| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01708/И/ |
| Дугаар | 01864 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 01864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01708/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Г...сумын... дугаар багт оршин суух, регистрийн дугаар РД..., О.. овогт Б.Б.н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Г... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар РД..., Т. овогт Д.Н.д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр Д.Н-тэй 2004 онд танилцаж, үерхэж нөхөрлөж байгаад 2007 оны намар хурим найраа хийж нэг гэрт орж, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Б.Х., охин Б.А. нар төрсөн.
Хамт амьдарч байх үедээ эхнэр бид хоёр хэвийн харилцаатай байдаг байсан ч намайг 2016 оноос хойш говь руу “.Т.У трейд ХХК”-д том тэрэгний жолоочийн ажил хийж олон хоног, сараар явдаг болсноос хойш маргаан гардаг болсон. Учир нь ажлаа хийж байгаад амралтаараа гэртээ ирэхэд эхнэр Д.Н-н ааш зан нь муухай болж, худлаа элдэв янзын хүнтэй хардаж, мөнгө төгрөгний хэрүүл маргаан хийж ааш зан нь олдохоо байдаг.
Хүнд ажил хийгээд ирдэг миний хувьд гэртээ амгалан тайван байх боломжгүй болж элдвээр хэлүүлж, үргэлжийн маргаантай байх нь хэцүү байдаг. Эхнэр 2019 оны 7 дугаар сард шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл өгч байсан ч би гэр бүлээ, охидуудаа бодоод хамт амьдрахыг хүсч бид эвлэрээд гэрлэлтээ цуцлуулахаа больсон. Гэтэл бидний байдал дээрдэхгүй хамт байх боломжгүй, өнгөрсөн жилээс хойш таарамжгүй байсаар тусдаа амьдарч байгаа. Намайг гэртээ очихоор хөөж туугаад байдаг учир сүүлийн хэдэн сар би ажил дээрээ амралтгүй ажиллаж байна. Сая чи ирж гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл заавал шүүхэд өг гэж утсаар хэрүүл маргаан хийгээд байсан учир арга буюу гэрлэлтээ цуцлуулахад хүрч байна.
Цаашид бид хамт амьдрах нь хүүхдүүдийн хүмүүжил, ёс зүйд сөргөөр нөлөөлж, бидний эрүүл мэнд, амь нас ч хохирч мэдэхээр байна. Хүүхдүүд маань охидууд учир ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн асуудлаар бид маргахгүй, бүх эд хөрөнгөө эхнэр, хүүхдүүддээ үлдээж байгаа учир тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцож байгаа. Бидний дундын эд хөрөнгийн хувьд Г. сумын Зүрх багийн төвд хашаа байшин, Г. сумын төвд хашаа байшин, 180 гаруй бог, 10 гаруй бод мал, Парадо 95 маркийн автомашин, дансан дахь 25 сая орчим төгрөг зэрэг байдаг ба энэ бүгдийг би эхнэр болон охиддоо үлдээсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Д.Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нөхөр Б.Б.н гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би нөхөр Б.Б.тэй 2004 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сард албан ёоор гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр том охин Б.Х., 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бага охин Б.А. нар төрсөн. Бидний хамтран амьдрах хугацааны эхний жилүүдэд бид ойлголцож байсан боловч 2018 оноос хойш манай нөхөр Б.Б. нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж эхэлсэн. Үүнээс хойш манай гэр бүл таарамжгүй харилцаатай болж гэр бүлд хэрүүл маргаан гарч, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөлх болсон. Би нөхөр болох Б.Б.г гэрээсээ хөөж туусан асуудал байхгүй. Өөрөө гэрээсээ яваад ирээгүй. Айл гэр үймүүлсэн гэж надад хамтран амьдарч байгаа хүүхний нөхөр утсаар ярьж байсан. Миний зүгээс тухайн үед өвчин зовлонтой байсан учраас гэрлэлт цуцлуулах талаар хэлж яриагүй. Гэвч би хүүхдүүдийнхээ цаашдын сурлага хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин Хөвсгөл аймгийн Г. сумын 2 дугаар багийн Хүйтэн булагт байрлах 48 метр квадрат үл хөдлөх хөрөнгийн Ү1705000.... дугаартай хашаа, байшинг би өөрийн нэр дээр шижлүүлж авна. Хэрэв шилжүүлж өгөхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргах болно. Мөн нэхэмжлэлд дурьдсан 180 гаруй бог, 10 гаруй бод гэж бичсэн байгаа нь худлаа. 2019 оны малын А дансаар бог 99, бод 7 гэж тоологдсон байгаа. Би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б. нь хариуцагч Д.Н.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 64 дүгээрт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Б., хариуцагч Д.Н. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр охин Б. Х..., 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Б.А. нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Б. нь охин Б.Х., Б.А. нарыг эх Д.Н. асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар зохигчид маргаагүй байна.
Охин Б.Х., Б.А. нарыг эх Д.Н.н асрамжинд үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Б., эх Д.Н. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан байх тул хариуцагч Д.Н.с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.д олголоо.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй тал шүүх шийдвэрийг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА