| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01725/И/ |
| Дугаар | 01980 |
| Огноо | 2020-11-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 01980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01725/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар РЙ......., Ш. овогт Г.Ц.ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын Мандал баг, хонхорын 05-15 тоотод оршин суух, регистрийн дугаар РА8..., Т... овогт П.Г. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Г.Ц., хариуцагч П.Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Ц. нь П.Г.. 2011 оноос танилцан үерхэж байгаад 2013 оны 02 дугаар сарын 21-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн хамт амьдарч байгаад 2013 оны 4 дүгээр сарын 21-нд охин Г.Г. төрүүлсэн. Хамт амьдарч байх эхний жилүүдээс эхлэн ааш зан нь өөрчлөгдөн орон гэрээс минь гаргахгүй зодож, нүддэг, доромжилдог. Үр хүүхдээ хүртэл зоддож нүддэг, загнаж зүхээд хамт байх үндэслэлгүй болоод 2016 онд салаад одоог хүртэл тус тусдаа амьдарч байна.
Иймд 2013 оны 0220182, №7 дугаартай гэрлэлийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Г.-г өөрийн асармжид авч хуульд заасны дагуу Г-с хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болно.” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие одоо жирэмсэн төрөх сардаа орсон байгаа. Энэ хүүхэд маань нөхөр П.Г.н хүүхэд биш бид 2017 оны 7 сараас тусдаа амьдарч байгаа. Түүнээс хойш гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандах гэсэн боловч би Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байсан учраас нэхэмжлэлээ гаргаж чадаагүй юм. Одоо төрөх хүүхдээ төрсөн эцгээр нь овоглох хүсэлтэй байгаа боловч гэрлэлтийн баталгаатай учраас нөхөр П.Г-р овоглуулах эсвэл өөрөөрөө овоглох болчихоод байгаа юм. Хэрвээ ийм байдал үүсвэл хүүхдийн маань төрсөн эцгээрээ овоглох эрх зөрчигдөхөд хүрээд байгаа юм. Нэгэнт бид тусдаа амьдраад би өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, хүүхэдтэй болсон учраас хүүхдийн маань эрх ашгийг бодож бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин маань миний асрамжинд байдаг бөгөөд өөрөө аавтай амьдрахгүй гэдэг. Иймээс охин Г.Г-аа би өөрийн асрамжиндаа авна. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
Хариуцагч П.Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Г. миний бие Г.Ц.тай 2011 оноос танилцаж үерхэж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 21-нд охин Г төрсөн. 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Амьдарч байх хугацаанд хэрүүл маргаан хааяа нэг гардаг байсан. Зодож нүдэж байгаагүй. Хааяа маргалдахаараа ээж рүүгээ хүүхдээ аваад явчихдаг, араас нь маш олон удаа гуйж ирж байсан. Ээж нь бид хоёрын амьдралд маш их оролцдог. 2017 оны 8 дугаар сард салаад явсан. Охиноо бодоод эргэж амьдаръя гэж болж бүтэх талаас нь маш их гуйсан боловч зөвшөөрөөгүй. Өмнө нь шүүхээс эвлэрүүлэн 3 сар хугацаа өгсөн боловч энэ хугацаанд нөхөртэй болсон байсан. Хот руу ажлаар яваад ирэхэд охиныг минь хөдөө гаргаж орхиод өөрөө хот яваад алга болсон байсан. Охиныг минь айлын малд явуулаад надтай уулзуулдаггүй. Одоо хүртэл уулзаагүй. Анх 1 дүгээр ангид ороход нь энэ хүн байхгүй байсан. Би өөрөө сургуульд оруулж хамт байдаг байсан. Дуртай үедээ охиныг минь аваад явдаг. Охиноо хойд эцгийн гар харуулмааргүй өөрийн гэр орондоо өөрийн асрамжинд авмаар байна. Мал хөрөнгийг минь бүгдийг авсан. Өөрийн гэсэн 4 адуугаа л авсан. Ц.. нь одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, тэр хүнтэй хамт амьдарч байгаа. Гэдсэнд байгаа хүүхэд нь тэр хүний хүүхэд нь байх. Бид нэгэнт эвлэрч хамт амьдарч чадахгүй болсон болохоор гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийн тухайд би ажил хөдөлмөр эрхэлдэггүй байнгын орлогогүй болохоор төлөх боломжгүй гэдгээ энэ хүнд хэлсэн. Энэ байдлыг маань ойлгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгож байна. Охиноо өөрийнхөө асрамжид авахыг хүсч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц. нь хариуцагч П.Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдааны шатанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6731000... дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаа, зохигчдийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон байна.
Гэрлэгчид 3 жил 4 сар тусдаа амьдарсан, энэ хугацаанд нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай болж, түүнийхээ хүүхдийг тээн, 2020 оны 12 сард төрөх нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан тохиолдол бий болсон боловч өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй, харин шинээр төрөх хүүхдийн төрсөн эцгээрээ овоглох эрх зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Г.Ц., П.Г. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас регистрийн дугаар РЙ.., 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр охин Т. овогт Г.Г. төрсөн болох нь Г.Г.ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдож, зохигчдын хэн аль нь хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан боловч нэхэмжлэгч Г.Ц. нь охин Г.Г.г өөрийнхөө асрамжид авахаар нэхэмжилж, эцэг П.Г. нь хүүхдийг өөрийнхөө асрамжид авна гэж маргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан тул хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Г.Г. эх Г.Ц.ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг П.Г., эх Г.Ц. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдийг хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болохыг болон нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигч нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж,
мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “..., улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ...” гэж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Г.с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ц.д олголоо.
Зохигчид тусдаа амьдраад 3 жил 4 сар болсон, нэхэмжлэгч өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, жирэмсэн болсон зэрэг нөхцөл байдал талуудын тайлбаруудаар тогтоогдсон тул шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РЙ..., Ш. овогт Г.Ц., регистрийн дугаар РА..., Т.. овогт П.Г. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЙ..., 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Т. овогт Г.Г.г эх Г.Ц.ын асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Нэхэмжлэгч Г.Ц.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч П.Г.оос 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ц.д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА