| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00687/и |
| Дугаар | 00581 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 00581
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00581 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-42 тоотод оршин суух, Ч.М-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00687/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М нь миний том ах юм. Ч.М нь 1966 онд төрсөн боловч бүртгэл буруу хийгдсэн учраас 1968 онд төрснөөр гэрчилгээ авч байсан.
Ч.М нь Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгсөөд мал дээр гарч мал маллаж байгаад 1986-1988 онуудад буюу анхны 2 жилээр цэргийн алба хааж ирээд 1989 онд Нарангэрэл гэдэг хүнтэй гэр бүл болоод мал малласан.
Мал маллаж байхдаа туувар тууж, сүүн тасгийн заводод цөцгий цохих зэрэг ажлуудыг хийж байсан. Ч.М-ын гэрийн дууддаг нэрийг Алагаа гэдэг. Ч.М нь тэтгэвэрт гарах нас хүрсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Иймд Ч.М-ыг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Ч.М ахыг А гэдэг нэрээр хочилж дууддаг....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлагыг Ч.М-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1275 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1984-1986, 1988-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Б-ын ....Ч.Мандалбаярын аав Чоён нь намайг 2 дугаар анги билүү, 3 дугаар ангид суралцаж байх үед Зэрэг сумын 1 дүгээр бригадаас 2 дугаар бригадад үхэрчнээр шилжиж ирж байсан. А буюу Ч.М нь намайг цэргээс халагдаж ирсний дараа 1983 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд аав, ээжийнхээ хамт мал малласан. А нь 1986-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Ч.М нь 1989 оны үед Б.Г-тэй гэр бүл болсон. Ингээд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1993 он хүртэл нэгдлийн үхэр маллаж байсан. Манай Хөдөлмөр нэгдэл нь 1994 онд тарсан шиг санагдаж байна. Ч.М нь нэгдэл тарснаас хойш хувиараа мал малласан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-12, 32-33 дугаар тал/
Ч.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажилласан болох нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ч.М-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Ч.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Ч.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 7 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001634 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 541 дүгээр тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5988 дугаартай лавлагааны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 17, 18 дугаар тал/
Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн 1991, 1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Г, Д.Б нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.М-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Ч.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ