Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын  бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч  Э.Ундраххэрлэн,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг ҮД:18-66,

           шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ,

           хохирогч  Г.Рэнцэнханд

            гэрч  Г.Хажид,

                иргэдийн төлөөлөгч  Д.Өлзийсайхан  нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  хурлаар Баянзүрх дүүргийн  Прокурорын газраас:

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар  хотод 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр  төрсөн, 23 настай, эрэгтэй, халх,  тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй  байсан, ам бүл-4, ээж, эмээ, ахын хамт  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1/60 дугаар байрны 53 тоотод оршин  суух хаягтай, улсаас авсан  гавьяа  шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн,  Боржигон овогт Тунгалагийн Ган-Эрдэнэд /РД:УП93071477/

            Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3795 дугаартай 105/2017/0083/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд  ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-60 дугаар байрны 53 тоот орон сууцыг захиран зарцуулах, хувь хүнтэй гэрээ хийх, барьцааны үндсэн зээлдэгчийг төлөөлөн гарын үсэг зурах зэрэг эрхийн талаарх итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж дээр хуурамч итгэмжлэлийг ашиглан иргэн Г.Рэнцэнхандыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 27.000.000 төгрөгийг хуурч мэхлэн зээлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:   Би 2011 онд сургуулиа төгсөөд Тэрэлжид дадлага хийсэн. Тэндээ 2014 он хүртэл ажилласан. Тэгэхдээ хүмүүстэй хамтарч сургалт явуулдаг байсан. Тэгээд “хэдий болтол хүний доор ажиллаж байхав” гэж бодсон. Тэгээд “АСЕМ”  тогоочоор ажиллаад “ АСЕМ” дуусгаад зориглож энэ зүйлийг хийе гээд байраа барьцаалж зээл авсан. Өмнө нь  ресторан  түрээслэн  ажиллуулах  тухай  гэрийнхэндээ ярихад  тоохгүй байдаг байсан.  Ээж, эмээ хоёроосоо зөвшөөрөл авах гэтэл зөвшөөрөхгүй байсан учир хуурамчаар  итгэмжлэл хийж зээл авсан. Зээл авахаас өмнө бол юм ажиллуулъя гээд хүмүүстэй уулзаж явахад намайг мөнгөгүй гээд тоохгүй байсан. Тэгээд 27 сая төгрөгийн зээл аваад мөнгөтэй болоод түрээслэх газраа сонгох гэтэл тохиромжтой газар олдоогүй байсан учир Сингапур явж ажил хийхээр болсон. Сингапурт очоод зочид буудлын ажилд ярилцлагад ороод тэнцсэн боловч 14 хоногийн визтэй байсан учир ажиллаж чадаагүй. Тэгээд Сингапурт хоол идэж байгаад 10 сая төгрөгөө алдсан. Тэгээд мөнгөгүй болоод Монголдоо ирсэн. Гэртээ ирэх гэтэл ах маань сүрдүүлсэн учир найзуудынхаараа явж байсан. Тэгээд цагдаа дуудаж байна гэхээр нь би гэртээ очсон гэв.

            2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Рэнцэнхандын мэдүүлэхдээ: Ган-Эрдэнэд мөнгө өгөх болсон шалтгааны талаар хэлэхэд тухайн үед нотариатч Оюунжаргал дээр ороход тэр надад “та зээл гаргах шаардлагагүй” гэж хэлсээр байхад нь би энэ залуугийн гуйлтаар түүнд мөнгө өгсөн нь бас миний буруу болсон байна. Би одоогийн байдлаар 15.1 сая төгрөгөө буцааж авсан. Үлдэгдэл 11.9 сая төгрөгөө нэхэмжилж байна гэв.

            Талуудын  хүсэлтээр  хавтаст хэргээс :

            Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Рэнцэнхандын :…2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ган-Эрдэнэ гэдэг залуу зарын дагуу яриад зээл авна гэж надтай уулзсан. Ган-Эрдэнэтэй уулзаад зээлийн барьцаанд тавина гэсэн байрыг нь үзэхэд хуучин гэрчилгээтэй байсан. Ерөнхийдөө байрыг нь үзэхэд барьцаанд авах боломжтой байсан ба 4 өрөө байр байсан. Тэгээд хуучин гэрчилгээгээ шинэ болгочих, хамтран эзэмшиж байгаа хүмүүстэйгээ уулзаад бэлэн болохоороо хэлээрэй гэж хэлээд салсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Ган-Эрдэнэ над руу залгаад: -Та манайд хүрээд ирэх үү, шинэ гэрчилгээ гарчихсан гэхээр нь очиход Ган-Эрдэнэ гэртээ ганцаараа байсан ба Үл хөдлөхийн ягаан гэрчилгээгээ надад үзүүлсэн ба ээжийгээ Оюу-толгойд ажилладаг, 14 хоног ирээд 14 хоног амардаг, ээжээс бусад нь энд байгаа дуудахад хүрээд ирнэ, та юу ч гэсэн ээжтэй ярих уу гээд өөрийнхөө утаснаас нэг дугаар луу залгаад ээж ажилтай байгаа юм шиг байна. Утсаар ярих боломжгүй байх шиг байна, та 5-ныг хүлээхгүйгээр мөнгө өгөх боломжтой юу, миний түрээслэн ажиллуулдах гэж байгаа Пирамид лоунжийг алдчих гээд байна гэхээр нь би -мөнгөө бэлдээд 5-нд уулзая гээд салсан. 09 дүгээр сарын 05-ны өдөр 13 дугаар хороололын нотариат дээр уулзаад ээжийгээ ахыгаа дуудах уу гэсэн чинь би итгэмжлэл хийлгэсэн байгаа, та ээжтэй ярих уу гээд нэг эмэгтэй хүнтэй намайг яриулсан. Тэр эмэгтэй ярихдаа Манайхаас ганц гайгүй явж байгаа нь наадах чинь юм аа эгч нь дэмжиж байгаа, очиж байгаад уулзая, итгэмжлэлээ үлдээсэн байгаа гэж хэлсэн ба Ган-Эрдэнийн үзүүлсэн итгэмжлэл дээр захиран зарцуулах, худалдах худалдан авах гэсэн итгэмжлэл байсан болохоор ээжид нь энэ итгэмжлэл дээр барьцаанд тавих талаар алга гэж хэлээд утсаа тасалсан. Ах нь гээд нэг хүн залгаад ээжтэй сая ярилцсан, хаана очиж уулзах вэ, юун болохгүй байгаа юм бэ гэж хэлээд утсаа салгасан. Үүний дараахан Пирамидын захирал гээд нэг эрэгтэй хүн залгаад Чи мөнгө зээлэх гэж байгаа юм бол зээлээд, зээлэхгүй юм бол болио, би асуудлаа хурдан шийдмээр байна, бараг сар гаруй наад хүнийг чинь хүлээлээ, шаардлагатай гэвэл ажил дээр одоо ирээд уулз гэж хэлсэн. Ган-Эрдэнэ надад: Надад олдож байгаа ганц боломжийг байхгүй болгох гээд байна, та байрыг үзсэн, шинэ гэрчилгээгээ гаргуулсан, итгэмжлэл хийлгэсэн, Пирамидын захирлыг хүлээлгэсэн, ганцхан ээж байхгүй болохоор нотариатаар орж болохгүй байна, та надад туслаачээ, дахиад ээжтэй ярь даа гээд дахиад ээжтэй нь яриад "итгэмжлэл чинь болохгүй байна" гэж хэлэхэд "би 21-нд Улаанбаатар хот руу очино, тэгээд 25-ны өглөө наад нотариат дээр чинь уулзая, чи гэрчилээ итгэмжлэл бүх юмнуудаа аваад үлдчих, миний хүүд тусалчих найдвартай" гэхээр нь уг нотариат дээр Ган-Эрдэнэтэй зээлийн гэрээ хийгээд, 09-р сарын 25-ны өдөр дахиж уулзахаар болоод мөнгийг Ган-Эрдэнийн данс руу 13-р хороололын автобусны ард талын “Хаан банк”-наас 27.000.000 төгрөгийн шилжүүлсэн. Ээж чинь 25-нд ирээд уулзахад үлдэгдэл 3.000.000 төгрөгийн өгье гэхэд Ган-Эрдэнэ: -Би 10 сард хүү өгч чадахгүй юм чинь та авчх, тэгээд 11 сараас хүүгээ хугацаанд нь өгье гээд салсан. Үүнээс хойш уулзаж чадалгүй 10 дугаар сарын 01-ний өдөр Ган-Эрдэнэ миний утсыг блок хийсэн байсан болохоор нь гэрт очиход эмээ, ээж, ах нь байсан ба болсон асуудлыг ярихад мэдэхгүй байсан. Итгэмжлэлийг үзүүлэхэд наадах чинь хуурамч байна, ийм гарын үсэг зураагүй, Ган-Эрдэнэ гэртээ ирэлгүй сар гаран болж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

2. Мөрдөн байцаалтанд гэрч Г.Хажидын: … 2016 оны 09 дүгээр сарын 10-дын үеэр нэг хүүхэн залуу хоёр манайд орж ирж хэлсэн. Тэгэхэд нь хэргийн талаар мэдсэн. Надад тэр хоёр  хүн хэлэхдээ Ган-Эрдэнийг 30 сая төгрөг зээлж авсан гэж хэлсэн. Тэр үед Ган-Эрдэнэ гэртээ байхгүй байсан. Энэ талаар сонсоод Ган-Эрдэнэ рүү залгахаар утсаа авахгүй, гэртээ ирэхгүй байсан. Ах нар нь энэ асуудлаас болж айлгаж сүрдүүлээд гэртээ ирэхгүй байсан юм шиг байна лээ. Ганбаяр дүүтэйгээ холбогдож байгаад Ган-Эрдэнэ гэртээ ирсэн. Өөрийнх нь хэлсэнээр "Ресторан баар түрээслэж ажиллуулна гэж мөнгө зээлсэн" гэж хэлсэн. мөнгө зээлсэн хүмүүс манаид ирэхдээ бас ресторан баар түрээслэж ажиллуулна гэж хэлээд зээлдүүлсэн гэж хэлсэн. Мөнгөнөөс ердөө ч аваагүй Өмнө нь ахиухан мөнгөтэй бол баар ресторан ажиллуулмаар байна гэж ярьдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/

                3. Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ганбаярын: ...2016 оны 10 дугаар  сарын 05-ны өдөр мөнгө зээлсэн хүмүүсээс сонсож мэдсэн. Тэр мөнгө зээлсэн хүмүүс итгэмжлэлийг үзүүлэхэд нь харахад бид нарын гарын үсэг, утасны дугаар биш байсан. Тэрэлжид ажиллаж байхдаа мөнгө зээлэх боломжтой, мөнгөтэй бол ресторан нээж ажиллуулмаар байна гэж ярьдаг байсан. Байр барьцаанд тавьж зээл авъя гэж надад бол ярьж байгаагүй. Манай дүү 62-р сургуулийн 8-р ангийг төгсөөд Техник технологийн коллежид элсэн орж 2.5 жил сурч төгссөн. Зан ааш ер  нь дуу цөөтэй, найз нөхөд олон нийтийн дунд яриа хөөрөө сайтай, хүнтэй эв зайн олдог.  Коллежоо төгсөөд тэрэлжид ажиллаж байгаад саяханаас ажлаасаа гарсан байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

4.Мөрдөн байцаалтанд гэрч Л.Халиуны:..Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр амралтаа авсан байсан, 1 сар амарсан, тийм учраас би энэ итгэмжлэлийг хийж гэрчлээгүй буюу миний итгэмжлэлийн дугаар нь 839 ч хүрээгүй байгаа, мөн гарын үсэг нь миний гарын үсэг биш байна, миний 279 дугаартай  тамга бас биш байна. Тамга тэмдэгээ өөр хүнд шилжүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

5. Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Тунгалагийн:…Би Өмнөговь аймгийн Гурван- Тэс суманд ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 01-ны орой гэрт ээжээс сонсож мэдсэн. Намайг ирснээс хойш 3-4 хоногийн дараа Ган-Эрдэнээс мөнгө зээлсэн гээд хүмүүс ирээд байрны ордер, хуурамч итгэмжлэл үзүүлсэн  30 сая төгрөг зээлсэн гэж хэлсэн. Ган-Эрдэнэ тэр үед гэртээ ирэхгүй байж байгаад саяханаас гэртээ ирсэн. Нэг ч төгрөг тэр мөнгөнөөс нь аваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

             6.Мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнхжаргалын:...манай хүү Мөнхжин ОХУ-д сурдаг юм. Зуны амралтаар манай хүү ирэхэд Ган-Эрдэнэ манай хүүгийн найз гээд манайхаар орж гараад яваад байсан юм. Хүү Мөнхжинг буцаад явах үед надад 2.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж Ган-Эрдэнэд хэлэхэд дүү нь зээл хөөцөлдөөд авч байгаа, та худлаа гэвэл энэ дугаар луу залгаад асуу, Пирамидаас ярьж байна энэ Ган-Эрдэнэ гэдэг хүн зээл авч байгаа нь үнэн юм уу гэж хэлээд асуучих гэхлээр нь би 91-тэй дугаар луу нь залгаж ярихад тиймээ 2 хоногийн дараа зээл гарна гэж хэлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа Ган-Эрдэнэ рүү ярихад эмээгээ хүлээж байна, банк бус дээр байна, эргээд залгая гээд түүнээс хойш холбогдохгүй болохоор нь маргааш нь би нөгөө банк бусын хүн рүү залгасан чинь Ган-Эрдэнэ 2 хоногийн өмнө зээлээ авсан, тантай очиж уулзаагүй юм уу гэхээр нь надтай ирж уулзаагүй, утсаа ч авахаа больсон, та нар гэр орноор нь очиж гэрийнх нь хүмүүстэй уулзсан юм уу гэсэн чинь үгүй гэхээр нь наадах чинь худлаа юм байна шүү, та нар чинь одоо яаж зээл өгсөн юм бэ гэсэн чинь яаанаа ахаа одоо яаж олноо гэхээр нь мэдэхгүй гээд утсаа тасалсан. Тэгээд би өөр хүнээс мөнгө зээлж хүүгээ явуулсан... гэх мэдүүлэг /25-26-р тал/

            7.Мөрдөн байцаалтанд гэрч С.Бямбажавын:...Би багад нь таньдаг байсан, манай хүүгийн найз гээд багадаа манайхаар хааяа орж ирдэг байсан. Он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна Өнгөрсөн наадмын дараахан намар намайг гэртээ ганцаараа байхад манайд орж ирээд хавтас барьчихсан та надад тус болооч таны хэрэг их болоод байна гэж хэлсэн тэгэхлээр нь би чамд би юугаараа тусалдаг билээ гэхэд хавтаснаасаа ордер ээжийнхээ гарын үсэгтэй бичиг гаргаж ирээд би хүнээс мөнгө зээлэх гэж байгаа юмаа, ээж зөвшөөрсөн юмаа гэж хэлэхээр нь би тэгээд чамд яаж туслах юм бэ гэсэн чинь ээж оюу-толгойд тогооч хийдэг, ээж 10-н хэд хоногийн дараа ирэх юм, утас нь холбогдохгүй байнаа, надад мөнгө өгөх гээд байгаа хүн маань ээжтэй "чинь яръя гээд байна гэсэн. Тэгэхээр нь би ээж чинь болж ярьж чадахгүй ээ гэсэн чинь ээж мэдэж байгаа юм чинь та яриад өгөөч, энэ мөнгө надад яаралтай хэрэгтэй байна, 10-н хэд хоног хүлээж болохгүй байна гэхээр нь би тэр хүүхдийг ээждээ хэлээд ээжтэйгээ нийлээд зоригтой алхам хийж байгаа юм байна гэж бодоод ээж чинь мэдэж байгаа юм бол би яахав яриад өгье дөө, тэгээд юу гэж ярих юм бэ гэхэд надад юу гэж ярихыг  өөрөө зааж өгснийх нь дагуу би тэр хүнтэй ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал /

8.Мөрдөн байцаалтанд гэрч Н.Оюунжаргалын:..Барьцаагүй зээлийн гэрээ хийсэн. Итгэмжлэл бариад орж ирээд үзүүлсэн, тухайн итгэмжлэл нь утга агуулгын хувьд шаардлага хангахгүй байсан учраас эхлээд би буцаасан. Гэтэл зээлдүүлэгч Г.Рэнцэнханд нь буцаж орж ирээд энэ хүүхэд гуйгаад ямар ч байсан түрүүлээд барьцаагүй зээлийн гэрээгээ хийчихье гэж хэлээд Т.Ган-Эрдэнээс чи ээжийгээ ирэхээр нь яаралтай үл хөдлөхөө барьцаалаад барьцааны гэрээгээ хийгээрэй гэж хэлэхэд нөгөө хүн нь тэгнээ гэж хэлсэн. Тэгээд энэ 2 хүний хүсэлтийн дагуу барьцаагүй зээлийн гэрээг хийж уншуулж танилцуулан гарын үсэг зуруулж гэрчилсэн. Рэнцэнханд хааяа манайхаар орж ирж үйлчлүүлдэг, Ган-Эрдэнийг бол танихгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

       -Хуурамч итгэмжлэл /хх-ийн 30-р тал/

       -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6727 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Нотариатч Л.Халиуны тамга, баталгааны тэмдгийн дардас болон гарын үсэг, бичгийн хэвийн загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.2016.08.22-ны өдрийн...2201004030 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0037425 тоот гэрчилгээтэй, 44 м.кв 4 өрөө талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, хувь хүнтэй гэрээ хийх, барьцааны үндсэн зээлдэгчийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийн талаарх итгэмжлэлийн "Төлөөлөн итгэмжлэгч" хэсэгт Ч.Тунгалаг, Т.Ганбаяр гэсэн нэрний ард байрлах гар бичвэр Т.Ган-Эрдэнийн бичгийн хэвийн загвартай, Т.Ган-Эрдэнэ гэсэн нэрний ард байрлах гарын үсэг Т.Ган-Эрдэнийн гарын үсгийн туршилтын загвартай гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий, хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

3.Итгэмжлэл дээрх нотариатчийн тамга, баталгааны тэмдгийн дардас нь нотариатч Л.Халиуны хэрэглэдэг тамга, баталгааны тэмдгийн дардастай  тохирохгүй байна. Өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

4.Гэрээн дээрх нотариатчийн баталгааны тэмдгийн дардас дээрх гарын үсэг нь нотариатч Л.Халиуны гарын үсгийн загвартай бүтцийн хувьд тохирохгүй. Гар бичвэр /тоон/ нь нотариатч Л.Халиуны гар бичвэрийн /тоон/ загвартай тохирохгүй. Дээрх гарын үсэг, гар бичвэрт /тоон/ хэвлэн олшруулах төхөөрөмж болон механик арга ашиглан хуулбарласан, хэвлэсэн шинж илрэхгүй байна.

5.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй болно.гэх дүгнэлт шинжээч  цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-Очир /хх-ийн 48-р тал/зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

            Иргэний хуулийн  128 дугаар зүйлийн 128.2-т ... гэр бүлийн гишүүдийн хэн  нэг нь  хамтран өмчлөх дундын өмчийн  үл хөдлөх  хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн  насанд хүрсэн гишүүний бичгээр  гаргаж  нотариатаар гэрчүүлсэн зөвшөөрлийг авна гэж  хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-60 дугаар байрны 53 тоотод  байрлалтай  44 м2 4 өрөө  орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр  Г.Хажид,   Ч.Тунгалаг,  Т.Ганбаяр, Т.Ган-Эрдэнэ нар бүртгэгдэн  үл хөдлөх  эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн  № 000504586  дугаартай  гэрчилгээтэй байна./ хх-н 71 -р тал/

           Т.Ган-Эрдэнэ нь хэдийгээр уг орон сууцны өмчлөгч боловч захиран зарцуулахдаа  бусад өмчлөгчөөс  бичгээр гаргасан зөвшөөрлийг  авч  нотариатаар гэрчилүүлсэн  байх  хууль ёсны  шаардлагыг  гүйцэлдүүлэхийг  тулд   тэднийг зөвшөөрлийг  авалгүй нотариатч Л.Халиуны тамга тэмдэг мэт  итгэмжлэлийг   хуурамчаар  үйлдэн  хохирогч Г.Рэнцэнхандыг төөрөгдүүлэн   хуурч мэхлэн  27.000.000 төгрөгийг залилан авсан байна.

         Шүүгдэгч  Т.Ган-Эрдэнийн  бусдад учруусан хохирол нь  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар  их хэмжээний хохирол  байна.

        Шүүгдэгч  Т.Ган-Эрдэнийн  бусдад учруусан хохирол нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар  их хэмжээний хохирол  байна. 

Иймд шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-60 дугаар байрны 53 тоот орон сууцыг захиран зарцуулахдаа  уг орон  сууцны  бусад  өмчлөгчийн зөвшөөрөл авалгүйгээр тэднийг төлөөлөн итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж дээр хуурамч итгэмжлэлийг ашиглан иргэн Г.Рэнцэнхандыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 27.000.000 төгрөгийг хуурч мэхлэн зээлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох  бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан ял  шийтгэлийг оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ урьд  нь ял шийтгэл хүлээж байгаагүй нь ял  шалгах хуудас зэргээр  тогтоогдож  байна./ 1-р хх-н  76-р тал/

 Хохирогч  Г.Рэнцэнхандад 12.000.000 төгрөг, 2.550.000 төгрөг,  550.000 төгрөгийг тус тус өгч одоо  11.900.000 төгрөг төлөгдөөгүй  болох  нь  хохирогчийн  тайлбар, мөнгөн шилжүүлсэн   банкны хуулга  зэргээр  тогтоогдож байх тул  Т.Ган-Эрдэнээс  үлдэх  11.900.000 төгрөгийг  гаргуулан  хохирогчид олгож шийдвэрлэх  нь зүйтэй  байна./ хх-н  180-р тал/

                Шүүгдэгчид  ял  шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэх болон  хүндрүүлэн  үзэх  нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Боржигин овогт Тунгалагийн Ган-Эрдэнийг  бусдыг  хуурч мэхлэх  бусдын  эд зүйлийг  авч  бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол  улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тунгалагийн Ган-Эрдэнээс  100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /таван/ жил 1  /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт  зааснаар  Т.Ган-Эрдэнэд  оногдуулсан 5  /таван / жил 1  /нэг / сарын  хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Т.Ган-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдсугай.

           5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн  ахмад Н.Мөнхтулгын  2016 оны  12 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1/60 дугаар байрны 53 тоот орон сууцыг  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож   шүүхийн шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр  болохоор хууль ёсны  эзэмшигч, өмчлөгч  Г.Хажид,   Ч.Тунгалаг,  Т.Ганбаяр нарт  буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ган-Эрдэнээс 11.900.000 /арван нэгэн  сая есөн  зуун мянган / төгрөгийг гаргуулж хохирогч Г.Рэнцэнхандад /РД:ХГ81030403/  олгосугай.

            7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                            Т.ШИНЭБАЯР

 

                                                                                                 Э.ЧИНГИС