Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

  

 2024          01           19                                     2024/ШЦТ/67

                    

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч О.Баяраа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 05-нд Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 5; нөхөр, 01-08 насны гурван хүүхдийн хамт ХХХ, ХХХ сумын ХХХ дугаар гудамж, 18 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

ХХ0000 дугаарын регистртэй, Б овогт Т-ийн Н

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т.Н нь ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ХХХ” ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн байгууллагаас итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр харилцагч нараас тушаасан барааны төлбөр болох 43.102.501 төгрөгийг хувьдаа хэрэглэж “ХХХ” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээс өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Компаний мөнгийг дутагдуулахад тухайн үед амьдрал, ар гэрийн шалтгаан байсан.

Хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна. Хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай компани одоогийн байдлаар Н-с 30.378.131 төгрөгийн авлагатай. Боломжит хугацаа олгосон боловч хохирлоо төлөхгүй байгаа. Хохирлоо төлчих юм бол компанийн зүгээс гомдол саналгүй. Мөн аудитын /шинжээчийн/ зардал болох 1.5 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т “... 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Н манай “ХХХ” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй худалдааны төлөөлөгчөөрөө ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр худалдааны төлөөлөгч Н-ийн хариуцсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэлд гэнэтийн тооллого хийсэн. Уг тооллогоор ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд тооллогын дараа Н-ийн хариуцсан харилцагчийн авлагын баталгаажуулах шалгалт хийхэд Н-д нь программд 52.452.800 төгрөгийн авлагын харилцагч нарын зээл гэж шивсэн байсан. Тэгээд авлагын менежер Б.С дээрх зээлтэй гэх харилцагч нарын авлагын тооцоог нэг бүрчлэн хийхээр харилцагч нартай уулзахаар болж Н-д түүний нөхөр Лхагвасүрэн нарын хамт явсан. Тухайн харилцагч нартай уулзаж зээлийн асуудлаар тулгалт хийхэд 15.400.000 төгрөг нь баталгаажиж “ХХХ” ХХК-ийн дансанд тушаагдсан. Харин үлдэгдэл 37.033.166 төгрөгөөс 11.300.000 төгрөг нь Сүхбаатар аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хариуцагч Б-с гаргуулахаар баталгаажсан. Харин  27.707.566 төгрөг харилцагч нар дээр баталгаажаагүй бөгөөд худалдааны төлөөлөгч Н-д хувьдаа хэрэглэсэн тооцоо болох нь баримтуудаар тогтоогдсон” /1-р хх-ийн 19-20/,

“... Т.Н-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тооллогын дараа харилцагчийн авлага баталгаажуулахад программд нийтдээ 52.458.000 төгрөгийн авлагыг зээлээр борлуулсан гэж шивсэн байсан. Уг мөнгөн дүнг шалгахад компанид 9.350.299 төгрөг нь баталгаажиж “ХХХ” ХХК-ийн 00000 дугаартай данс руу шилжин орж, худалдааны төлөөлөгчийн хүсэлтээр 6.041.701 төгрөгийг өөрийн эрсдэлийн сангийн мөнгийг авлагаас бууруулсан. Тооцоогоор 37.033.166 төгрөг үлдсэн. Уг мөнгийг Т.Н нь хувьдаа хэрэглэсэн тоогоо хүлээн зөвшөөрсөн өргөдөл бичиж өгсөн байдаг. Үүнээс 1.655.036 төгрөгийг манай компанийн данс руу тушааж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 8 тонн лууванг 5.000.000 төгрөгөөр бодож авлагаас буруулсан байдаг. Одоогийн байдлаар нийт үлдэгдэл 30.378.131 төгрөг болсон байна” /1-р хх-н 22-23/ гэж,

гэрч Б-ын С-н “... би яг он сар өдрийг тодорхой санахгүй байна. Худалдааны төлөөлөгч Н-д гэнэтийн тооллого хийж авлага баталгаажуулахаар болсон. Н-ийн амбаарт байсан барааг тоолоод программыг нь шалгаж үзэхэд харилцагч нараас 52.452.800 төгрөгийн авлагатай байсан. Тэгээд би өөрөө харилцагч нараар явж авлагуудыг баталгаажуулахад 15.419.634 төгрөгийн авлага цугларсан бөгөөд үлдэгдэл 37.033.166 төгрөгөөс 11.300.000 төгрөгийг хариуцагч Батсүхээс Н-д гаргуулан өгөхөөр шүүхийн захирамж гаргаж байсан. Тэгээд үлдэгдэл 27.707.566 төгрөг нь хуурамч авлага үүссэн байсан тул Н-ийг дагуулан явж харилцагч нартай уулзаж тооцоо тулахад зарим харилцагч нар нь манайхаас бараа огт аваагүй, зарим харилцагч нь мөнгөө Н-д тушаасан байдалтай байсан. Тэгээд манайхаас Н-ийн баталгаажаагүй үлдсэн 27.707.566 төгрөгийн асуудлыг компанийн хуулийн алба руу шилжүүлэн өгсөн” /1-р хх-н 25-26/ гэж,

гэрч М-н С “... тухайн үед Н нь худалдан борлуулсан барааныхаа мөнгийг өөрийнхөө данс руу авсан асуудлууд тогтоогдсон. Намайг анх ажилд орох үед л худалдааны төлөөлөгч тус бүр 1 айлтай 1.000.000 төгрөгийн “Хөлдөөгчийн гэрээ” байгуулж программдаа оруулаад тухайн айлын авлагын үлдэгдлийг сар бүр тооцоод авлагын үлдэгдэл 1.000.000 төгрөг дотор байхад төлөхгүйгээр дараагийн сарынхаа барааг нэмж авч болох ёстой байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс харилцагч нараас бүх авлагаа худалдааны төлөөлөгч нар өөрсдөө аваад ямар ч өр төлбөр үлдээхгүй гэсэн тушаал гаргасан тул худалдааны төлөөлөгч нар бүх айлаасаа мөнгөө аваад компанид мөнгө тушаасан. Гэтэл худалдааны төлөөлөгч Н 50.000.000 гаруй төгрөгийн авлагын үлдэгдэлтэй гарсан тул манайхаас “Авлага хяналтын алба” руу шилжүүлсэн” /1-р хх-н 29-30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Т-ийн Н “... би зарах бараа материал хүлээн аваад сарын сүүлээр тооллогод ордог. Харин бараа дутдаг. Тэр бараагаа дэлгүүр дээр хуурамч авлага үүсгээд компанийн утсан дээрх программ дээр шивдэг. Энэ дутсан бараа миний хариуцлагагүй байснаас болж дутсан. Би тухайн үед цалингийн зээлтэй байсан. Би барааны орлогын мөнгийг өөрийн ХААН банкны 0000000 дугаартай данс руу хийдэг байсан. Харин миний цалингийн зээл гэж банк барааны орлогын мөнгөнөөс 4-5 сая төгрөгийг татаж авсан байсан” /1-р хх-н 38-39/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт “Амгалан ахуй аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн тайлан /1-р хх-н 42-47, 80-84/, “ХХХ” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Т.Н-ийн хүлээн авсан бараанаас төлөгдөөгүй үлдэгдэл тооцоолол /1-р хх-н 48-50/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1-р хх-н 51-77/, “ХХХ” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Т.Нийн борлуулсан бараа /1-р хх-н 85-87/, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 105-109/, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /1-р хх-н 110-111/, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 112-114/, 5041232802 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 137-155/, харилцагчийн авлага баталгаажуулалтын мэдээ /1-р хх-н 116-123, 2-р хх-н 1-26/ гэсэн баримтууд авагджээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “Хөрөнгө завших” гэмт хэргийн объектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.

 

Субъектийн хувьд 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан хувь хүн байхаар энэ зүйлийн үндсэн шинжийг хуульд тодорхойлсон.

 

Шүүгдэгч Т.Н-эд холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Т-ийн Н-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Н-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлж /шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасан хугацаанд нийт 30.378.131 төгрөгийн хохирлоос 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан/, өөрийн засрал хүмүүжилдээ анхаарна гэдгээ хэлж байгаа, бага насны хүүхдүүдтэй эх хүн зэргийг харгалзав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Н-ийг 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялын хэмжээг багасгаж өгөх тухай хүсэлт гаргасныг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна гэснийг шүүх хүлээн авах шаардлагагүй.

Учир нь; гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Н Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байгаа гэх байдал, бусдад төлөх төлбөртэй зэрэг нь түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” ялыг тус тус түүнд оногдуулахад зохимжгүй гэж шүүх үзэв.

 

Иймд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн шүүгдэгч Т.Н-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, харин тэнссэн хугацаанд түүнд хязгаарлалт тогтоох болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Н-ийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /1-р хх-н 98/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 99/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-н 100/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 101/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 102/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Т.Н 30.378.131 төгрөгийн төлбөртэй байснаас шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлтийн дагуу ажлын 5 хоногийн хугацаанд 4.000.000 төгрөг төлж барагдуулсан тул одоо 26.378.131 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэ мөнгийг шүүгдэгч Т.Н-эс гаргуулж хохирогч байгууллага болох “ХХХ” ХХК-д олгох нь зүйтэй.

Харин “ХХХ” ХХКомпаний нэхэмжилсэн “шинжээчийн зардал” гэх 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Т.Н цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т-ийн Н-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан “хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Т.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “... , гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Т.Н хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ээс 26.378.131 /хорин зургаан сая гурван зуун далан найман мянга нэг зуун гучин нэг/ төгрөг гаргуулж хохирогч “ХХХ” ХХК-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 26.378.131 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд төлж барагдуулах хугацааг тогтоосугай.

 

7. Хохирогч байгууллага болох “ХХХ” ХХКомпаний нэхэмжилсэн “шинжээчийн зардал” гэх 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Т.Н цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Н-эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.Ж