| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0516/З |
| Дугаар | 221/МА2026/0599 |
| Огноо | 2026-08-19 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0599
Ж.В-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.В
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд З.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах”.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 530 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0516/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасныг тус тус баримтлан Ж.В-оос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
"... Нэхэмжлэгч Ж.В нь тус шүүхэд хандан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэг. Анхан шатны шүүх нотлох баримыг тал бүрээс нь дүгнэн, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй тухай.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Нэхэмжлэгч Ж.В нь өмнө нь ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөлгүйгээр Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож ажилласан мөн даргыг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажилласан, сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тушаалыг дараа нь нөхөн гаргуулсан зэрэг зүйл баримтууд тогтоогдож байна гэж үзэхээр байна. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Ж.Вийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээргүй байна" гэх дүгнэлтийг хийсэн.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор, харьцуулан үнэлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны улсын ахлах байцаагчийн албан үүргийг гүйцэтгэж байгаад төрийн албаны мерит зарчмын хүрээнд Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдсантай холбоотой шилжин ажилласан байдаг. Ийнхүү шилжин ажиллахдаа өмнөх ажил болох Мандал сумын байгаль орчны улсын ахлах байцаагчийн албан тушаалаас болон төрийн албанаас чөлөөлөгдөх талаар хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд ийнхүү хүсэлт гаргасан талаар хэрэг нотлох баримт байхгүй болно.
Мөн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн боловч уг Б/15 дугаар тушаалын үндэслэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Б/15 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хандан нэхэмжлэл гаргасан байдаг.
Улмаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл уг хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШТ2026/0151 дугаар тогтоолоор дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.В-ийг анх тус Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал нь уг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаас өмнө гарсан байх төдийгүй, маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дүгээр тушаал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг үндэслэл болгосон гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Ж.В хэрхэн чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэх боломжтой.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тул төрийн албан хаагч биш, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тушаалыг дараа нь нөхөн гаргуулсан зэрэг зүйл баримтууд тогтоогдож байна гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг нөхөн гаргуулсан талаар баримт байхгүй, ийм үйл баримт болоогүй болно.
Хоёр. Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаагүй тухайд
Маргаан бүхий Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно” гэх хуулийн заалтын тус тус үндэслэсэн байдаг. Захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай.
Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Ж.В-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа, Төрийн албаны тухай хуульд заасан ямар нөхцөл бүрдсэн талаар огт дурдаагүй, тодорхой бус ойлгомжгүй тушаал гарган үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Анхан шатны шүүхээс Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаар тушаал нь үндэслэл бүхий байсан эсэх, тушаалд үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь зохицуулалт нь хэрхэн нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн үйл баримтын үндэслэл болж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 125/ШШ2026/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
1.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байна.
2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Ж.Вийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээргүй байна, ...төрийн жинхэнэ албан хаагч нь өөрийн үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байна, ...маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Ж.В нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах эрхтэй гэж маргах эрхгүй байна гэж үзлээ, ...Ж.В нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх болзол, шаардлагыг хангахгүй байх тул маргаан бүхий ... Б/21 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг .... чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Үндсэндээ Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үндсэн албан тушаалыг /ахлах мэргэжилтэн/ хэрэгжүүлээд сайдын тушаалаар даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө албан тушаалд өөрийнхөө тушаалаар өөр хүн томилсон байсан нь сайдын тушаал хууль бус буюу Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон тул сайд эрх хэмжээний хүрээнд бүрэн чөлөөлсөн, ...Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн Мандал сумын Засаг даргын тамгын газраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж нөөцөд бүртгэлгүй байгаа гэсэн хариу нь үндэслэлтэй байна, ...Ж.Вийг Төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг сайд гаргаагүй. Энэ хүн өөрөө төрийн албаны нөөцөд байгаа эсэх нь эргэлзээтэй буюу төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхөд баталгаа хамаарахгүй гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргажээ.
5. Дээрх тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч Ж.В-ийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчиж өөрийнхөө ахлах мэргэжилтний үндсэн албан тушаалд өөрийнхөө тушаалаар хүн томилсон, төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн гэж ойлгогдохоор байна.
6. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шаардлагатай нотлох баримт цуглуулж, нэхэмжлэгч нь төрийн албанаас өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж чөлөөлөгдсөн эсэх, эсхүл Мандал сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжин ажилласан эсэх, шилжин ажилласан бол Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаж шилжсэн эсэх, нэхэмжлэгч Ж.В нь төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх зэргийг нотлох баримт цуглуулах, үзлэг хийх замаар тодруулах шаардлагатай, мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мандал сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны Б/15 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 359 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд уг маргаан шийдвэрлэгдсэн эсэх, шийдвэрлэгдсэн бол хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.В-ийг шууд төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх боломжгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2025 оны Б/21 дүгээр тушаалд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
7. Тухайлбал нэхэмжлэгч Ж.В-ийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ахлах мэргэжилтнээр, 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсон үндэслэлээр байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлжээ. Үүнээс дүгнэхэд өмнөх ажлаас нь чөлөөлөхдөө өөрийн хүсэлт болон шилжин ажиллах үндэслэлийг тус бүрд нь дурдсан байх бөгөөд цаг хугацааны хувьд Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд томилогдсоноос хойш өмнөх Мандал сумын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч Ж.В нь төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн үү аль эсхүл шилжин ажилласан уу гэдэг нь эргэлзээтэй байгааг шүүх нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.
8. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага”-д ямар нэг дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэхээр байна.
9. Шүүхээс маргаан бүхий 2025 оны Б/21 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхийн тулд дээр дурдсан Магадлалын 6 болон 7-д заасан ажиллагаануудыг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч уг асуудлаар маргах эрхтэй эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийг чөлөөлж, маргаан бүхий актыг гаргахдаа хуульд үндэслээгүй байх тул чөлөөлөх болсон үндэслэлийг тодруулах гэх мэт шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР