Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  М.Э-ын нэхэмжлэлтэй

                             хариуцагч О.Ц-д холбогдох

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01297 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Ц-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч О.Цэрэнжаргалын “хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Цэрэнжаргалтай 2005 онд танилцаж улмаар нэг гэрт амьдарч 2008 онд 8-р сарын 31-ний өдөр охинтой болсон. Бид гэр бүлийн хуулийн дагуу 2014 онд гэрлэлтээ батлуулсан. Биднийг амьдарч байх хугацаанд эхнэр О.Цэрэнжаргал хэл ам ихтэй, байнгын хэрүүл маргаан үүсгэж, ааш авир муутай, гэр орондоо тогтохгүй үе үе дэмий тэнэж алга болно. Улмаар гадуур архидан согтуурч наргиж цэнгэх дуртай гэр бүл, хань ижилдээ хайр халамж муу, үр хүүхдээ хайрлах, анхаарах хүмүүжүүлэх сэтгэлгүй ийм байдалтай олон жил амьдарсан. Гэтэл О.Цэрэнжаргал 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн гараар надад салах тухайгаа илэрхийлсэн захиа бичиж үлдээж хувцас хунараа аваад явсан. Уг захианы утганд Эрдэнэхүү гэгч залуутай болсон цаашид уг хүнтэйгээ амьдрахаар болсон тухайгаа бичиж гэр бүлээ орхин охин хүүхдээ орхиод явсан. Үүнээс хойш 2 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Цаашдаа хамт амьдрах боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэж гэр бүлийн зохих хуулийн дагуу гэрлэлтийг цуцлаж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Миний охин Э.Ариун-Эрдэнэ нь 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн төрөх газарт төрсөн. Салсан хугацаанаас хойш миний асрамжинд хүмүүжиж бойжиж байгаа. Одоогоор 14-р сургуулийн 4-р ангид суралцаж байна. Охин хүүхдээ өөрийн асрамжинд авах болсон шалтгаан нь ээж нь салахдаа орхиод явсан ч би хүүхдээ эхийн асрамжинд байлгах санаатай өгч үзсэн. Тэр үеүдэд эх нь хүүхдээ өөрөө асарч халамжлахгүй энд тэнд айл, ах дүүгийндээ орхиж эсвэл эмээ өвөөд нь үлдээж удаа дараагаар архидан согтуурдаг байсан бөгөөд бас сураггүй алга болчихдог. Иймээс охин Э.Ариун-Эрдэнийг өөрийн асрамжинд авч үлдэхийг хүсч байна. Дээрх 2 үндэслэлийг харгалзан үзэж миний нэхэмжлэлийг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Цэрэнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие О.Цэрэнжаргал нь 2005 онд М.Эрдэнэбаяртай танилцаж, хамт амьдарч эхэлсэн. Бид 2008 онд охинтой болсон. Хамт амьдрах хугацаанд байнга архи ууж, зодож үргэлжийн хөх эрээн нүүртэй явдаг байсан. Охиноо төрснөөс хойш 2 жил арай гайгүй амьдарч байгаад 2010 оноос дахин архи уух нь ихсэж хөл, гар толгой түрүүгүй зодож нүдэж хүчирхийлэл нь улам нэмэгдсэн. Энэ хугацаанд архинаас гаргах арга чарга, янз бүрийн хүн амьтантай уулзаж, эм тан уусан боловч ямар ч тус бололгүй улам ааш авир нь өөрчлөгдөж хоёр ч эмэгтэй хүнтэй орооцолдож гэр бүлээс гадуур харилцаанд орж хэл ам гарч хэрүүл зодоон хийж байсан ч би айгаад энэ тухай асуудлыг ил гаргадаггүй байсан. 2015 онд гэрлэлтээ батлуулж 7 дугаар хороололд байранд амьдрах болсон. Цаг хугацааг байнга дарамт хүчирхийлэл дор өнгөрөөж байсан ч уучилж өөрчлөгдөх болов уу гэж найдаж амьдарч байтал 2015 оны намар калибрь буугаар намайг буудна гэж заналхийлж, цагдаа дуудаж асуудал хүндрэхэд л би энэ хүнээс салж өөрийгөө болон охиноо аваад аавындаа амьдрах болсон. Архи уух бүрдээ охиныгоо миний хүүхэд биш гэж хэлдэг байсан. Надаас гадна аав, ээж дүү нарыг маань хэл амаар доромжилж гэрт нь агсам тавьж шатаана хэмээн сүрдүүлж байсан. 2016 оны хавар намайг эзгүй үеэр ирээд охиныг минь аваад явсан. Энэнээс хойш уулзуулахгүй, утсаар яриулахгүй байсан. Би энэ хугацаанд Эрдэнэхүү гэгчтэй найз нөхдийн журмаар нөхөрлөдөг байсан. Маш олон удаагийн хүчирхийллийн улмаас миний болон охины минь бие сэтгэлд хэзээ ч арилшгүй гунигт сүүдэр үлдсэнд би харамсаж байна. Эрдэнэбаяр нь одоо 11,16 насны 2 хүүтэй, хүүхэнтэй суугаад 2 жил амьдарч байна. Би өөрийн охины хойд ээж болон насанд хүрсэн 2 том эрэгтэй хүүхэдтэй айлд амьдруулахыг хүсэхгүй бөгөөд өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Мөн Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие О.Цэрэнжаргал нь М.Эрдэнэбаяртай 2005 онд хамт амьдарч 2008 онд охинтой болсон. Энэ хугацаанд М.Эрдэнэбаяр нь байнга архи ууж, хэл амаар доромжилж байсан тул тэвчих аргагүй болж охиноо аван аавындаа ирсэн. Хэдэн сарын дараа Эрдэнэбаяр намайг ажилд явсан хойгуур аав, ээж рүү согтуу ирж агсам тавиад охиноо аваад явсан. Одоо охиныг надтай уулзуулахгүй, утсаар яриулахгүй байдаг. Миний охин Ариун-Эрдэнэ 9 настай. Аав Эрдэнэбаяр нь өөр эхнэр авсан тул охин Ариун-Эрдэнийг өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01297 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Э.Ариун-Эрдэнийг эх О.Цэрэнжаргалын асрамжинд үлдээж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Э.Ариун-Эрдэнийг бүс нутагт тогтоосон амьжирганы баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /11-16 нас / суралцаж байгаа бол /18-н нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг М.Эрдэнэбаяраар сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгаж, Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс татгалзуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгаж, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, Хариуцагч О.Цэрэнжаргалаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагч О.Ц-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр давж заалдсан гомдолдоо:

Шүүх миний охин Ариун-Эрдэнийг ээж Цэрэнжаргалынх нь асрамжинд өгснийг зөвшөөрөхгүй байна. О.Цэрэнжаргал нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Би Эрдэнэхүү гэдэг хүнд хайртай болсон. Тэр хүнтэйгээ амьдарна” гээд охин бид 2-ыг орхиод явсан. Өнөөдрийг хүртэл хаана яаж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. Өөрийн гэсэн тогтсон амьдралгүй, орон гэргүй архи уудаг, эх хүн гэхэд хэцүү хүн охин хүүхдээ асран хамгаалж явж чадахгүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. М.Цэрэнжаргалын архи уух дуртайгаас болж гэрт хэрүүл маргаан үүсдэг байсан. Охин маань одоо 3 жил надтай амьдарч байна. Би одоо 6-2-77 тоотод эхнэр болон түүний 2 хүүгийн хамт 5 уулаа сайхан амьдарч байна. Эхнэр Алтанцэцэг гоо сайханч. Сард дундажаар 1.500.000-2.000.000 төгрөгийн орлоготой байдаг. Би өөрөө бульдозерийн оператор. Мөн гагнуур хийж орлого олдог, өрмийн мастер мэргэжилтэй. Хавар 3 сараас 11 сарыг дуустал өрмийн ажил хийж орлого олдог. Сард дундажаар 1.800.000-2.000.000 төгрөгийн орлого олдог. Энэ бүхнийг нотлох баримтуудыг шүүхэд өгөх ёстой гэдгийг сайтар ойлгоогүйгээс охиноо эхэд нь алдчихлаа. Гэхдээ шүүхийн шийдвэрээр л охин маань эхийн асрамжинд байгаа мэт харагдаж байгаа болохоос үнэн хэрэг дээрээ надтай хамт амьдарч байгаа. Тэнэж явдаг хүнд охин нь дараа болно шүү дээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойг шийдвэрээ ч авахгүй охиноо ч гэхгүй тэр чигтээ алга болсон хүнд охиноо өгөхгүй. Миний охиныг тав тухтай орчинд амьдрах боломжийг бодож эцэг миний асрамжинд байлгахаар шийлдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь хариуцагч О.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч О.Цэрэнжаргал хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж хүүхдийн асрамжийн талаар маргасан байна.

Зохигчид 2005 онд танилцаж гэр бүл болон амьдарч байгаад охин Э.Ариун-Эрдэнэ 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа, охин Э.Ариун-Эрдэнэ нь аав М.Э-ын асрамжинд амьдарч байгаа, зохигчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагч О.Цэрэнжаргалыг архи уудаг наргих, цэнгэх дуртай гэсэн тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй, охин 9 настай эх О.Цэрэнжаргал нь өөрийн асрамжиндаа байлгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, түүнчлэн өөрийн гэсэн орлоготой охины хамт байх орон сууцны талаарх нотлох баримт ирүүлсэн, охин Э.Ариун-Эрдэнэ нь аавын хамт амьдарч байгаа боловч тэрээр хүүхэддээ анхаарал халамж тавьж эрүүл чийрэг өсгөн бойжуулж чадах, өөрийн ахуй нөхцөл бололцоогоо ямар байгааг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр охин Э.Ариун-Эрдэнийг эх О.Цэрэнжаргалын асрамжинд үлдээж шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдэгддэг эсэхийг харгалзан эцэг эх хэн нэгний асрамжинд үлдээж шийдвэрлэхийг зохицуулсан ба хариуцагч О.Цэрэнжаргал нь 2015 онд охин Э.Ариун-Эрдэнийг аавтай нь үлдээгээд салж явсан энэ цаг хугацаанаас хойш охин аавтайгаа хамт амьдарсан, О.Цэрэнжаргал тогтсон амьдралгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхээс холбогдож чадахгүй, хаана байгаа нь тодорхойгүй зэрэг байдлуудыг харгалзан охин Э.Ариун-Эрдэнэ нь ээжтэйгээ хамт байх саналыг шүүхэд гаргасан хэдий ч насанд хүрээгүй хүүхдийн өсөж торних ахуй нөхцөл амьдралын бололцоо, төлөвших орчин нөхцөл, анхаарал халамж тавих боломж нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг өөрчилж эцэг М.Э-ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүүхдийн асрамжийг өөрчилсөнтэй холбогдуулж нэхэмжлэгч О.Эрдэнэбаяраар хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01297 дугаар шийдвэрийн 2 дахь заалтанд охин Э.Ариун-Эрдэнийг эцэг М.Э-ын асрамжинд үлдээсүгэй гэж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 4, 5, 6, 7, 8 дугаар заалтыг 3, 4, 5, 6, 7 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ