Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 01805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01661/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т....... сумын ..... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РВ......, Х.....овогт Ц.Т. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.... сумын ... дүгээр баг, 11-09 тоотод оршин суух, регистрийн дугаар РЮ.., Х... овогт Б.П.д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ц.Т., хариуцагч Б.П. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Т. нь Б.П. 2017 онд танилцаж үерхэж байгаад 2018 оны 8 дугаар сарын 18-нд хүү П.А. төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Миний бие оюутан байсан тул Б.П. нь ажил хийж ирэн очин амьдарч байсан юм. 2020 оны 3 дугаар сараас хойш бидэн дээр ирэхээ больж холбоо огт барихаа больсон.

Иймд Б.П. миний хүү П.А. хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.П. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Би эхнэр Ц.Т. 2015 онд 10 жилийн сургуульд суралцаж байх үеэсээ танилцаж, үерхэн дотносож эхэлсэн. Ингээд бие биенийхээ гэрээр орж, хонож өнжиж явах хугацаанд эхнэр маань жирэмсэн болсон байсан бөгөөд бидний дундаас 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү П.А. мэндэлсэн. Иймд цаашид эхнэр, хүүхэдтэйгээ өрх тусгаарлан амьдрах шаардлага үүссэн учир эцэг, эхчүүд маань харилцан ярилцаж тохиролцоод тус онд монгол ёсоор хадаг тавин бэр гуйсан. Тухайн үед бид хоёрын харилцаа хэвийн үргэлжилж, хурим найраа хийх билэгт сайн өдөр хугацааг товлохоор хүлээж байсан. Хадаг тавьж, бэр гуйх болон хүүхдээ төрөх тухайн цаг хугацаануудад миний бие хугацаат цэргийн албан хаагч байсан. Тухайн цэргийн алба хаах хугацаанд эхнэр, хүүхэд хоёр маань Хөвсгөл аймгийн Мөрөн суманд манай аавын гэрт амьдарч, үр хүүхдээ миний эцэг эхийн оролцоо, тусламж дэмжлэгтэйгээр өсгөн бойжуулж байсан. Тэгээд халагдаж ирээд хань ижил, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг миний нуруун дээр ачаа болон ирснийг ойлгон ухамсарлаж байсан учир Говь-Алтай аймаг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, Улаанбаатар хот зэрэг газруудад барилгын болон монтерчин зэрэг аль болох цалин мөнгө ахиу олох ажлуудыг хайж хийж байсан. Энэ хугацаанд эхнэр, хүүхэд рүүгээ тогтмол мөнгө явуулж, шаардлагатай тохиолдолд ойр, ойрхон нутагтаа ирж, ахуйн зайлшгүй хэрэгцээг нь хангаж өгөөд явдаг байсан. Гэтэл эхнэр болох Ц.Т. нь намайг эзгүй хугацаанд нутгийн залуу болох н.Б. гэгчтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, намайг хуурч мэхлэж байгаа нь мэдэгдсэн. Миний хувьд сүүлд хөдөө гэрт нь цуг амьдарч байх хугацаандаа энэ талаар олж мэдээд түүнд энэ талаар хэлэхэд “чи буруу ойлгоод байна, энэ хүнтэй холбогдсон асуудал байхгүй, нэг голд өссөн багын найзууд” гээд миний үгийг хүлээж авахгүй байсан. Энэ шалтгааны улмаас эхнэр бид хоёрын хоорондын харилцаанд хүйтэн, хөндий уур амьсгал үүсч, улмаар тэрээр ээждээ миний талаар ам муу үг ярьж, түүнээс улбаалж хадам ээжтэйгээ үл ойлголцох сэжүүр болж эхэлсэн. Ингээд хэн хэндээ туньж гомдсоор хагас жилийн хугацааг үдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хань ижлээсээ уучлалт гуйн эвлэрэх гэж, мөн төрсөн үр хүүхэдтэйгээ уулзах хүсэлтийг удаа дараа Ц.Т. тавьсаар ирсэн. Гэтэл тэрээр энэ бүх хугацаанд намайг хүлээж авч, ойлгохыг огт хүсээгүй бөгөөд хадам ээж минь “чи манай хүргэн болох хүн биш, харилцааны соёлгүй, малд эв дүйгүй” гэх мэтээр хэлж намайг өөрсдөөсөө түлхсээр ирсэн. Би төрүүлсэн үр хүүхдийнхээ төлөө гэр бүлээ бүтэн авч үлдэхийн төлөө төдийгөөс өдий хүртэл тэвчин, хүлээж, итгэсээр ирсэн. Мөн энэ асуудалтай зэрэгцэн тэрээр нутаг усандаа цуг байх н.Баттулга гэх залуугийнхаа гэрээс хадаг тавиулж, бэр болохоор яригдаж байгааг нутгийн хүмүүсийн амнаас олж сонссон. Энэ бүхнээс шалтгаалан миний хувьд цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй болсон учир төрсөн үр хүүхдээ өөрийн асрамжид авах зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодох болсон.

Учир нь н.Б. гэгч нь миний хүүхдийн хойд эцэг болсон тохиолдолд архи согтууруулах ундааны хамаарал бүхий орчинд миний хүүхдийг амьдруулж, цаашид эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хүмүүжих бололцоог нь хааж, улмаар дагавар хүүхдийн шоовдор хатуу амьдрал хүлээж байна гэхээс өөрийн эрхгүй үр хүүхдээ өрөвдөх, хайрлах сэтгэл төрж байна. Мөн хадам ээж н.Н. нь эхнэр бид хоёрын амьдралд хөндлөнгөөс орж, эвдрэлцүүлсэн шигээ миний үр хүүхдийг нүднээс далд ад шоо үзэж, улмаар эцэггүй, хагас амьдралтай, хайр халамж дутуу нэгэн болгож өсгөх вий гэдэгт санаа зовж байна. Иймд энэ мэт амьдралын алс ухаангүй, төрсөн төрүүлсэн эцэг, хүү хоёрыг уулзуулахгүй амьдын зовлонд унагаж байгаа, хатуу ширүүн сэтгэлтэй хүмүүсийн гарт цаашид үр хүүхдийнхээ хувь заяаг даатгах надад дэндүү хайран байна. Энэ шалтгааны улмаас миний бие өөрийн төрсөн хүү болох П.А.г өөрийн асрамжинд авч, тэжээн тэтгэх хүсэлтэй байгаа болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

Хариуцагч Б.П.шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б... овогтой П... би Ц.Т. нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Би өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд би П.А. хүүхдийн тэтгэмжийг төлнө. Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхийг зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т. нь хариуцагч Б.П. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.П. нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 20.. оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Хэрэйд овогт П.А. төрүүлсэн болох нь П.А. төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд ирүүлсэн тайлбарууд зэргээр нэхэмжлэгч Ц.Т., хариуцагч Б.П нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү П.А. төрсөн, зохигчид төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул 20.. оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, хүү Х. овогт П.А.эцэг Б.П-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч Б.П. хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны шатанд хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт: “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ... гаргана...” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,

мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана.” гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П. 34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т. олгон, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар регистрийн дугаар РЮ..., 20... оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү Х... овогт П.А... 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.П-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.П.. нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 65 дугаар  зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.П-с  34.214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.П-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.САРАНТУЯА