| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00594/и |
| Дугаар | 153/ШШ2020/00571 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00571
| 2020 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00571 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, ХААН банкны -ын нэхэмжлэлтэй, ................. оршин суух Б.Б, Д.Х нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 22,058,899.73 /хорин хоёр сая тавин найман мянга найман зуун ерэн есэн төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00594/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч Б.Б, Д.Хнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ор шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Зээлдэгч Б.Б, Д.Х нар нь ХААН банкны Баатархайрхан тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/201944288102 тоот зээлийн гэрээ болон БГҮ201944288102 тоот барьцааны гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Залай алтай 2 дугаар 16 байрны 0 давхарын 3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Ховд аймгийн Жаргалант сумын эко хороололын 1-27 байрлах гэрийн эд хогшил болон Ховд аймгийн Цагаан морь зах дээрх бараа материал барьцаалж зээл авсан байна. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5,302,453.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,499,207.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 765.25 төгрөг, нийт 9,802,426.34 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 154 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Б.Б, Д.Х нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 19,697,546.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,357,029.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,323.22 төгрөг, нийт 22,058,799.73 төгрөгийг гаргуулахаар, зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө явж байгаад өчигдөр шөнө ирсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХААН банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг Баатарын Босгожаргал гэдэг манай ангийн залууд авч өгсөн. Б.Босгожаргал нь зээл авахуулахдаа эгчийнхээ байрыг барьцаанд тавиулж зээл авахуулсан. Яагаад гэхээр Б.Босгожаргал нь өөрөө банкинд зээлтэй учраас зээл гарах боломжгүй байсан. Тийм учраас миний нэр дээр банкнаас зээл авахуулсан. Тухайн зээлийг Б.Босгожаргал нь сар, сардаа төлж чадахгүй, намайг төлөөд явж бай гэхээр нь 10 сар төлсөн. Түүнээс хойш төлж чадахгүй болсон учраас банк дээр очоод зогсоолгосон....гэв.
Хариуцагч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Надад хэлэх юм алга гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б.Б Д.Х нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 22,058,899.73 /хорин хоёр сая төгрөг тавин найман мянга найман зуун ерэн есэн төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь ХААН банкны Ховд салбараас нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/201944288102 тоот зээлийн гэрээ болон БГҮ201944288102 тоот барьцааны гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Залай алтай 2 дугаар 16 байрны 0 давхарын 3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Ховд аймгийн Жаргалант сумын эко хороололын 1-27 байрлах гэрийн эд хогшил болон Ховд аймгийн Цагаан морь зах дээрх бараа материал барьцаалж зээл авсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/201944288102 тоот зээлийн гэрээ болон БГҮ201944288102 тоот барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-12 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олгох, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөх талаар талууд харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг болох зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөхгүй байсан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б.Б Д.Х нартай байгуулсан 2019 оны 1 сарын 23-ны өдрийн №ЗГ201944288102 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 19,697,546.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,357,029.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,323.22 төгрөг, нийт 22,058,799.73 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг болох 22,058,799,73 төгрөгийг төлөхгүй бол барьцаа хөрөнгө болох Чойжилын Нямцэцэгийн өмчлөлийн 52 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Чойжилын Нямцэцэг нь өөрийн өмчлөлийн 52 мкв бүхий Ховд аймгийн Жаргалант сумын 7-р баг, Магсаржав Залай алтай 2-р 16 айл байр, 0 давхрын 3 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавих, улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргах, лавлагаа авах, барьцаалбар үйлдэх эрхийг иргэн Б.Бд олгож 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгожээ. Энэхүү итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна. Иймд хариуцагч нар нь үүргээ биелүүлэхгүй бол зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 338,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/201944288102 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Б, Д. Х нараас 22,058,799.73 /хорин хоёр сая тавин найман мянга долоон зуун ерэн есэн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Чойжилын Нямцэцэгийн өмчлөлийн 52мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгах газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Д.Х нараас 338,445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ