| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00606/и |
| Дугаар | 153/ШШ2020/00569 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00569
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00569 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга /9067434/-ын нэхэмжлэлтэй, ................ суух, ...... овогт Т.Б-д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 7,546,780 /долоон сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00606/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Т.Б нь 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шинэ зоорь төслийн зориулалтаар 10,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй авсан. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 6,792,445 төгрөг, зээлийн хүү 502,890 төгрөг, ногдуулсан акт 251,445 төгрөг, нийт 7,546,780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын нэхэмжэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардпага болох 7,546,780 төгрөгийг төлнө, татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй иргэн Т.Б холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророор оролцож хариуцагчийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь Т.Баасанжавд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 7,546,780 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 7,546,780 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжид 135,698 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 135,698 төгрөгийн тал хувь болох 67,849 хариуцагч Т.Б гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Т.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 7,546,780 /долоон сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага 7,546,780 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжид 135,698 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 135,698 төгрөгийн тал хувь болох 67,849 хариуцагч Т.Б-с гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ