Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

     2024         01            22                                    2024/ШЦТ/68

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ХХХХХХ дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хамгаалагч, зохион байгуулагчаар ажилладаг гэх, ам бүл 4; эхнэр, хоёр хүүхдийн хамт хххх дүүрэг, х дүгээр хороо, “ХХХ” хороолол х дүгээр байр х тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 хоногийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөгдсөн,

Хх000000 дугаарын регистртэй И овогт Б-ын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үүрээр ххх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХ” караокед “буйдан дээр бөөлжлөө” гэх шалтгаанаар хохирогч Э.Г-ийн баруун хөмсөгт гараараа цохиж, мөн ариун цэврийн өрөөнд Э.Г-тай маргалдаж гар, тохойгоороо нүүрэн тус газарт цохиж түүний баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хэргийн талаар өмнө нь ярьсан тул дахин ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г-д дансаар 5 сая төгрөг өгсөн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ын Г “... би тухайн болсон асуудлын талаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн. Гэхдээ тухайн үедээ архи уучихсан, бага зэрэг манаралттай байсан болохоор М нь миний баруун хөмсөг рүү цохисон гэж бодоод мэдүүлэгтээ миний хөмсөг руу М-ыг цохисон гэж мэдүүлэг өгсөн. М, Б хоёр нэг караокед цуг ажилладаг юм. Тэгээд тухайн болсон асуудлын дараа нэлээн хэд хоногийн дараа камерын бичлэг тэр хоёр үзээд Б гэх залуу нь миний баруун хөмсөг рүү цохисон байсан гэж надад хэлсэн. Харин Б гэх залуу нь миний шүд рүү тохойлдчихсон. Ерөнхийдөө миний биед учирсан гэмтэл болох баруун хөмсөгт учирсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний гэмтлүүд бүгдийг нь Б гэх залуу учруулсан” /хх-н 24-25/ гэж,

гэрч Т-ын У “... би “Бугат-112” чиглэлд авто эргүүлийн үүргийг дэд ахлагч Л.Д-ын хамт гүйцэтгэх хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын ар талын “Платинум” караокед зодуулчихлаа гэсэн дуудлагыг 09 цаг 13 минутын үед хүлээж аваад очиж шалгахад тус караокены гадна зам дээр Г гэх иргэн бусдад зодуулж 1 шүд нь унаж гэмтсэн байсан. Г нь эхлээд гар утсаа мөн алдсан гэсэн боловч гар утас нь өөрт нь байсан ба түүнийг зодсон Б гэх этгээд нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Энхбаярын зам дээр ганцаараа явж байхад нь саатуулж болсон асуудлын талаар тайлбарлаж өгөөд хүнийг зодож биед нь гэмтэл учруулсан эсэх талаар асуухад нэг удаа цохисон гэж хэлсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул Баянгол дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Өөр зүйлийн талаар би сайн санахгүй байна. Энэ асуудал болоод их хугацаа өнгөрсөн байна. Ямар ч байсан Г гэх залууг Б гэх эрэгтэй нь цохиж гэмтээсэн болохоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Л.Даваажаргал нь тэр үед авто эргүүлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тул Б Г нарын ярьсан яриа өгүүллийг сонсоогүй” /хх-н 32-33/ гэж,

гэрч Э-ын М “... тэгээд манай найз Г баарны буйдан дээр тасраад унтаад өгсөн. Би тэр хавиар ууж явж байгаад баар хаах үеэр найз Г-г сэрээгээд аваад гарах гэхэд манай найз сэрэхгүй, буйдан дээр нь бага зэрэг бөөлжчихсөн байсан. Тэгсэн чинь манай найз Б буйдан дээр бөөлжлөө гээд Г руу уурлаж байгаад баруун хөмсөг рүү нь цохиод авсан. Г-гийн хөмсөг сэтрээд цус гараад байсан, би дундуур нь орж салгаад Г-г аваад 00 өрөө рүү аваад орсон. Араас удалгүй Б 00-н өрөөнд орж ирээд манай цэргийн онжав Г-тай маргалдаж байгаад ам, уруул хэсэг рүү нь тохойгоороо цохчихсон. Тэгсэн чинь Г-гийн шүд уначихсан байсан. Тэгээд цус нөж болоод цагдаад дуудлага өгөөд Б-ыг эрүүлжүүлэх байр руу аваад явсан.

Б эрүүлжүүлэхээс гарч ирээд надтай шууд уулзсан. Тухайн үедээ Б нь өөрөө цагдаа дээр асуудалтай байгаа, Г-д учирсан хохирлыг 100% барагдуулна, харин намайг Г-г цохисон мэтээр мэдүүлгээ өгчих гээд гуйсан юм. Тэгэхээр нь Б-ыг цагдаад асуудалтай байгаа юм бол ачигдаад шоронд орчих вий гэж бодоод Г-г би өөрөө цохисон мэтээр мэдүүлэг тайлбар өгсөн.

Тэгсэн харин Б нь өөрөө мэдүүлэг өгчхөөд Г-гийн хохирлыг барагдуулалгүй өөрөө алга болчихсон, утсаа авахгүй, гэртээ очихгүй байгаа. Ер нь бол анхнаасаа Б нь Г-гийн хохирлыг барагдуулчихсан бол өдийд ийм асуудал болохгүй байсан.

Тэгээд дээрээс нь би өөрөө хүнд гэмтэл учруулсан болоод хохироод үлдэх гээд байна. Б-той хамгийн сүүлд 2022 оны 11 сарын дундуур нэг удаа уулзсан. Тэрнээс хойш нэг ч удаа уулзаагүй” /хх-н 41-42/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Э.Г-гийн биед баруун дээд үүдэн 1, 2-р шүдний булгарал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 алдагдуулна гэсэн 14433 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан нь /хх-н 45-46/ шүүгдэгч Б.Б-ын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч И овогт Б-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхээсээ 5 сарын өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан.

Гэвч шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоос үзвэл тэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Нөгөөтээгүүр өөрийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлээ бусдыг үйлдсэн[1] мэт болгуулах гэсэн нь шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч Б.Б өөрөө торгох ял оногдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасны хэмжээг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгож ихэсгэв.Й

Учир нь; гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг яаж тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч Б.Б-т авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчлөх боломжтойг дурдъя.

 

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа   /хх-н 81/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 85/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 87-93/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.Г “... 2023 оны 12 дугаар сарын 25-нд Б.Б-оос өөрийн данс болох ХААН банкны 0000000 тоот дансаар 5.000.000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зардал мөнгө байхгүй. Гомдол саналгүй” /хх-н 100/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. И овогт Б-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-т 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-т авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] гэрч Э.М-ын мэдүүлэг