүгээр сарын үед Г.А хөдөөнөөс авч ирсэн. Г.А надад ярихдаа “Мань чинь Сэлэнгээс өвс түүж ирсэн” гэсэн бөгөөд, тэр өвсийг нь сонирхоод Г.А бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 7 хоногийн өмнө хэрэглэсэн. ...Мөн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би ганцаараа өвс хэрэглэсэн. ...” /хх 30- 31/,

гэрч А.Нямбаярын “...Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гадуур явж байгаад орой очих үед цагдаа нар ирчихсэн байсан. Үзлэг шалгалтын үеэр гэрээс өвс илэрсэн. Уг өвсийг 2019 оны 11 дүгээр сарын үед Г.А хөдөөнөөс авч ирсэн. Г.А хөдөө Сэлэнгэ аймагт мод үржүүлгийн ажлаар явдаг юм. Энэ хугацаандаа өвс түүсэн гэсэн. Ажлынх нь газрын ойролцоо өвс ургаж байсан гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Г.А, Төгөлдөр бид гурав хамт өвс хэрэглэсэн. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 12- ны өдрөөс 7 орчим хоногийн өмнө бас хэрэглэсэн. ...” /хх 28-29/,

шүүгдэгч Г.Аын “...хураан авсан өвснүүдийг би түүж авч ирсэн. Хуванцар сав болон уутанд хадгалсан. ...” /хх 74-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай шээсний дээжүүд нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Ганзориг Г.А гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Алтангадас Нямбаяр” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. ...” /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай 65г ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан хар өнгийн ууттай 15г ургамал мэт зүйл, “3” гэх дугаарласан ханыг нь цоолж хуйлсан дотор хэсэг нь бохирлогдсон байдалтай 20-тын АN376807 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт, бортого хэлбэртэй тугалган цаасанд 0.5 литрийн хуванцар сав, “4" гэж дугаарласан цэнхэр өнгийн уутны 5г ургамал мэт зүйл тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. “5” гэж дугаарласан 0,0928 г цагаан өнгийн нунтаг бодист декстрометорфан /dextromethorphan/ илрэв. ...Декстрометорфан /dextromethorphan/ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад хамаарахгүй болно. ...” гэх дүгнэлтүүд /хх 45-51/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 10-12/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-9/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.Аыг заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг хадгалсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.А мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг хадгалсан үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын “...хорих ялыг хөнгөрүүлж, эрүүл мэндийн ноцтой байдлын улмаас өөрт нь болон бусдад учирч болох аюул хор уршиг зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жил, 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг бол зарим хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Учир нь, шүүгдэгч Г.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой, зуршил болгодгоор уг гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршиг илэрдэг.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн хүн өөрөө хэрэглээд зогсохгүй, эргэн тойрны хүмүүс найз нөхдийг уг гэмт хэрэгт уруу татах, даган дуурайж хэрэглэх зэргээр зуршил бий болгох хор хөнөөлийг агуулж байдаг.

Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Нямбаяр, А.Төгөлдөр нар шүүгдэгч Г.Аын  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалж байсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн талаараа мэдүүлдэг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн нэг хэлбэр нь дээрх байдлаар бусдад нөлөө үзүүлж байгаагаар тодорхойлогдоно.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Үүнээс гадна шүүгдэгч Г.Аын эрүүлийн мэндтэй холбоотой Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 8/20 дугаартай албан бичгийг тус шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Аын өвчин бэлгийн зам, цусаар буюу халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэхэд халдвар дамжих замыг, харин шүлс, нулимс, хоол хүнс, аяга халбага, агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/, шумуул болон бусад төрлийн хорхой шавьж, хамт амьдрах, ажиллах, суралцах, тэврэх, үнсэх, бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт  дамжихгүй болохыг Олон Улсын Эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байх бөгөөд энэ талаар Халдвар өвчин судлалын үндэсний төвийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 8/20 дугаартай албан бичигт тусгагджээ.

Уг албан бичгийн “...эмийг 409-р хаалттай хорих ангийн эмчийн хяналтан дор ууж байна” гэснээс үзвэл шүүгдэгч Г.Аын өвчин хорих ял эдлэхэд саад болохгүйг тодруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Аын эрүүл мэндтэй холбоотой асуудал Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн  11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, 2010 оны Олон Улсын Хөдөлмөрийн  байгууллагын  ерөнхий  бага  хурлын  Олон  Улсын  Хөдөлмөрийн товчооны

Захиргааны зөвлөлөөс 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан 99 дүгээр чуулганы 200 дугаар зөвлөмжид тус тус тусгагдсан байх бөгөөд хорих ялаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг зөв, шүүгдэгч Г.А мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг хадгалсан гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг гэм буруутай тооцохдоо “...хууль бусаар түүж бэлтгэсэн...” гэх гэмт хэргийн шинжийг орхигдуулсан хэдий ч шүүгдэгчийн эрх зүйн байдал  дордохгүй, хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин анхан шатны шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тухайн хуульд заасан гэм буруутайд тооцсон шинж тус бүрийг тодорхойлон бичиж байхыг цаашид онцгойлон анхаарвал зохино.

 Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ