| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01157/И/ |
| Дугаар | 01870 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 01870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01157/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М......сумын ... дугаар багийн ...... тоотод оршин суух, регистрийн дугаар РП........., Б... овогт Л.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ....., И.овогт Б.О-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А...., нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Э нь нөхөр Б.О-тай 2014 оны 11 дүгээр сарын 11-нд танилцаж амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин О.Е төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд бидний үзэл бодол таарахгүй байнгын хэрүүл маргаантай амьдрах болж, нөхөр Б.О нь хий хоосон хардаж, удаа дараа гар хүрэх болсон. Дээрх байдлаас болж хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлж цаашид хамт амьдрах боломжгүй болоод байна.
Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... тоотод байрлах хашаа байшин, Тоёота Приус-20 маркийн автомашин зэрэг эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхэддээ ногдох хувь 8.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдааны шатанд энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Бидэнд шүүхээс эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч би нэгэнт энэ хүнтэй эвлэрэх боломжгүй гэж үзсэн учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвх санаачлагатай оролцоогүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Е-г миний асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу эцэг Б.О.с тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.О нь эхнэр Л.Э-тэй 2014 оноос хойш үерхэж улмаар дотно харилцаатай болж хамтран амьдрах болсон. Амьдарч байх хугацаанд бидний дундаас охин Е... 20... оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд албан ёсоор 20... оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид гэр бүл болохдоо өөрийн төрсөн ах Б.Э гал голомт дээр өрх тусгаарлаж гарсан. Учир нь би өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй байсан тул ахаасаа хашаа байшинтай болтлоо таны байшинд амьдарч байя гээд ярилцаад хашаа байшинд нь амьдарч байсан. Энэ хашаа байшин ах Б.Э....өмчлөлөөс манай төрсөн эгч Б.Э-н өмчлөлд шилжигдсэн. Мөн би Өмнөговьд том тэрэг барьж байгаад ковид-19 өвчин гарсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй мөнгөний хэрэгтэй болоод нэхэмжлэлд дурдагдсан Тоёота пруис-20 маркийн авто машинаа би төрсөн эгч Б.Э. худалдсан. Одоо банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа. Машины төлбөрийг хамтын амьдралд хэрэглэсэн. Нэхэмжлэлд дурдсанаар би эхнэр Л.Э гар хүрч байгаагүй Л.Э сүүлийн үед зан ааш нь хувирч юм л бол би чамаас сална, хүүхдээ аваарай гэдэг. 2019 оны 4 сард охиноо орхиод 11 сар хүртэл хаяад явсан. Тухайн үед би ажилдаа явах болоод хадам аав Л-д хүүхдээ үлдээгээд явж байсан. Эхнэр маань маш ойлгомжгүй хүн. Заримдаа ойлгоод ч байгаа юм шиг заримдаа ойлгохгүй ч байгаа юм шиг. Шүүхээс өгсөн эвлэрэх 3 сарын хугацаанд би эхнэр хүүхдүүдээ Улаанбаатар хотод аваачаад амьдарч болохоор байсан. Энэ хүний ойлгомжгүй зангаас болоод чадаагүй. Эхнэр маань надтай гэр бүл болж ирэхдээ охинтойгоо ирсэн. Би тэр охиноо миний хүүхэд биш гэж ад үзэж байгаагүй. Хоёр охиноо адилхан л хайрлаж өсгөж ирсэн. Хоёр охин маань намайг хайрладаг. Би эхнэртэйгээ эвлэрэх гэж өөрийн зүгээс бүх л арга хэмжээ авсан. Гэвч эхнэр маань эвлэрэхгүй гээд байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, охин О.Е- тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Б.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 8.000.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 20... оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болж, 20... оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000... дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр зохигчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Л.Э., хариуцагч Б.О. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 20... оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Иххариад овогт О.Е. төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан ба нэхэмжлэгч Л.Э. нь охин О.Е.өөрийнхөө асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлага гаргахад, эцэг Б.О. нь хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар талууд маргаагүй байна.
Охин О.Е.г эх Л.Э.н асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.О., эх Л.Э. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...” гэж,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин О.Е. сар бүр эцэг Б.О.с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзаж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж,
мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “..., улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... шүүхийн шийдвэрт заана.” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Л.Э.н 8.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул нэхэмжлэгч Л.Э.с 142.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.О.с 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э. олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлэх хугацаанд хариуцагч Б.О., нэхэмжлэгч Л.Э. нарт шүүхээс эвлэрүүлэх 3 сарын хугацаа олгосон боловч зохигчид энэ хугацаанд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, эвлэрүүлэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РП., Б.овогт Л.Э., регистрийн дугаар РЭ...., И..овогт Б.О. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ..., 20... оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин И... овогт О.Е-г эх Л.Э-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ1..., 20... оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин И.... овогт О.Е-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.О-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э. нь 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Э-с 142.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.О-с 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА