| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00605/и |
| Дугаар | 153/ШШ2020/00570 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00570
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00570 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга /9067434/-ын нэхэмжлэлтэй, ...........оршин суух, ..........овогт Б.Л-т холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 6,835,725 /зургаан сая найман зуун гучин таван мянга долоон зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00605/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Б.Л нь 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цөм сүрэг төслийн зориулалтаар 7,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй авсан. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 6,210,450 төгрөг, зээлийн хүү 416,850 төгрөг, ногдуулсан акт 208,425 төгрөг, нийт 6,835,725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Л нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийн зээлийг 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай авсан. Малын удмын санг сайжруулах зорилгоор зээл авсан. Мөнгөө аваад Ховд аймгийн Дарви сумын иргэн Улсын сайн малчин Ц гэдэг хүний хотноос мөн малчин Алтангэрэл гэдэг малын сууриас 74 ширхэг хурган төлөг худалдаж авчраад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг баг, Хонгио багийн малчдад төлөгөөр сольж зарсан. Төлөгөө авах болсон чинь малчид зуд болж байна гэж өгөлгүй явсаар 1 жил 8 сарын дараа цувуулаад тухайн үеийн ханшаар хямд авсан. Би бөөрний дутагдалд ороод жил гаран эмнэлэгээр яваад зээлээ төлж чадаагүй нь үнэн.
Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг даргатайгаа ярьж хэлэлцээд зарсан малынхаа мөнгөөр бетон кольцо 8 ширхэгийг худалдаж авч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Дунд голын Элсэн шанаа гэх гарамд гүүр хийгээд 8 кольцогоо аваачаад хийчихээд гүүрээ тавих гэтэл бие өвөөд явж байгаад саяханаас гайгүй болоод ирлээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын нэхэмжилсэн 6,835,725 /зургаан сая найман зуун гучин таван мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй иргэн Б.Л холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророор оролцож хариуцагчийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь Б.Л-т холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 6,835,725 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 6,835,725 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжид 124,322 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 124,322 төгрөгийн тал хувь болох 62,161 төгрөгийг хариуцагч Б.Л-оос гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Б.Л нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Б.Л-т холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 6,835,725 /зургаан сая найман зуун гучин таван мянга долоон зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага 6,835,725 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжид 124,322 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 124,322 төгрөгийн тал хувь болох 62,161/жаран хоёр мянга нэг зун жаран нэг/ төгрөгийг хариуцагч Б.Л-оос гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ