Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

Хохирогч Б.Ц, И.М,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.М-дхолбогдох 2316001090198 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж аавын хамт Говь-Алтай аймаг ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Б овгийн Б.М,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа 23050058 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Н.Бгаас төлбөр авагч М.Мийн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн найз А.Цын Хаан банкны *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,520,000 төгрөгийг шилжүүлэн авч төлбөр авагч иргэн Н.Мт хүлээлгэж өгөөгүй мөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон,

 

Мөн төлбөр төлөгч Б.Цгаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 6,120,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар авч төлбөр авагчид хүлээлгэж өгөлгүй Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон,

 

Төлбөр төлөгч И.Маас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №18050063/03 дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт” үйлдэж хураан авсан эд зүйлийг хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгон бусдад 2,043,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Төлбөр төлөгч Ө.Жаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 980000 төгрөг, 2021 оны намар 11-12 сарын үед 230,000 төгрөг бэлнээр нийт 1,210,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард үйлчилгээний хөлс 100,000 төгрөг өгөлгүй нийт 1,310,000 төгрөгийг төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах байх хугацаандаа шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргүүдэд ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Н.Бгаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1520000 төгрөгийг өөрийн найз А.Цын Хаан банкны *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч төлбөр авагч иргэн Н.Мт хүлээлгэж өгөөгүй болон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан,  мөн төлбөр төлөгч Б.Цгаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 6,120,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар авч төлбөр авагчид хүлээлгэж өгөлгүй Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан,  өлбөр төлөгч И.Маас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №18050063/03 дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт” үйлдэж хураан авсан эд зүйлийг хувьдаа ашиглаж бусдад 2,043,000 төгрөгийн хохирол учруулсан, төлбөр төлөгч Ө.Жаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 980000 төгрөг, 2021 оны намар 11-12 сарын үед 230,000 төгрөг бэлнээр нийт 1,210,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард үйлчилгээний хөлс 100,000 төгрөг өгөлгүй нийт 1,310,000 төгрөгийг төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй болон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан  үйл баримтууд тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргүүдэд шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа 23050058 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Н.Бгаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1520000 төгрөгийг өөрийн найз А.Цын Хаан банкны *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч төлбөр авагч иргэн Н.Мт хүлээлгэж өгөөгүй болон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь:

 

          Гэрч А.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Б гэх хүнийг танихгүй. Н.Б гэх хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мг танина найз нөхдийн холбоотой 2015-2016 оноос хойш мэдэх болсон. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.М нь тухайн үед дансаа өгөөч хүнээс мөнгө авах гэсэн юм гэхээр нь өөрийн Хаан банкны картыг дансны дугаарыг өгсөн. Тухайн үед ямар учиртай хэдэн төгрөг авах гэж байгаа талаар хэлээгүй. Зүгээр хүнээс мөнгө авна гэж байсан. Ямар учиртай мөнгө авах гэж байгаа талаар би асуугаагүй. Миний Хаан банкны картыг авч яваад хэд хоногийн дараа буцааж өгсөн. Тухайн үед би өөрийн картыг ашигладаггүй байсан. Тэгэхэд Б.М орж ирсэн мөнгийг бүгдийг аваагүй байсан бөгөөд үлдсэн мөнгийг шилжүүлчих гэхээр нь би дөрвөн зуун мянга гаран төгрөгийг Б.Мгийн Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Миний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу Хаан банкны *** дугаарын данснаас “Вurmaagaas” гэсэн утгатайгаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,520,000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгөөс би өөрөө авч ашигласан зүйл байхгүй. Бүх мөнгийг Б.М өөрөө ашигласан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-31-р хуудас/

         

          Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би А.Ц гэх хүнийг танихгүй. А.Ц гэх хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.М гэдэг алба хаагчийг танина. Би 2022 оны онд хүнээс мөнгө зээлээд түүнийгээ өгч чадаагүй Говь-Алтай аймгийн Шүүхийн эвлэрүүлэн жуулчлалаар орж 2,400,000 төгрөг өгөхөөр эвлэрсэн. Тэгээд эвлэрүүлэн жуулчлах ажиллагаа Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжиж шийдвэр гүйцэтгэгч Б.М гэдэг алба хаагч 2023 оны 01 сараас эхлэн хариуцах болсон. Тэрнээс Б.Мтэй ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй, урьд өмнө таньдаггүй байсан. Би 2023.01.30-ны өдөр нэхэмжлэгч Н.М гэдэг хүнд өгөх ёстой байсан 2,490,000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэгч Б.Мд бэлнээр 500,000 төгрөг, мөн Б.Мгийн өгсөн Хаан банкны данс руу өөрийнхөө Хаан банкны *** гэсэн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000, 20,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 1,520,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь 2023 оны 05 дугаар сард гэж санаж байна над руу Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Оюунтуяа гэдэг хүн утсаар яриад мөнгөө дуусгавар болго гэсэн, тэгэхээр нь гайхаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж уулзаад төлбөрийг бүрэн барагдуулсан гэдгээ хэлээд шийдвэр гүйцэтгэгч Б.М нь миний төлбөрт өгсөн мөнгийг төлөөгүй өөртөө авч ашигласан байсан тул гомдол гаргасан. Би өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас иргэн А.Цын Хаан банкны *** дугаарын данс руу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэг удаа 1.500.000 төгрөг, 20,000 төгрөг, нийт 1,520,000 төгрөг шилжүүлсэн шалтгаан бол шийдвэр гүйцэтгэгч Б.М нь надад утсаар хэлж өгсөн данс учир төлбөрөө барагдуулж байна гэж бодоод шилжүүлсэн. Би шийдвэр гүйцэтгэгч Б.Мтэй уулзаад бэлнээр 500,000 төгрөг өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг бөөнөөр нь өгий гэхэд намайг бэлнээр аваад байж бай гэж хэлээд тэгээд дараа нь А.Ц гэдэг хүний Хаан банкны дансны дугаар өгсний дагуу шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б.Мд өөрийн шүүхийн шийдвэрээр гарсан өр төлбөрийг барагдуулж байна гэж бодоод шилжүүлсэн. Тэрнээс надаас зээлж авсан зүйл байхгүй. Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулах албаны данс шийдвэр гүйцэтгэгч Б.М өгч байсан. Тэгээд дараа нь надад хувь хүний данс өгөөд энэ данс руу мөнгөө шилжүүлчих би нийлүүлээд өгнө гэж байсан. Хувь хүний данс руу шилжүүлсэн шалтгаан бол шийдвэр гүйцэтгэгч Б.Мгийн хэлсэн данс бөгөөд итгээд болдог юм байх гэж бодоод шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 23-25-р хуудас/,

 

          Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байх 23050058 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбар хувь/ 1-р хх-ийн 102-127- р хуудас/,

 

        Н.Бгийн Хаан банканд эзэмшдэг *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1-р хх-ийн 131-139-р хуудас/,

 

          А.Цын Хаан банканд эзэмшдэг *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 99-100-р хуудас/,

 

          Н.М Хаан банканд эзэмшдэг *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 161-169-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хоёр: Шүүгдэгч Б.М нь төлбөр төлөгч Б.Цгаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 6,120,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар авч төлбөр авагчид хүлээлгэж өгөлгүй Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь:

 

Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд оршин суудаг байхдаа Хөхморьт сумын Хаан банкнаас 2007 онд 5 сая төгрөгийн малчны зээл авсан. Тухайн зээлийг сар бүр боломжоороо төлдөг байсан боловч эхнэр маань үе мөчний өвчтэй болж 2 хөлөндөө хагалгаа хийлгэж үе солиулсан ингээд би зээл төлөх боломжгүй болж Хаан банкнаас шүүхэд хандаж намайг төлбөр төлөх шийдвэр гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр над руу Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан байна гээд нэрээ хэлэхгүй нэг эмэгтэй 8908**** дугаараас яриад та төлбөр төлөх ёстой юм байна гээд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ***дугаарын данс явуулсан тухайн дансанд би өөрийн хүргэн Д.А-н *** дансанд өөрийнхөө мөнгийг хийгээд 420,000 төгрөг шилжүүлсэн. ***дугаарын дансны эзэмшигч нь Ө.Жмаа С гэдэг хүнийх байсан учраас би 8908**** дугаарын эзэнтэй ярихад та санаа зоволтгүй манай байгууллагын ажилтан байгаа юм би түүнээс аваад өр төлдөг дансанд хийнэ гэж хэлсэн. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин 8908**** дугаараас нөгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан гэх эмэгтэй яриад 5315*** гэсэн дугаартай Х Ө.Ж А гэдэг дансанд 500,000 төгрөг шилжүүлж авсан. Түүний дараа би бас асуугаад хувь данс байна гэхэд манай байгууллагын ажилтны данс байгаа юм дансны эзнийг ирэхээр нь би аваад таны өр төлдөг дансанд хийдэг юм санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8908**** дугаарын утсаар нөгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан эмэгтэй яриад ***дугаарын данстай Ө.Жмаа С гэх иргэний данс өгсөн тухайн дансанд өөрийн хүргэн Д.Ан *** дугаарын данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. Мөн л нөгөө хүнээс хувь хүний данс байна гэдгийг асуухад манай байгууллагын ажилтны данс байгаа юм гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8908**** дугаарын утсаар нөгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан эмэгтэй яриад мөнгөө төлөх талаар хэлсэн учраас би түүний өгсөн 5315*** дугаарын данстай Х, Ө.Ж, А гэх иргэний дансанд өөрийн хүргэн Д.Алн *** дугаарын данснаас 500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 8908**** дугаарын утсаар нөгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан эмэгтэй яриад та ингэж бага багаар мөнгө хийж байхаар тэтгэврийн зээл аваад төлөх боломжтой бол бөөнд хийчих гэсэн тэгээд би 5 сая төгрөгийн тэтгэврийн зээл аваад түүний 4 сая төгрөгийг нөгөө эмэгтэйн над руу явуулсан *** дугаарын данстай А.Ц Ад гэх иргэний дансанд Төрийн банкны 2412****дугаартай өөрийнхөө тэтгэврийн данснаас 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 6,120,000 төгрөгийг 8908**** дугаараас яриад байсан эмэгтэй хүний хэлсэн дансанд шилжүүлсэн юм. Үүний дараа би төлбөр тооцоо бараг дууссан юм байх дуусаагүй байсан ч их бага мөнгө үлдсэн байгаа гэж бодож явсан. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Төрийн банкны данснаас мөнгө авах гэхэд болохгүй байсан учраас банкны ажилтнаас яагаад болохгүй байгаа шалтгааныг асууж тодруулахад таны дансыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байна гэж хэлсэн. Ингээд нөгөө яриад байсан 8908**** дугаарын утас руу залгахад өөр эмэгтэй хүн авсан ба өмнө ажиллаж байсан эмэгтэйг ажлаасаа гарсан. Мөн тухайн яриад байсан дугаар нь Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны дугаар байгаа юм гэдгийг хэлсэн. Би 2023 оны 10 дугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт ирээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй уулзахад намайг цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Мөн 8908**** гэсэн дугаарыг Баяндалайн Б.М гэдэг хүн барьж байсан одоо ажлаасаа гарсан гэж хэлсэн. Би төлбөр төлж байна гэж бодоод 6,120,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөгдөөгүй гэж миний нэр дээр гарч байгаа алдагдал /зээлийн хүү/ байвал түүнийг төл Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт эхнэрийн хамт ирж очих зардаг суудлын авто машинтай хүнийг нэг талдаа 500,000 төгрөг гээд аваад ирсэн байгаа буцах зардал нь мөн л 500,000 төгрөг ингээд 1000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх мэт зүйлийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 239-241-р хуудас/,

 

          Гэрч А.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай найз Б.М нь банкны карттай данс байвал өгөөч найз нь хүнээс мөнгө авах юм ашиглаж байгаад өгье гээд миний Хаан банкны *** дугаарын дансны картыг авсан. Дараа нь картад мөнгө орсон байна уу шалгаад өгөөч гэхээр нь би шалгасан тэгэхэд 4 сая төгрөг дансанд нь орсон байсан. Дээрх орлогоор орсон 4 сая төгрөгийг бүгдийг нь Б.М зарцуулсан. Би тухайн үед түүнд данс картаа ашиглуулсан түүнээс дээрх мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Тухайн үед Б.М ажлынхаа дугаарыг барьдаг байсан тухайн утас нь юнителийн дугаар байсан сүүлийн 4 орон нь 6230 гэсэн тоо байдаг байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 245-р хуудас/,

 

          Гэрч Ж.Сн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Мг 2016 оноос хойш таньж мэддэг болсон. Намайг Б.М 2022 оны 09 дүгээр сар болон 11 сард найздаа хаан банкны дансыг өгчих хүнээс мөнгө хийлгэж авах гэсэн юм гэхээр нь би хаан банкны дансаа өгсөн 2 удаа миний энэ эзэмшиж байгаа дансаар нэг удаа 420,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг хийлгэж авсан, нэг удаа АТМ-с шууд надаар авхуулсан юм. Б.М би банкны зээл хийх гээд миний дансыг барилт хийчихсэн тэгээд болохгүй байна гэж хэлж байсан өөр ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Тухайн үед 8908**** гэсэн дугаар барьж байсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 247-248р хуудас/,

 

          Гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны 5329*** дугаарын дансыг 2008 оноос хойш ашиглаж байна. Б.Мг танина манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг Цс гэсэн утгатай орсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 1-2-р хуудас/,

 

          Ө.Жмаагийн С-н Хаан банканд эзэмшдэг ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх- ийн 45-46, 49-р хуудас/,

 

          Х Ө.Жын Аийн Хаан банканд эзэмшдэг  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2-р хх-ийн 53, 65-р хуудас/,

 

          А.Цын Хаан банканд эзэмшдэг *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 79-90-р хуудас/,

 

          Н.Цн Хаан банканд эзэмшдэг 5329*** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2-р хх-ийн 110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гурав: Шүүгдэгч Б.Мгийн төлбөр төлөгч И.Маас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №18050063/03 дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт” үйлдэж хураан авсан эд зүйлийг хувьдаа ашиглаж бусдад 2,043,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч И.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.М миний бие 2015 онд сум хөгжүүлэх сангаас хувиараа бизнес хийхээр зээл аваад тухайн мөнгөөрөө ногоо худалдаж аваад бизнес эхлүүлсэн боловч ногоогоо арчилж мэдэхгүй улмаас зарж борлуулж чадаагүй муутгаад сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудас авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.М нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр манай гэрт ирээд зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй байна гэж хэлээд манай гэрт нэгжлэг хийгээд надаас алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг хуучин зэс домбо 2 ширхгийг надаас хурааж аваад явсан. 2020 онд байхаа намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.М дуудаж уулзаад надаас хурааж авсан алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, хуучин зэс домбо 2 ширхгийг үзүүлээд та мөнгөө төлөөд эд зүйлсээ авч болно гэж хэлж байсан. Тэрнээс хойш намайг дуудаж уулзаагүй би төлөх мөнгөө бага багаар нь хийж байсан. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлээ төлж барагдуулаад өөрийн эзэмшлийн дансаа чөлөөлүүлээд хураалгасан эд зүйлсээ авах гэсэн чинь надаас хурааж авсан алтан бөгж 1 ширхэг, 4,4 гр, монетон бөгж 1 ширхэг 3,3 гр хуучин зэс домбо 2 ширхгийг хураасан талаар хэлэхэд мэдэхгүй байсан. Тэгээд Б.Мтэй холбоо барих гэсэн боловч холбоо барьж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 166-167-р хуудас/,

 

   Хохирогч И.Мын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн “...Шийдвэр гүйцэтгэгч Б.М нь манай Говь-Алтай ...гэрт ирж нэгжлэг хийгээд хурааж авсан бөгөөд тэмдэглэл үйлдсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан. Хураан авсан зүйл нь тэмдэглэлд тусгагдсан Бөгж хуучивтар, шар өнгийн, улаан шигтгээтэй, металл/1 ширхэг, Бөгж /хуучин, шар өнгийн нарийн шар металл/1 ширхэг, Ээмэг /хуучин, цагаан өнгийн хос 2 ширхэг, 3 ширхэг шигтгээтэй/ 2 ширхэг, Домбо /хуучин, улаан шар өнгөтэй, жижиг цорготой, бариултай, тагтай, гууль гэх улаан шар өнгийн металл/ 2 ширхэг бүгдийг хураан авсан. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Мгээс хураан авсан 2 металл сав /домбо/-ыг харлаа. Энэ 2 ширхэг зэс домбо бол шийдвэр гүйцэтгэгч Б.Мд хураалгасан домбонууд мөн байна. Одоо би 1 ширхэг алтан бөгж 660,000 төгрөг, 1 ширхэг монет бөгж 363,000 төгрөг, цагаан өнгийн металл мөнгөн ээмэг 1 хос 20,000 төгрөг, нийт 1,043,000 төгрөгийг нэхэмжлэх болно. 2 ширхэг зэс домбыг олж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-172-р хуудас/,

 

Дөрөв: Шүүгдэгч Б.М нь төлбөр төлөгч Ө.Жаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 98,0000 төгрөг, 2021 оны намар 11-12 сарын үед 230,000 төгрөг бэлнээр нийт 1,210,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард үйлчилгээний хөлс 100,000 төгрөг өгөлгүй нийт 1,310,000 төгрөгийг төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон нь:

 

          Хохирогч Ө.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2014 онд Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 3,000,000 төгрөгийн зээлийг 24 сар хугацаатай авсан бөгөөд тухайн зээлийг төлөөгүй гэж 2019 онд шүүхэд Говь- Алтай аймгийн шүүхэд хандсан бөгөөд эвлэрүүлэн жуулчлалаар гэрээ хийсэн. Тэгээд төлбөрөө төлж чадаагүй бөгөөд тухайн үед үед миний эрүүл мэнд муу эмнэлгийн байгууллагаар яваад төлбөрөө төлөөгүй. Тэгээд төлбөр төлөөгүй гэж Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн. Тэгээд би 2022.01.03-ны өдөр Хаан банкнаас группийн 1,166,000 төгрөгийн зээл авч тухайн мөнгөнөөс 980,000 төгрөгийг бэлнээр шийдвэр гүйцэтгэгч Б.Мд төлбөр барагдуулах гэж өгсөн. Түүний өмнө 2021 оны намар 11-12 сарын үед намайг ажил дээр байхад 230,000 төгрөгийн бэлнээр шийдвэр гүйцэтгэгч Б.М бас авсан. Надаас 2 удаа мөнгө бэлнээр авахдаа шийдвэр гүйцэтгэгч Б.М нь ямар нэгэн баримт үйлдэж гарын үсэг зуруулаагүй та ойрын үед дансандаа мөнгө хийх хэрэгтэй манай байгууллагад гадуур явж төлбөр авч байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч Б.М нь надаар нэг эрэгтэй дээл 80,000 төгрөгөөр оёулсан бөгөөд хувцас хунар засуулж оёулаад нийт 100,000 төгрөг болсон бөгөөд надад мөнгө өгөөгүй миний төлбөрөөс хасна гэхээр нь тэг миний төлбөр дээр хийчих гээд би мөнгө аваагүй. Тэгсэн шийдвэр гүйцэтгэгч Б.М надаас авсан мөнгийг одоо болтол төлбөрт төлөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Б.М нь урьд өмнө болон дараа нь надаас мөнгө зээлж авч байсан зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэгч Б.М би өр төлбөрийг барагдуулах зорилгоор нийт 1,210,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд түүнд ажил хийж өгсөн хөлс 100,000 төгрөгийг аваагүй ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 176-178-р хуудас/,

 

          Гэрч И.Дн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн дүү И.Мын гэрт очоод байж байсан чинь тэдний гэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэ газраас нэг танихгүй эмэгтэй ажилчин жолоочийн хамт ирсэн. Тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн эмэгтэй ажилчин манай дүү И.Мын нэгжлэг хийж байгаад тэдний гэрт байсан хуучны 2 ширхэг домбо, мөн манай дүүгийн зүүж байсан 1 ширхэг алтан бөгж, ээмэг, 1 ширхэг мөнгөн бөгжийг хурааж аваад зээлээ төлчихвөл манай байгууллага буцаагаад өгдөг гэж хэлээд аваад явсан. Тухайн үед надаар гарын үсэг зуруулж авсан зүйл байхгүй болно ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 80-р хуудас/,

 

          Гэрч Б.Он мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Төлбөр төлөгч И.Мын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөн. Харин И.Маас хурааж авсан гэх эд зүйл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй байгаа юм. Төлбөр төлөгч И.Мын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явцад хувийн хэргээс харахад тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд хураан авсан баримт байхгүй. Зөвхөн үзлэг нэгжлэг хийсэн акт, эд хөрөнгийг битүүмжилсэн акт байгаа юм. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгч Б.М нь баримт үйлдэлгүй төлбөр төлөгч И.Маас эд зүйл хураан авсан байгаа юм. Хэрэв хурааж авсан бол эд хөрөнгийг хурааж авсан акт үйлдэж тэмдэглэл үйлдэж хурааж авах ёстой байдаг. Төлбөр төлөгч И.Маас эд зүйл хураан авсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн албаны сейфт хадгалдаг. Тэгээд 30 дотор үнэлгээ тогтоолгож үнэ хаялцуулах албан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ёстой. Төлбөр төлөгч И.Маас эд зүйл хураан авсан акт үйлдэж эд хөрөнгө байхгүй учир худалдан борлуулсан хөрөнгө байхгүй. Төлбөр төлөгчөөс эд зүйл хураан авсан бол гүйцэтгэх баримт бичигт тусгаж дараагийн шатны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу худалдан борлуулах ёстой бөгөөд худалдан борлуулах ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж явуулдаг юм. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс өгсөн мөнгө болон эд зүйлийг хувьдаа ашиглах эрхгүй ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 182-184-р хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 11 сарын 24- ний өдрийн “...эмэгтэй хүний алтан бөгж 4,4 гр 660,000 төгрөг, эмэгтэй хүний монетон бөгж 3,3 гр 363,000 төгрөг, хуучин зэс домбо 2 ширхэг, нэг бүрийн үнэ 500,000, нийт үнэ 1.000.000 төгрөг дээрх эд зүйлсийн үнэ 2019 оны 10 дугаар сарын байдлаар зэх зээлийн үнэ цэнийг 2,043,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх ТХҮ-923/8342 дугаартай хөрөнгийн үнэлгээ/2-р хх-ийн 207-209-р хуудас/,

 

          2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №18050063 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-ын хувийн хэрэг/2-р хх-ийн 226-249, 3-р хх-ийн 1-39-р хуудас/,

 

          2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №18050063/03 дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт”/3-р хх-ийн 20- 25-р хуудас/,

 

          2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Мгээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/2-р хх-ийн 156-157-р хуудас/,

 

          2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч И.Мт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/2-р хх-ийн 161-162-р хуудас/,

 

2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн №20050138 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-ын хувийн хэрэг/3-р хх-ийн 42-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Мгийн 2021 оны 11 сараас 2023 оны 2 сар хүртэлх хугацаанд үйлдсэн дээрх үйлдлүүдийг үргэлжилсэн хэд хэдэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.М нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан байна.

 

Дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч Н.Бд 1,520,000 төгрөг, Б.Цд 6,120,000 төгрөг, И.Мт 2,043,000 төгрөг, Ө.Жд 1,310,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.

 

          Гэм хор, хохирлын талаар: Шүүгдэгч Б.М нь дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч Н.Бд 1,520,000 төгрөг, Б.Цд 6,120,000 төгрөг, И.Мт 2,043,000 төгрөг, Ө.Жд 1,310,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд Н.Бгийн хохирол бүрэн төлөгдөж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан, хохирогч И.Мт нэг бүрийн үнэ 500000 төгрөгийн үнэтэй хураан авсан 2 ширхэг домбыг буцаан олгосон байна.  

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мгээс 6,120,000 төгрөг гаргуулж хохирогч Цд, 1,043,000 төгрөг гаргуулж хохирогч И.Мт, 1,310,000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Жд тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

 

          Мөн хохирогч Б.Ц Улаанбаатар хотоос ирсэн замын зардлаа нэхэмжилнэ гэсэн бөгөөд энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч “...шүүгдэгч Б.Мд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийг тооцох бүс нутгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаар тогтоолгох ...” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргажээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн сүүлийн үйлдэл нь 2023 оны 2 сард  үйлдэгдсэн байх тул гэмт хэрэг төгссөн үеийг 2023 оны 2 сар гэж үзэх бөгөөд 2022 оны 12 сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хуулийг буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буюу хууль буцаан хэрэглэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.  

 

          Шүүгдэгч Б.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү “ гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөх талаар санаачилга гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийг тооцох бүс нутгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 4 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Мд мэдэгдэв.

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2,  2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Баяндалайн Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2,  2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэн тоолсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 4 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасч тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Мд мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мгээс 6,120,000 төгрөг гаргуулж хохирогч Цд, 1,043,000 төгрөг гаргуулж хохирогч И.Мт, 1,310,000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Жд тус тус олгуулж, хохирогч Б.Ц нь замын зардлын мөнгөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.МӨНХТУЯА