Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00582

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00582

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: .............аймгийн ...............сумын .................багийн 5-21 тоотод оршин суух, Т.А-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00688/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Дарви суманд Т-ийн том охин болж 1969 онд төрсөн. Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1977 онд элсэн орж 1985 онд төгсөөд, 1985 онд Говь-Атай аймгийн анагаах ухааны дунд сургуульд элсэн ороод 1989 онд бага эмчээр төгссөн.

Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 1989 оны 7 дугаар сард Ховд аймгийн Цэцэг сумын хүн эмнэлэгт томилогдож ажиллаж байгаад 2005 онд Ховд аймгийн БОЭТ-ийн халдвартын тасгийн сувилагчаар ажиллаж байгаа.

Миний Ховд аймгийн Цэцэг суманд томилогдоод ажиллаж Ховд аймаг руу шилжихдээ хөдөлмөрийн дэвтэрт хаалт хийхдээ тамгагүй учраас шүүхэд хандах болсон. Одоо тэтгэвэрт гарах нас хүрсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Цэцэг сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эх баригч, бага эмч, ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

    

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Цэцэг сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эх баригч, бага эмч, ээлжийн сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.А нь Ховд аймгийн Цэцэг сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эх баригч, бага эмч, ээлжийн сувилагчаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1380 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Цэцэг сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай Ажилчдын 1994 оны цалингийн тогтоомж тушаалын хуулбар, Т.А-ийн 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн №305006 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Т.А-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн №1366 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Т-ийн ....Намайг 1990 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Цэцэг сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилд орж байхад Т.А нь тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Т.А нь 1994 онд намайг Ховд аймгийн Мөст сум руу шилжих үед Ховд аймгийн Цэцэг сумын хүн эмнэлэгт сувилагчаараа ажиллаад үлдсэн. Би Т.А-ийг хэзээ хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын хүн эмнэлэгт ажилласныг мэдэхгүй байна, ямарч байсан 1994 он хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын хүн эмнэлэгт хамт сувилагчаар ажилласан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-6, 7-30, 32, 49-50 дугаар тал/

Нэхэмжлэгч Т.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1600003871 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 31 дүгээр тал /

Хавтаст хэргийн 33, 34 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.С, Б.Т нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эх баригч, бага эмч, ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ