Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00584

 

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00584

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: .....аймгийн ......сумын .....багийн ....... айлын орон сууцны 1 тоотод оршин суух, М.Т-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00699/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгч М.Т нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1965 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. 1973-1983 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг 10 дугаар төгссөн. 1983-1984 он хүртэл Улаанбаатар хотын Хүнсний техникийн мэргэжлийн сургуулийг төгссөн.

Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт ажилчнаар ороод, 1995 онд үйлдвэр хувьчлагдаад ажлаас гарсан.

Манай Хүнсний үйлдвэрийг 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Буян ХК, 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Алтайн буянт ХК болгож тус тус нэрийг нь өөрчилсөн.

1984 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 65 тоот Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын тушаалаар тус үйлдвэрт нормчноор ажилд орж тасралтгүй 10 жил ажилласан.

Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч ажлаас гарсан тушаалыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ажилд орсон, гарсан тушаалын зарим нь олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Одоо тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Т нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1335 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1984 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаартай Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, М.Т-гийн 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №097447 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зургийн үзүүлэлтүүд, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 9/1339 дүгээр албан бичиг, М.Т-т 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч Д.О-ын ....М.Т нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг хамт төгсөөд Улаанбаатар хотод Хөнгөн хүнсний техник мэргэжлийн сургуульд талх, нарийн боовны мэргэжлээр суралцаж, 1984 онд төгссөн. 1984 оны 8 дугаар сард надтай хамт Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд нормчноор томилогдож байсан. Намайг 1996 онд ажлаасаа гарах үед М.Т нь нормчноор ажиллаад үлдсэн. Хэдэн онд ажлаасаа гарсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Д.Д-гийн ....М.Т нь намайг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн сүү чихрийн тасагт номчноор ажиллаж байх үед 1984 оны 8 дугаар сард тус Хүнсний үйлдвэрийн талхны цехэд нормчноор томилогдож ирж байсан. М.Т нь 1997 он хүртэл тус Хүнсний үйлдвэрт ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 7-30, 34, 35 40, 41 дүгээр тал/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч М.Т нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990- 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1600002993 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 31 дүгээр тал/ тогтоогдож байна.

М.Т нь 1990 оноос 2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч М.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Т-ийн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нормчноор, Ховд аймгийн Буян ХК-д 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ