Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 00591

 

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2020/00591

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: ...........хотын .............дүүргийн ....................хорооны ................ тоотод оршин суух, Б.Б-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00727/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Я нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1970 онд төрсөн. 1986 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад илгээлтийн эзнээр мал дээр гарч 1993 он хүртэл тасралтгүй мал малласан.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригад нь 1992 оны 02 дугаар сард Мөнх-Оргил ХК болон өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч Б.Б Оч нэгдлийг тартал малчнаар ажилласан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй.

Нэхэмжлэгч Б.Б нь 6 хүүхэдтэй. Нэг хүүхэд нь нас барсан. Одоо 5 хүүхэдтэй. Одоо тэтгэвэрт гарах гэтэл овгийн зөрчилтэй байна гээд ажилласан жилүүд нь тогтоогдохгүй байгаа.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.... Б.Б-ы нөхрийн нэрийг Түмэн-Өлзий гэдэг....Ц.Б, Б.Б, М.Б гэсэн гурван өөр овогтой байгаа. Ц гэдэг нь нэхэмжлэгч Б.Б-ы төрсөн ээж. Гэртээ байхад нь гарсан хүүхэд нь Булган юм. Б.Б-ыг төрсний дараа Балдаа гэдэг хүнтэй гэр бүл болсон. Сүүлд нэхэмжлэгч өвөө М-рээ овоглож байсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Я нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б-ыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1570 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадын 1986-1993 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Б-гийн ....Б.Б нь надтай 1978 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгссөн. Б.Б нь 8 дугаар төгсөөд шууд илгээлтээр гарч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчин болж, мал маллаж байсан. Б.Б нь манай сумын Т-Ө гэх бүтэн өнчин хүнтэй 1989 оноос эхлэн хамт амьдарч байгаад 1993 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байсан. Том хүүхэд нь 1989 онд төрсөн юм. Б.Б нь одоо 6 хүүхэд төрүүлсэн. Б.Б нь 1986 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Б-ийнхтай, 1987, 1988 онд өвөө, эмээгийнхээ хамт, 1989 оноос 1993 оны 6 дугаар сарыг дуустал нөхөр Т-Ө-тэйгээ хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд мал малласан. 1993 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь тарж, Мөнх-Оргил ХК болсон.... гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-ийн ....Намайг 1988 оны 6 дугаар сард намайг цэргээс халагдаж ирэхэд Б.Б нь өвөө, эмээгийнхээ хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байсан. 1989 оноос эхлэн Б.Б нь нөхөр Т-Ө-тэй хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1993 оны 6 дугаар сар хүртэл мал малласан....Б.Б нь нэгдэлд тасралтгүй мал малласан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-13, 36-38, 39-41 дүгээр тал/

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1570 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-ийн 1993 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт 3 дугаар сарыг дуустал цалин хөлс бичигдсэн байх бөгөөд Б.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Б.Б-ны Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж ажилласан жил тооцуулаагүй болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 19 дүгээр тал/

Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Б, М.Н нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ы Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ