Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

    2023         12            22                                  2024/ШЦТ/02

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ

хохирогч Б.Т /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 14-нд Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын засварчин мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д ажилладаг, нийслэлийн ХХХ дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эцэг, эх, эхнэрийн хамт ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ 00 А байрны 00 тоотод түр оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

ХХ000000 дугаарын регистртэй Х овогт Д-ын Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “ХХХ” дээд сургуулийн гадна хохирогч Б.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар болон зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Цагдаа дээр өгсөн мэдүүлэгтэйгээ танилцсан болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогч Т бол манай бэр эгч юм. Хохирогчид учирсан гэмтлийг би гараараа нэг удаа цохиж учруулсан. Хохирлын 3.475.000 төгрөгийг өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 21-нд бүрэн төлж барагдуулсан. Би цаашид өөртөө анхаарах болно. Гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Т бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Манай хоёр дүү болох Т, Х хоёрын маргаснаас болж Т намайг цохьсон.

Бид нар хамаатан садан, хохирлоо барагдуулж авсан тул одоо заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэхгүйгээр хэргийг нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

Миний хувьд нүдний ухархайндаа хиймэл ястай болж үлдлээ. Гэхдээ цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Хохирлын нийт 3.175.000 төгрөг миний дансанд орсон байна лээ гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Т “... 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийнхнээрээ уулзсан бөгөөд тухайн өдөр миний нөхөр Д, нөхрийн төрсөн ахын хүүхэд болох Т эхнэртэйгээ, Т эхнэрийн хамт, нөхрийн эгчийн хүүхэд Х нар уулзсан юм. Тэгээд ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ төвийн 5 давхарт байрлах ресторанд уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоолонд орсон. Тус ресторанаас 00:00 цаг өнгөрч байхад гараад Модны 2-т байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орсон. Х болон Т хоёр хоорондоо маргалдсан. Т-ыг хөгшин эхнэртэй учирсан гэх яриа болоод түүнээс болоод маргаан үүссэн. Х-ыг аваад тус караокеноос гарсан бөгөөд бид нарын гарах цаг ч болсон байсан. Х бид хоёр караокеноос бага зэрэг зайтай зогсож байтал манай хэд бүгд гарч ирсэн. Үлдсэн хэд маань гарч ирэхдээ маш их дуу чимээтэй, маргалдсан байдалтай гарч ирцгээсэн. Би маргалдаад байгаа хэд дээр хүүе ээ яасан бэ, юу болов гээд асуугаад яваад очтол Т намайг ямар ч утга учиргүй нүүр хэсэгт гараа атгаад нэг удаа цохисон. Би уг цохилтод манараад юу болж байгааг нэг хэсэгтээ мэдээгүй. Ухаан санаа манарч байх үед юу болсон талаар санахгүй байсан. Нэг мэдэхэд миний нүүр хэсгээс цус гарч байсан. Би бага зэрэг ухаан ороход Т Х-тай маргалдаж байсан. Би Т-с юу болоод миний биед халдаж байгаа талаар асуухад чиний дүү Х-с болж миний дүү Т амьдралгүй боллоо гээд дайраад байсан. Дүүтэйгээ нийлээд би та нарыг ална гээд маш удаан маргаан үүссэнээс болж цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед Т-с өөр хүн халдаагүй” /хх-н 27-28/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Д-ын Т “... 2023 оны 9 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед миний төрсөн дүү Т над руу залгаад та завтай байгаа бол хүрээд ирээч, ХХХ байна гэж хэлсэн. Би тухайн газар нь яваад очиход миний эхнэр Э, манай дүүгийн эхнэр Ц, аавын хамгийн бага дүү Д, түүний эхнэр Т, аавын дүүгийн охин болох Х нар байсан. Тухайн газраас архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж дуусаад Хурд гэх нэртэй Модны 2-т байрлалтай караоке орсон. Тус караокены гадаа бэр эгч Т болон миний дүү Т нартай маргалдаж байгаад бэр эгч Т болон Халиун нар намайг цохиод авсан. Би уурлаад эгчийг 1 удаа нүүр хэсэгт нь цохичихсон юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир уураа барьж чадаагүй” /хх-н 12/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Т-ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хацарт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 12408 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан нь /хх-н 12/ шүүгдэгч Д.Т-ы гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Д-ын Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

Тухайлбал, хохирогч Б.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол хэдийгээр хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байх боловч нүдний ухархайд хиймэл яс суулгуулсан гэх байдал нь хор уршгийн шинж чанар гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий садан төрлийн хүмүүс нийлж архидан согтуурах явцдаа эмэгтэй хүний бие, эрх чөлөөнд халдсан шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ “... гэм буруугийн талаар маргахгүй, хохирол бүрэн төлөгдсөн, уг хэрэг нь гэмт хэргийн ангиллаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Д.Т-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал,

хохирогч Б.Т “... хохирол төлөгдсөн цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, ... үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заажээ.

 

Шүүгдэгч Д.Т-ы хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 54/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Т-ын нэхэмжилсэн 3.475.000 төгрөгийг шүүгдэгч Д.Т бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Д-ын Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Т 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Т хохирогч Б.Т-ад хохирлын мөнгө гэж 3.475.000 төгрөг нөхөн төлсөн болохыг, хохирогч Б.Т цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Тд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ