Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 01866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01700/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.. сумын ... дүгээр багийн 36-14 тоотод оршин суух, регистрийн дугаар РА..., Б. овогт Б.Ц.н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М. сумын .. дүгээр багийн 28-04 тоотод оршин суух, регистрийн дугаар РУ..., Ц. овогт О.Д.д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Ц. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хамтран амьдрагч О.Д.той танилцаж суугаад 12 жил болж байна. Бидний дундаас 6 настай охин Д.Э. төрсөн. О.Д. хамтран амьдрах явцад байнгын айдас түгшүүртэй, архи ууж зодож цохино. Хүүхдээ айлгана. Охин минь архи уухаар нь нүд нь бүлтэгнэж шөнө орондоо хүртэл шээдэг. Намайг толгой руу болон бие рүү цохино, зодно, хэл амаар гутаан доромжилж, би байнга л охинтойгоо зугатааж амьдарч байна.

Иймд миний охины сурлага хүмүүжилд эцэг нь сөргөөр нөлөөлж байгаа учир охин Д.Э. миний асрамжинд өгч хуулийн дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц. нь хариуцагч О.Д. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Ц.овогт Д. Э. төрүүлсэн болох нь Д.Э.н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Ц., хариуцагч О.Д. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Д.Э. төрсөн, охин эцэг О.Д.оор овоглогдсон байна.

Хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гардуулж, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хариу тайлбарыг ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, охин Ц.овогт Д.Э.д эцэг О.Д.с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч үүнтэй холбоотой хариу тайлбараа ирүүлээгүй тул хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахт хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөгийг гаргуулж, улсын орлогод орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ., 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, охин Ц. овогт Д.Э.г эх Б.Ц.н асрамжинд үлдээсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар регистрийн дугаар РЮ. , 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, охин Ц. Овогт Д.Э. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Д.оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Д.с 34.214  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.САРАНТУЯА