Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57 

 

    2024          01           16                   2024/ШЦТ/57                        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч И.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХХХ” харуул хамгаалалтын албанд харуулаар ажилладаг гэх, ххх дүүргийн 000 дүгээр хороо, ХХХ дүгээр гудамж, 000 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт ХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 дүгээр орцны 0 тоотод амьдарч байгаа гэх,

ял шийтгэл:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгийн торгох ялаар,

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн,

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2134 дугаартай захирамжаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 114 дугаартай захирамжаар ялтны хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаас биелээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж тус тус шийтгүүлсэн,

ХХ00000 дугаарын регистртэй Б овогт Б-ийн У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.У нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “ХХХ” их дэлгүүрийн 00 дугаар давхарт байрлах “ХХХ” нэртэй лоунжид хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Айфоне 14 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид  3.325.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад нэмж ярих зүйл байхгүй. Цагдаад бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Би одоо харуул хамгаалалтын компанид ажилладаг. Бас Өмнөговь аймаг руу явж харуул хамгаалалтын компанид ажиллахаар болсон. Намайг хорихгүй байгаач. Дахин хууль бус зүйл хийвэл ялаа эдэлнэ. Дахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна, тангараглаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-н Б “... би тэр өдөр хороололд байрлах лоунжид найзуудтайгаа сууж байгаад намайг 00 орох хооронд миний сууж байсан ширээн дээр гаднаас үл таних хүн орж ирээд юм авах уу гээд манай найзуудаас асууж анхаарлыг нь сарниулж байгаад ширээн дээр ил байсан миний Айфон-14 про загварын rap утсыг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би тэр хүнийг харсан. Миний үйлчлүүлж байсан газрын камерт бичигдсэн байсан. Гадуураа цэнхэр цув өмссөн, цагаан сандаалтай, туранхай зaлyy байсан.

Миний гар утсыг хулгайлсан хүнийг дуудлагаар ирсэн 2 цагдаа маш хурдан хугацаанд барьж миний гар утсыг олж өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол санал байгүй, хохирсон хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 22-28/ гэж,

гэрч Г-ийн Э “... тэр өдөр “Бэгэр 114” чиглэлд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Хүслэнгийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Бэгэр 10”-aac тухайн дуудлага мэдээллийг 03:00 цагийн үед ирүүлсний дагуу шалгахаар дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй утсаар нь холбогдоод хулгай хийсэн гэх хүн ямар содон шинж тэмдэгтэй, ямар хүн байсан талаар асууж тодруулчихаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалт хийж яваад дуудлага мэдээлэл өгсөн хаяг руу явж байтал Эх нялхсын гаднах автомашины зогсоолын хажуугаар өнгөрөх үед дуудлага мэдээлэл өгсөн иргэний дүрсэлж хэлсэн цэнхэр борооны цувтай, цагаан тавчиктай 30 орчим насны сэжигтэй этгээд явж байхаар нь шалгатал Айфоне 14 загварын гар утас биедээ нуусан байдалтай авч явж байхаар нь машиндаа суулгаад дуудлага мэдээлэл өгсөн иргэн дээр очиж rap утсыг өөрийнх нь мөн эсэхийг асуухад хохирогч иргэн миний хулгайд алдсан утас мөн байна гэж хэлсэн тэгээд утсыг нь хохирогчид хүлээлгэж өгчихөөд хэлтэс дээр эрүүгийн мөрдөгчтэй уулзуулсан. Холбогдогч этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул хэлтэс дээр авч ирээд “Бэгэр 120”-д хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн” /хх-н 37-40/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ийн У “... би 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 03:00 цагийн үед хороололд явж байгаад нэг ресторан руу ороод үйлчлүүлж байсан хүмүүсийн ширээн дээр очоод хүмүүсийн анхаарлыг сарниулж юм асууж байгаад ширээний булан дээр байсан гар утсыг хулгайлаад авч гарч яваад Эх нялхсын эмнэлгийн хажууд явж байгаад цагдаа нарт баригдсан. Цагдаа нар намайг биедээ байгаа эд зүйлээ гарга гэхээр нь хүний гар утсыг цагдаад гаргаж өгсөн.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна” /хх-н 60-61/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн камерын бичлэгт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд /хх-н 11-16/, “Дамно” ХХК-ийн үнэлгээ /хх-н 42-45/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Б-ийн У бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Учир нь, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.Угийн хувьд урьд өмнө удаа дараа өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байх боловч тэрээр бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан биш “хулгайлах” гэмт хэрэг үйлдээд төд удалгүй цагдаа нарт баригдаж, хулгайн эд зүйл нь хохирогч Б.Б-т буцаан олгогджээ.

 

Харин шүүх шүүгдэгч Б.У-ийн гэм буруугийн талаар маргаагүй байдлыг харгалзан хорих ялын хугацааг хуульд заасан доод хэмжээгээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Iphone 14pro” загварын гар утсыг Дамно” ХХКомпаниас 3.325.000 төгрөг гэж үнэлсэн /хх-н 44/,

хохирогч Б.Б “... миний гар утсыг хулгайлсан хүнийг дуудлагаар ирсэн 2 цагдаа маш хурдан хугацаанд барьж аваад миний гар утсыг буцааж олж өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол санал байгүй, хохирсон хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 22-28/ гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.У-гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хх-н 65-67/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 68/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-н 69/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-н 70/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 76-98/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.У-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хохирогч Б.Б-г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.У-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ