Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02937

 

2020 10 30                                                                                                     183/ШШ2020/02937

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С М Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А Гэрээ ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 900 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч С М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С М Гэрээ ХХК болон А Г ХХК нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 05 сарын 07-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 сарын 17-ны өдөр 18-1941 тоот шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж А Г ХХК-д шатахууныг бөөний үнээр зээлээр нийлүүлэн ажилласан бөгөөд А Г ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа болно. А Г ХХК-ийн манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2020 оны 7 сарын 30-ны өдрийн байдлаар 600 000 000 төгрөг байгаа бөгөөд тус төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдан авагч талд төлөхөөр заасан. Тус заалтын дагуу А Г ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 2020 оны 7 сарын 30-ны өдрийн байдлаар 578 494 780 төгрөг болсон бөгөөд үндсэн төлбөрөө алдангийн хамт төлөхийг удаа дараа шаардсан. Манай компаниас албан бичиг хүргүүлсэн байдаг. Иймд гэрээний дагуу зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 600 000 000 төгрөг, гэрээний дагуу шатахууны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 300 000 000 төгрөг, нийт 900 000 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 657 950 төгрөгийн хамт хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А Г ХХК хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С М Г ХХК хариуцагч А Г ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 600 000 000 төгрөг, алданги 300 000 000 төгрөг, нийт 900 000 00 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2018 оны 05 сарын 07-ны өдөр 18-1941 тоот шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, худалдагч С Мгрупп ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах ШТС-50, ШТС-51 дизель түлшийг дараа төлбөрт нөхцлөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь гэрээнд заасан чанарын шаардлага хангасан шатахууныг хүлээн авахаар тохиролцжээ. /хх-ийн 6/

 

Дээрх гэрээний дагуу 2018 оны 5 сард 1 литр дизелийн түлшийг 1 950 төгрөгөөр тооцож, 300 000 литр дизель түлш буюу 600 000 000 төгрөгийг 2017 оны 5 сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, А ГХХК нь шатахууны төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор багтааж төлбөрийг С Мгрупп ХХК-ийн Хаан банкны 5031222910 тоот, Худалдаа хөгжлийн банкны 499006220 тоот харилцах дансанд шилжүүлэх, буюу касс бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. 2018.5.17-ны 18-194 тоот шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт орцуулах гэрээ №1-ээр гэрээний хугацааг 2020.12.31-ний өдрийн хүртэл хугацаагаар сунгаж, шатахууныг хариуцагч А ГХХК-д хүлээлгэн өгч, хариуцагч хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон тооцоо нийлсэн акт, зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 19/

 

Хариуцагч А Г ХХК нь дээрх шатахууны үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал төлбөр төлөх мэдэгдлийг хариуцагчид 2020.01.06, 2020.04.07-ны өдрүүдэд хүргүүлж байсан баримтууд хэрэгт авагджээ./хх-ийн 21-22/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.

 

 

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч С М Г ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, С М Г ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах ШТС-50, ШТС-51 дизель түлшийг А Г ХХК-д хүлээлгэн өгсөн нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх ба хариуцагч нь уг актад гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 20/

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч А Г ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээний 6.4-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс 0.5 хувиар алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Цогтбадрахын 88106926 дугаарын утас холбогдох боломжгүй байсан тул зурвас бичиж үлдээн, хариуцагч А Г ХХК-д тус шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг тус компанийн хаягаар хүргүүлэхэд ажилтан Төмөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрхийг нэгтгээд хариуцагч А Г ХХК-иас 900 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С М Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Г ХХК-иас гэрээний үүрэгт 900 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С М Г ХХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С М Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 4 657 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С М Г ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ