| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00685/и |
| Дугаар | 00580 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 00580
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00580 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ...........аймгийн ..............сумын ............багт оршин суух, Т.С-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00685/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч Т.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1970 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад Түвшинхээгийн 5 дахь хүүхэд болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад тус сумынхаа найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид 1978 онд элсэн орж суралцаад, 1986 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд эцэг эхийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад Я.М-тай гэр бүл болж мөн тус нэгдлийнхээ Алаг бригадад нөхөртэйгөө малчнаар ажилласан. Тус нэгдэл тарж нэгдлийн суурь дээр байгуулагдсан ХК-д мөн малчнаар ажиллаж байгаад тус компани тарахад хувиараа мал маллаж эхэлсэн. Миний бие насаараа мал маллан амьдарч байна.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч цалин хөлс олгож байсан талаарх бичилт хийсэн 70 дугаар данс болон хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу хийсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1993-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан.
....Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.С нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.С нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1986-1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Т.С-гийн 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч Я.М-гийн ....Т.С-той надтай хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж, 1986 оны 6 дугаар сард 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алагт багт томилогдож, малчин болж ээж ах нарынхаа хамт нэгдлийн саалийн үхэр, хонь маллаж байсан. Т.С нь нэгдэл тарахын өмнөхөн М-тай гэр бүл болсон юм. Би оныг нь сайн санахгүй байна. Т.С нэгдэл тартал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алагт багт малчнаар ажилласан. Т.С нь Мөнх-Оргил компанид надтай адил 1, 2 жил л малчнаар ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-14, 15-26, 49-50 дугаар тал/
Нэхэмжлэгч Т.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1609000369 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 30 дугаар тал /
Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1993 оны цлин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудсанд авагдсан иргэн И.Б, Я.М, П.С нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн Т.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.С-гийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл саальчин, малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ