| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00765/И/ |
| Дугаар | 01626 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 01626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/00765/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар багийн 22-23 тоотод оршин суух, регистрийн дугаар РВ..., М. овогт П.Т.н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.. сумын .. дүгээр багийн 18-19 тоотод оршин суух, регистрийн дугаар РП.., Г. овогт О.Н.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч П.Т., хариуцагч О.Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Т. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Т. нь О.Н.тай 2008 онд үерхэж байгаад 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарч байсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Х. 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, хүү Э. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Мөн архи ууж, худлаа хардан зодож дарамталдаг болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Х., Э. нарыг миний асрамжид үлдээн хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.
Хариуцагч О.Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Т. бид 2 гэрлээд 11 жил болж байна. Энэ хугацаанд эхэндээ амьдралын төлөө зүтгэн сайхан амьдрал босгосон. 2 хүүхэдтэй болсон. Мөн алдаа оноо ч их байсан. Байшин барьж байх үедээ хоёр ч удаа хүнд ихээхэн мөнгөөр залилуулж бас ажил хийж мөнгө олох санаатай явж байгаад мориноос унаж бэртсэн учир 1 жил шахуу хөдөлмөрлөж чадаагүй. Аргагүй эрхэнд хашаа байшингаа зарж банкны өрөө дарсан.
Бид хоёр 2019 оны 4 сараас хойш одоог хүртэл тусдаа байгаа. Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр хот явсан. Хотод 2 хүүгийнхээ төлөө мөн эхнэр П.Т.г алдаа оноогоо ухаараад хүрээд ирэх байх гэсэн итгэл найдвартай ажиллаж байсан. Гэтэл П.Т. намайг ойлгоогүй. Одоо хамтран амьдрагчтай болсон гэж байсан. П.Т.г лизингээр байр худалдаж авсан гэж сонсож байсан. Мөн энэ зун ахмадын сувилалд сувилагчаар орсон гэж сураг сонсогдож байсан. Би 2 хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Харин сар бүр тэтгэлэг төлөхөд хүндрэлтэй, миний ажил улирлын чанартай тул 2 хүүхэддээ хадгаламжийн данс банкинд нээлгэж, боломж бололцоогоороо мөнгө хийхийг хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Т. нь хариуцагч О.Н.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Ц.. сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 46 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч П.Т., О.Н. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү Г. овогт Н.Х., 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г. овогт Н.Э.нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч П.Т. нь хүү Н.Х., Н.Э.р нарыг өөрийнхөө асрамжид авахаар шаардахад, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү Н.Х., Н.Э. нарыг эхийнх нь асрамжид үлдээлээ.
Хүү Н.Х., Н.Э. нарыг эх П.Т.н асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүдийг эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол эзэмших, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг О.Н., эх П.Т. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хүү Н.Х., Н.Э. нарт сар бүр эцэг О.Н.с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Т. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасан байх тул хариуцагч О.Н.с улсын тэмдэгтийн хураамжид 138.628 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлэх хугацаанд хариуцагч О.Н., нэхэмжлэгч П.Т. нарт эвлэрүүлэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РВ..., М. овогт П.Т., регистрийн дугаар РП......, Г. овогт О. Н. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РП..., 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.. овогт Н.Х., регистрийн дугаар РЮ......., 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г. овогт Н.Э. нарыг эх П.Т-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РП1.., 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г... овогт Н.Х., регистрийн дугаар РЮ...., 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г... овогт Н.Э.. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Н.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Т. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н.с улсын тэмдэгтийн хураамжид 138.628 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА