Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/78

 

   2024         01         25                                     2024/ШЦТ/78                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 23-нд Улаанбаатарт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, дүү нарын хамт ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ХХ00000 дугаарын регистртэй,

Ж овогт Б-ын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны орой ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр 00 дугаар хорооллын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсан үедээ хохирогч А.Л-г “эмэгтэй хүнд гар хүрлээ” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, биед нь халдаж хамар, таславчийн хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салтсын язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А-ийн Л “... 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед найз Б-той 10 дугаар хороололд байрлах “ХХХ” хотхоны гадаа уулзсан. Золбоогийн машинд ганц нэг пиво уусан. М эгчтэйгээ хамт бид 2 дээр ирж байна гэхээр нь Б-гийн хамт 10 дугаар хорооллын автобусны буудал дээр очсон. Тэгээд Б М бид 3 хоорондоо юм яриад байж байтал М-ийн эгч миний найз охиныг доромжилсон байдалтай яриад байхаар нь би М-ийн эгчийг нэг алгадсан. Тэгсэн Б над руу дайраад намайг цохих гээд байхаар нь би өөрийнхөө нүүрийг хоёр гараараа хамгаалаад газар суусан. Тэгэх үед Б хөлөөрөө миний нүүр рүү 7 удаа өшиглөсөн. Миний хамар гэмтсэн. Төрмөнх намайг зодсон асуудал байхгүй. Б-д гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болох 595.000 төгрөгийг нэхэмжилнэ” /хх-ийн 15-16, 25/ гэж,

гэрч Б-ийн Т “... Л ax Д эгчийг нэг удаа нүүр хэсэг рүү нь алгадсан. Миний дургүй хүрээд Л ах руу очиж байх хугацаанд Б ах Л ахын нүүр хэсэг рүү нь цохиод доошоо тонгойход нь нуруу, бөгс хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн” /хх-ийн 33-34/ гэж,

гэрч Б-ийн Д “... 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчим Л манай дүү Т руу хүрээд ир гээд согтуу залгаж ярьсан. 10 дугаар хорооллын автобусны буудал дээр очиход Б, Л 2 уутанд пиво хийсэн зогсож байсан. Л буугаад ир гэхээр нь би буугаад очсон. Л Б 2 хоорондоо маргаад байсан. Л-ийн найз охин А-ийн тухай яриад хоорондоо муудалцаад байсан. Хоорондоо зодолдоод би дундуур нь орсон чинь Л намайг алгадсан. Б Л-г дийлээд зодоод байсан. Цагдаа нар ирээд надаас гомдолтой юу гэхээр нь би гомдолгүй гэсэн. Би Л-д танай найз охин чинь ямар хар мөртэй лайтай юм бэ гэхэд юу гээд байгаа юм бэ гээд алгадсан” /хх-ийн 36-38/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ын Б “... 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр намайг гэртээ байхад Л манай байрны гадаа ирээд утсаар залгаад гараад ир гээд байхаар нь би гарсан. Л надаас уучлалт гуйх гэж ирсэн юм. Хоёулаа ярьж ойлголцъё гэж ирсэн. Би 20 цагийн үед гэрээсээ гараад Л-тэй уулзаад хүнсний дэлгүүрээс 8 пиво авч бид хоёр байрны гадаа уусан. Л Д, М хоёрыг дуудсан байсан. Д, М нар 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирсэн байна гэхээр нь Лхагвасүрэн бид хоёр автобусны буудал дээр очсон. Би шөнө пиво уучхаад гэр рүүгээ орлоо гэсэн чинь намайг байж бай гээд Лхагвасүрэн дахин пиво авч өгсөн. Бид хоёр хувааж уусан. Дэлгэрмөрөн, М хоёр пиво уугаагүй. Харин Лхагвасүрэн согтоод надад агсан тавьж эхэлсэн, “Л намайг чи бага байхдаа намайг дээрэлхдэг байсан” гэх мэт юм яриад намайг заамдаж авахаар нь би тавь гэж хэлсэн. Л тавихгүй байхаар нь би гараараа нүүр рүү нь хальт цохиж тавиулсан. Харин Л чи намайг цохилоо гээд орилсон. Д чи одоо өвчтэй юм уу гэж Лхагвасүрэнг хэлсэн чинь Л Д-ийн шанаан тус газар гараараа нэг цохиж авсан. М чи миний эгчийг яаж байна гээд Л-тэй барилцаад авсан. Би харж байгаад Л-г барьж аваад, нүүрэн тус газар 4 удаа алгадсан. Би Л-г барьж байгаад хамар руу нь гараараа нударч цохисон чинь хамраас нь цус гарсан” /хх-н 135-136/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... А.Л-ийн биед хамар, таславчийн хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр дарах, цохих, цохигдох механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 7835 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан нь /хх-н 41-42/ шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ж овогт Б-ын Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой:

Засаг даргын тодорхойлолт /хх-н 59/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 61/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 54/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч А.Л-ийн нэхэмжилсэн 595.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б бүрэн төлж барагдуулсан тул тэрээр бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Б-ын Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б хохирогч А.Л-д хохирлын мөнгө гэж 595.000 төгрөг нөхөн төлсөн болохыг, хохирогч А.Л цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ