Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0598

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Ш

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбоо

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хуульч Ж.Б-ын 0504 дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрхийг сэргээлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  599 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2026/0433/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  599 дүгээр шийдвэрээр:

Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2, 14 дүгээр зүйлийн 14.1.15, 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг тус тус баримтлан Ж.Боос Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд холбогдуулан гаргасан "Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хуульч Ж.Б-ын 0504 дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрхийг сэргээлгэх" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06-р сарын 03-ны өдрийн А/106 тоот захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүхэд төлөөлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь дараах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна.

1. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хууль тогтоомжийн дагуу мэдэгдээгүй. Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжилтэн Н.У-аас 2025 оны 05-р сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б-д 06-р сарын 02-ны өдөр ирж тайлбараа хэлж болно гэж мэдэгдсэн болох нь тус мэргэжилтний утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдсон гэж үзэж, сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хэлбэрээр хүргэсэн байна гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь тус өдөр утсаар холбогдохдоо татвар төлөгдөөгүй, төл гэсэн шаардлага тавьж, байсан болохоос биш Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.3-т заасан мэдэгдэлд тусгавал зохих мэдээллийг бүрэн өгөөгүй, сонсох ажиллагаа явуулах, үр дагавар нөхцөл, сонсох ажиллагаа явуулах цаг хугацааны талаар огт хэлээгүй, мэдэгдээгүй Гэтэл тогтсон бичвэр ашиглан бичгийн хэв нь өөр өөрөөр бичигдсэн нэг хүний гарын үсгээр баталгаажуулсан нэг талын үйлдсэн тэмдэглэлээр сонсох ажиллагааны мэдэгдлийг бүрэн хүргүүлсэн болох нь нотлогдож байна гэж тус тэмдэглэлд үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь авч үзээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

2. Сонсох ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулаагүй тухай Монголын өмгөөлөгчийн холбооны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27-p зүйлийн 27.4-т сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна гэж биечлэн уулзах хэлбэрээр сонсох ажиллагаа явуулах мэдэгдэлд хугацаа тогтоон утсаар мэдэгдсэн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримт, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар сонсох ажиллагаа явагдаагүй, оролцогчийг Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.5-д заасан тайлбар, санал гаргах боломж нөхцөлийг хангаагүй. 2025 оны 05-р сарын 29-нд утсаар мэдэгдэж 2025 оны 06-р сарын 2-ны өдөр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Мөн хуулийн 27-р зүйлийн 27.6, 27.7-т заасан ажиллагаа хийгдээгүй байна. Монголын өмгөөлөгчдийн холбооны зүгээс 2025 оны 6-р сарын 02-ны өдөр явагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, баримт нотолгоо ирүүлээгүй байхад зөвхөн сонсох ажиллагааг явуулахаар мэдэгдсэн гэж үзэж буй тэмдэглэлд үндэслэсэн шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Монголын өмгөөлөгчдийн  холбоо нь "Сонсох ажиллагаа" явуулсан гэх боловч сонсох ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлнө, тэмдэглэлд уг ажиллагааг явуулах тухай мэдэгдлийг оролцогчид хүргүүлснээс эхлээд түүнийг ямар хэлбэрээр явуулсан, хэдэн оролцогч байсан, ямар санал гаргасан гэх зэргээс эхнээс нь дуустал бүгдийг тодорхой тусгасан “Сонсох ажиллагаа" хийсэн тэмдэглэл огт байхгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 29-р зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас байхгүй зэрэг нь Монголын өмгөөлөгчдийн холбоо "Сонсох ажиллагаа хийсэн" гэж үзэхээргүй байна.

Хэдий Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөх эрхийг сэргээлгэх хүсэлтийг гаргахад зөвхөн цахим хаягаар мэдээлэл өгөх талаар дурдаагүй бөгөөд харилцаа холбоо тогтоох гар утас мэдээлэл ч бүрэн тусгагдсан, өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа болно. Монголын өмгөөлөгчдийн холбооны зүгээс зөвхөн бичигдсэн цахим шуудангийн хаягт илгээх хэлбэрээр гишүүн өмгөөлөгч нарт захиргааны актыг хүргэх нь өрөөсгөл бөгөөд цахим шуудангийн хаягаар хүлээн аваагүй болохыг мэдсээр байж, богино хугацаанд шийдвэр гаргаж гишүүн өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26-р зүйлийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд сонсох ажиллагааны хүрээнд заавал тайлбар, нотолгоог авсан байх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн байна. Гэтэл Сонсох ажиллагааны талаар хуулийн дагуу огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хуулийн дагуу хийснийг баталгаажуулсан ямар ч тэмдэглэл байхгүй, тайлбар, санал гаргаж өгөх бодит боломжийг олгоогүй байна. Мөн гишүүнчлэлийн татварыг төлөх, хүчингүй болгосон шийдвэрийг цахим хаягаар хүргүүлсэн гэж байгаа боловч татвар төлөх мэдэгдэл, шийдвэрийг хүлээн аваагүй болох нь холбогдох баримтаар нотлогдож байхад уг нөхцөл нэхэмжлэгч талын буруутай үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд байдлыг ойлгомжгүй байна. Ж.Б нь Шүүхэд төлөөлөх эрхээ сэргээсэнтэй холбоотой шийдвэрийг хожим мэдсэн бөгөөд татвар төлөх асуудалд бус шүүхэд төлөөлөх эрхийг сонсох ажиллагааг явуулаагүй, миний тайлбар, санал болон нотлох баримтыг гаргах боломжийг олголгүйгээр төлөөлөх эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн өмгөөлөгч нь өөрийн гишүүнчлэлийн мэдээллийг шинэчлэх, татвар хураамжтай холбоотой мэдээллийг нягтлах, өөрийн цахим шуудангийн хаяг дүүрсэн эсэхийг үүргээ хэрэгжүүлээгүй зэргээр буруутгаж байгаа боловч эдгээр нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахгүйгээр хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргах үндэслэл болохгүй болно.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Ж.Б-оос Монголын өмгөөлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан “Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хуульч Ж.Б-ын 0504 дугаар бүхий шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, шүүхэд төлөөлөх эрхийг сэргээлгэх”-ээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            3. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “...Монголын өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдэлд тусгавал зохих мэдээллийг бүрэн өгөөгүй, сонсох ажиллагаа явуулах, үр дагавар нөхцөл, сонсох ажиллагаа явуулах цаг хугацааны талаар огт хэлээгүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулаагүй” гэж,

            3.1. Хариуцагчаас “...Ж.Б-оос 2023 онд өмгөөллийн үйл ажиллагаа эрхээ сэргээлгэхээр хүсэлтээ ирүүлснийг тус хорооноос хүлээн авч өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн, нэхэмжлэгч хууль тогтоомжид заасны дагуу татвар хураамжаа төлөх үүрэгтэй ч төлөөгүй, холбооноос удаа дараа шаардлага хүргүүлж, хугацаа олгож, сонсох ажиллагаа зохион байгуулсан ба нэхэмжлэгчээс ямар  нэгэн байдлаар оролцохгүй, үүргээ биелүүлэхгүй байсан” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

            4. Анхан шатны шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгч нь өөрийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзсэн, сэргэсэн, гишүүнчлэлийн татварын хураамжтай холбоотой мэдээллээ өмгөөлөгчдийн холбооны цахим мэдээллийн санд өөрийн хандах эрхээр нэвтэрч бүрэн хянах боломжтой байхад хянаагүй, шүүхэд төлөөлөх эрхээ сэргээлгэх хүсэлтээ 2023 онд гаргасан атлаа маргаан бүхий акт гарах хүртэл хүсэлтээ шийдвэрлэгдсэн эсэх талаар тодруулаагүй, гишүүнчлэлийн хураамж төлөх үүрэг үүссэн байхад төлөөгүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн байхад сонсох ажиллагаанд очоогүй, тайлбар мэдүүлгээ өгөөгүй, өөрийн цахим шуудангийн хаяг дүүрсэн эсэхийг нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагчийг “...өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх сэргэсэн болон гишүүний хураамж төлөх үүрэг үүссэн талаар мэдээгүй, сонсох ажиллагаанд ирж тайлбар, баримт ирүүлэх, оролцоог хангах талаар хуулийн дагуу мэдэгдээгүй" гэж буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна....” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Ж.Б-оос өмгөөллийн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монголын өмгөөлөгчдийн холбоонд бичгээр гаргаснаар уг холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дугаар А/151 тушаалаар нэхэмжлэгч Ж.Бын хүсэлтийг үндэслэн “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх”-ийг түдгэлзүүлсэн байх ба 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмгөөллийн эрхээ сэргээх хүсэлтээ холбогдох маягтын хамт холбоонд гаргаснаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дугаар А/136 тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

6. Ингэхдээ нэхэмжлэгч Ж.Б-ын “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх”-ийг сэргээсэн талаарх мэдэгдлийг түүний эзэмшдэг,бүртгэлтэй мэйл хаяг буюу Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх хүсэлтийн маягтад дурдсан [email protected] цахим хаяг руу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны [email protected] цахим шуудангаар хүргүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт үзлэг хийх замаар авагдаж, нотлогдсон байна.

7. Түүнчлэн цахим шууданг “хүргүүлсэн”-ээр хүчинтэй буюу түүнийг хүлээж авсан эсэх, уншсан эсэхийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны “мэдэгдэх үүрэг” нэхэмжлэгч Ж.Бын  цахим хаяг руу цахим шуудан явуулснаар дуусгавар болно.

7.1. Нөгөөтээгүүр, Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болгосон бол Өмгөөлөгчдийн Холбоо энэ тухай өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд тэмдэглэж, хэрэг, маргаан хянан шалгах, шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад тухай бүр мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд Өмгөөлөгчдийн холбоо хэрвээ өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болсон бол мэдэгдэхээр хуульд зохицуулсан болохоос “сэргээсэн” тухай мэдэгдэхийг хуулиар үүрэг болгоогүй байна.

8. Нэхэмжлэгч Ж.Б-оос гомдлын үндэслэлээ “...өмгөөлөгч нь өөрийн гишүүнчлэлийн мэдээллийг шинэчлэх, татвар хураамжтай холбоотой мэдээллийг нягтлах, өөрийн цахим шуудангийн хаяг дүүрсэн эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч эдгээр нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахгүйгээр хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргах үндэслэл болохгүй...” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

8.1. Учир нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээх тухай”  хүсэлт гаргахдаа холбогдох маягтыг бөглөснөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Өмгөөллийн тухай хууль тогтоомж, энэ дүрэм, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм болон Өмгөөлөгчдийн Холбооны бусад дүрэм, журмыг дагаж мөрдөх;”, 4.2.3-т “гишүүнчлэлийн хураамжийг тогтоосон хугацаанд төлөх;”, 4.2.4-т “Өмгөөлөгчдийн Холбооноос гишүүнийх нь хувьд хүлээлгэсэн, хуульд нийцсэн үүрэг, даалгаврыг биелүүлэх;” гэж заасны дагуу өөрт татвар, хураамж төлөх үүрэг үүсэхийг урьдчилан мэдэх боломжтой байсан гэж дүгнэлээ.

9. Нэхэмжлэгч Ж.Б-д 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Сонсох ажиллагаанд оролцох тухай” болон татвар, хураамжаа төлөх талаарх мэдэгдлийг утсаар хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжилтэн Н.Удвалын утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа мэдэгдээгүй гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

10. Мөн нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “..надад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр холбогдож татвар төлөх шаардлага тавьсан” гэх тайлбар гаргаснаас үзэхэд хариуцагчаас мэдэгдэл хүргүүлж утсаар холбогдсон талаар нэхэмжлэгч талаас маргаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлоор маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                   С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                   Л.ОДБААТАР